8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: ТТ-н 49 хувийг 400 сая доллараар зарахгүй гэх мэдээллийг ЗГ-аас өгсөн

2016-12-26 17:45:00

МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө. Тус бүлэг Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, тус банкинд хийсэн шалгалтын дүн болон Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.  

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй Тавантолгойн төсөлтэй холбоотой мэдээллээр Засгийн газрын гишүүдээс мэдээлэл авлаа. Мөн Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо. Хөгжлийн банкны шалгалтын дүнтэй холбоотой 200 гаруй хуудас материалыг баасан гаригт Засгийн газраас манай бүлэгт нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Бид энэхүү материалтай танилцаад нууцын зэрэглэлтэй юм байна гэж үзсэн. Гэтэл уг материалыг  шууд чуулганы хуралдаанаар хэлэлцсэнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.  Аливаа материалыг нууцын зэрэглэлээс гаргахын тулд тусгай процетуртай байдаг. Тиймээс энэхүү асуудлыг нууцын зэрэглэлээс нь гаргах шаардлагыг тавьж байгаа. Түүнчлэн Хөгжлийн банкаар дамжин гарч байгаа төсөл хөтөлбөр хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгах ажлыг хэсгийг Н.Энхбаяр гишүүнээр ахлуулан байгуулсан. Үнэхээр Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүд өнөөдрийн мөрдөж байгаа хуулийнхаа хүрээнд хийгдсэ үү эсвэл Ардчилсан намыханы хэлээд байгаа шиг МАН-ын олон компаниуд төсөл хөтөлбөрүүдийг аваад замхарчихаад байгаа юм уу гэдгийг олон түмэнд ил тодоор гаргаж тавъя гэдэг дээр санал нэгдсэн. Ардчилсан намынхан томоохон төсөл хөтөлбөрийг МАН-ынхан авсан гэж ярьдаг. Гэтэл сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг сайд МАК-ын төсөл, Монполиментийн цементийн үйлдвэр дээр очиж тууз хайчлаад “Хөгжлийн банкнаас олгосон хамгийн үр ашигтай төслүүдийн нэг нь энэ боллоо” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү мэдээлэл үнэн байж уу, худал уу гэдгийг хуулийн хүрэээнд бид олон нийтэд ил гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тавантолгойн хувьд 49 хувийг 400 сая ам.доллараар зарах уу, төсөл хөтөлбөрийг бэлэн болгоод үзэглэх гээд байгаа юм уу гэдэг асуудлыг Засгийн газраас асууж тодруулсан. Харин Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын зүгээс Тавантолгойн төсөл зөвхөн эхлэлийн шатандаа л явж байна гэдэг хариултыг өглөө. Гадна дотны компаниуддаа саналаа өгчихсөн л байгаа юм байна лээ. Түүнээс биш 49 хувийг 400 сая доллараар зарах гээд байгаа зүйл огт байхгүй гэсэн. Эцсийн байдаар 66 хувь нь ММС, 34 хувь нь Засгийн газар, 49 хувь нь Шиньхуа байна гээд тохиролцоод гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Мөн 49/51 гэдэг бол зөвхөн Засгийн газрын түвшинд яригдаж байгаа нэг л хувилбар. Тавантолгой Оюутолгойн замаар ороод алга болчих юм байна гэдэг хардлагууд байгаа бол тийм биш юм. Учир нь Засгийн газраас бүх ажлыг хуулийн дагуу явуулна гэж хэлж байгаа. Монголд хамгийн үр ашигтай байх хувилбарыг сонгоод УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэж Засгийн газраас мэдэгдсэн. Түүнээс биш өөр хувилбар гаргаад бие даан шийдвэр гаргах хууль эрх зүйн орчин байхгүй. Бид ч тийм зарчмаар явуулахгүй" гэв. 

Мөн Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг Б.Жавхлан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн  хууль санаачлагч Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой гурван асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн намар Хөгжлийн банкинд хийгдсэн шалгалтын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Мөн Хөгжлийн банкнаас Засгийн газраар дамжуулан өргөн барьсан тогтоол бий. Тус тогтоолд Хөгжлийн банкны тэнцэлд байгаа Засгийн газартай шууд холбоотой өр авлагыг Засгийн газар руу шилжүүлэх, дүрмийн санг нэмэгдүүлэх  талаар тусгасан байгаа. Харин өнөөдөр бүлгийн хурлаар Хөгжлийн банкны тухай хуульд оруулах шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Энэ дарааллаар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Хөгжлийн банкны тухай хуульд оруулах шинэчилсэн найруулга нь


1. Төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг шинэчилсэн. 
2. Хараат бус бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосон. 
3 Үйл ажиллагааны хүрээг өргөжүүлсэн
4. компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан 
5. Хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон байна. Одоо хүчин төгөлдөр байгаа хууль нь алдаа, оноотой хуулийн цоорхойтой зүйлүүд байгаа. Хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүд ч шалгалтаар илэрч байгаа. Тэгэхээр хуулийг илүү сайжруулах, зохицуулагдаж амжаагүй үлдсэн цоорхойг сайн зассан. Цаг хугацааны хувьд хоёр он дамжаад УИХ-аар хууль маань хэлэлцэгдээд явах байх" гэлээ. 


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Тавантолгойтой холбоотой тогтоолын төслийг хэзээ өргөн мэдүүлэх вэ? Тодорхой хугацаа хэлнэ үү? 

- Засгийн газраас тогтоолын төслийг яг хэдийд өргөн барина гэсэн хугацаа хэлээгүй. Ер нь бол яриа хэлэлцээрүүд эхэлж хэлэлцэгдэж байна. Тийм болохоор сонин хэвлэлээр буруу, ташаа мэдээлэл өгөөд байгаа зүйлд зохих хариултыг өгөх ёстой байх. Монголын тал 51 хувиас доошгүй хувьд оролцоно. Засгийн газраас сая ярьсан санал болон өөрсдийн яриа хэлэлцээрийг бодолцож байгаа байх. Аль болох төслийг хөдөлгөхөд цаг хугацаа хожих ёстой. Шуурхай байх ёстой. Гэхдээ үр ашиг нь Монголын талд илүү өгөх ёстой.
 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment