8o
Улаанбаатар хот
mobile menu

Chuhal.mn Монгол Улсад болсон ОНЦЛОХ 15 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ байна

2016-12-27 09:04:00

  

2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Чухал.мн мэдээллийн сайт энэ цаг мөчид 2016 онд болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг эргэн сануулж байна. 2016 он бол монголчуудын хувьд АСЕМ-тай, олимптой, Эрдэнэт үйлдвэрийн талцалтай, шинэ УИХ бүрэлдсэн, Далай ламтай, нэгдэж чадсан түүхэнд тэмдэглэхээр он жил байлаа. Энэ онд улс төрийн амьдрал, спортын  салбарынхан  нэлээд дуулиан шуугиан дагууллаа. Ингээд 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ-тай танилцана уу.


Монголчууд АН, МАН-д үнэлэлт дүгнэлт өгч сонголтоо хийв 


Өнгөрч буй 2016 он онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. АСЕМ-тай, Олимптой, наадамтай, С.Зоригийн хэргийн шүүх хуралтай онцлох үйл явдлаар дүүрэн 2016 оныг үдэж байна. Энэ жилийн хувьд дөрвөн жилд нэг тохиодог 2016 оны УИХ-ын сонгууль боллоо. Сонгууль өнгөрсөн зургадугаар сард болж МАН-ынхан  65 суудал үнэмлэхүй ялалт байгуулсан. Нийт 65 тойрогт буюу үнэмлэхүй ялалт байгуулсан  МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн дүн гарсан тэр даруй “Энэ их итгэл найдварын ард талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна” гэж мэдэгдсэн бол есөн суудал авсан АН-ын дарга З.Энхболд “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Монголын ард түмнийг сонголтыг хүндэтгэж байна” гэснээр Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгууль өндөрлөсөн юм. Бүх шатанд ялалт байгуулсан МАН-д хүндхэн үед улс орныг удирдах амаргүй үүрэг оногдлоо. 


"Аварга шиг барилд. Монгол шиг тэмц" 


Хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг болсон зуны олимпийн 31 дэх удаагийн “Рио-2016” наадам Бразилийн  Рио-Де-Жанейро хотноо  болсон нь энэ зуны хамгийн онцлох үйл явдлын нэг байсан юм.  Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй манай бөх Д.Сумьяа  татамид гарч зодоглож олимпийн наадмын мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг бахдам амжилтаар хагалж Монгол түмнээ баярлууллаа. Мөн 60 кг-д Д.Отгондалай тулалдаж хүрэл медалийн эзэн болсон юм. Харин дэлхийд чансаагаараа дээгүүр эрэмбэлэгдэж олимпийн наадмаас медаль хүртэх тамирчнаар нэрлэгдэж байсан Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалиас атгаад алдсан юм. Учир нь барилдааны явцад өрсөлдөгч нь ухаангүй дайрч манай бөх хамгаалсаар барилдааны хугацаа дууссан. Гэтэл шүүгчид манай бөхийг зугтаасан гэж 1 оноогоор торгож, дасгалжуулагчид челленж шидэхэд бичлэгийг үзээд, Узбекийн бөхөд 1 оноо нэмж өгснөөр манай бөхийг 7:8 оноогоор ялагдуулж, хүрэл медалийн үзүүрээс атгаад алдав. Уг шүүлтийг  эсэргүйцэж дасгалжуулагчид дэмжээн дээр нүцгэлж бухимдлаа илэрхийлсэн юм. Монгол дасгалжуулагчдын тэмцэл энэ оны спортын ертөцийн хамгийн дуулиантай үйл явдлын нэг байлаа.   Үүний дараа АНУ-ын Нью-Йорк хотын "Wrestleology" компани нэгэн шинэ брэнд гаргасан бөгөөд "Аварга шиг барилд. Монгол шиг тэмц" футболк худалдаанд гарсан нь бас л онцлох үйл явдлуудын нэг байв. 


АСЕМ–аар дамжуулан Монголыг дурандав


Манай улсыг олон улсын анхаарлын төв яах арга оруулсан зүйл бол АСЕМ юм. Манай улс  анх удаа Ази Европын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай  зохион байгууллаа. Энэ уулзалтанд 20 мянган хүн оролцож,  арын албанд 9000 орчим хүн ажиллаж 1100 орчим сайн дурынхан ажилласан нь оны онцлох үйл явдал.  Энэхүү том арга хэмжээг сурвалжлахаар гадны 670 сэтгүүлч ирснээр дэлхийд Монгол улсыг сурталчилах томоохон боломж тохиосон юм. Ингэснээр Монгол улсын дэлхий нийтийн анхаарлыг татаж,  дэлхий дахинд таниулсан үйл явдал боллоо. 11 дэх удаагийн чуулга уулзалтад 51 улсын төрийн тэргүүн, 23 улсын ерөнхий сайд болон Шадар сайд, 17 улсын засгийн газрын гишүүн болон тусгай элч оролцож дэлхийн тавцанаа Монгол улсын нэр хүндийг өргөсөн үйл явдал байв.


Дуулиан шуугиан дагуулсан Далай ламын айлчлал


Дээрхийн гэгээнтэн 14-р далай ламыг Монголд ес дэх удаагаа айчлсан нь манай улс төдийгүй олон улс тэр дундаа урд хөршийн хувьд онцлох үйл явдал байлаа. Далай ламыг ирсэн өдрөөс эхлэн  урд хөрш манай улсад үзүүлж байгаа хоригоо чангатгаж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж гадны хэвлэлүүдээр ч нийтлэгдэж эхэлсэн. Гандантэгчилэн хийдийн зүгээс айлчлалыг улс төрийн ямар ч зорилгогүй гэж мэдэгдсэн ч шарын шашны тэргүүний айлчлалыг урд хөрш өөрөөр үзсэн юм. Түвдийн Буддын шашны удирдагч Далай ламтай гадаад орнуудын удирдагчид уулзахыг далайд гарцгүй Монгол улсын өмнөд хөрш болох Хятад улсын эрх баригчид эсэргүүцсээр ирсэн.  Учир нь тэд далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг учраас ийнхүү буруутгасаар ирсэн юм. 1979 оноос хойш манай улсад найман удаа айлчилаад байгаа Далай багш энэ удаад ч сүсэгтэн олонтойгоо уулзаж номын дуу сонсгосноор нутаг буцсан юм. Мөн энэ үеэр X богдыг тодруулж түүний талаар “X богд тодорсон. Одоохондоо нас нь бага, балчир учир олон нийтэд зарлах болоогүй” хэмээв. Ийнхүү Далай ламын айлчлалын шуугиан урьд өмнөх айлчлалаас  ч илүү асуудал дагуулсан жил байлаа. 


18 жилийн дараа С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал болов


Энэ оны онцлох үйл явдлуудын нэгээр яах аргагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг  нэрлэж байна. 18 жилийн дараа анхан шатны шүүх хурал нь эхэлж нэр бүхий гэрчүүд гарч ирснээр олныг анхаарлыг улам татсан юм. Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарын 3 хүнд холбогдох хэргийг хүн бүхэн амьсгаа даран хүлээж шүүх бүрэлдэхүүний гаргах шийдвэрийг нийгэм тэр аяараа хүлээж байна.  Олон жил хав дарагдсан хэргийн анхан шатны шүүх хурал эхэлж өндөр хамгаалалт, хэвлэл мэдээлллийнхнээс ангид хаалттай тав дахь өдрөө хуралдаж  байна.  Шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л.


МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтдаа тайзнаа 


2016 онд олон олон онцлог үйл явдал болсоны нэг нь МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” тоглолт байлаа. Ард түмний хайртай гавъяатууд 13 жилийн дараа хамтран тоглолт хийж фенүүдээ баярлууллаа. Тус тоглолт нь цас зудтай байгаа аймгуудын малчдад туслах зорилготой байсан бөгөөд үзэгчид нэмнээ, өвс, лаа чүдэнз зэрэг малчдад хэрэгтэй гэсэн болгоныг авч ирэн хандив өргөсөн нь энэ оны онцлох үйл явдлуудын тоонд зүй ёсоор багтаж байна. Нэмэлт мэдээлэл дуулгахад эрхэм гавъяатуудын тоглолт болсоны дараагаар аймаг аймаг руу тусламжийн өвч явуулсан бөгөөд зарим аймагт тус  өвсийг зарсан хэрэг гарсан. Тодуулбал, Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ынхан хандивын уг өвсийг худалдан борлуулж, зарж нэлээдгүй ашиг олсон. Ачаатай өвс очсон даруй Улаангом сумын ЗДТГ-ынхан нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг зургаан мянган төгрөгөөр зарсан ноцтой хэрэг гарч нэлээд дуулиан дагуулсан. 


АСЕМ-ын зочдыг "гайхшруулсан" Ерөнхийлөгчийн гоёл


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил төрийн тэргүүний албыг хашихдаа Ази-Европын хамтын ажиллагааны байгууллагуудын АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийж чадсан нь түүнийг карьерийнхээ хамгийн оргил амжилтуудыг гаргахад хүргэлээ. Уг дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр   Чингисийн хүрээнд бэсрэг наадам зохион байгуулж, 51 орны төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд, хэвлэлийнхэн оролцсон томоохон арга хэмжээ болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүрэн улаан өнгөтэй үндэсний дээл, хувцсаараа гоёсон нь тэнд хуран чуулсан зочид төлөөлөгчдийн харааг булааж зарим орны төрийн тэргүүнүүд дээлийг барьж хүртэл үзсэн.  Ерөнхийлөгчийг гоёлыг гайхан биширсэн зарим зочид гар утсаараа хүртэл гэрэл зургийг нь дарж байгаа харагдсан шүү.


Аваргууд ард түмнээсээ уучлалт гуйв


Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаан нэлээд дуулиан шуугиан дагуулсан. Энэхүү үйл явдлын дараахан МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйсан. Өмнө нь ард түмний хайртай аваргууд ард түмнээсээ толгой бөхийн уучлалт гуйж байгаагүй билээ. Их аварга Д.Дагвадорж хэлэхдээ  "Та бүхэндээ удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Дөрвөн жилд нэг болдог энэ тэмцээнийг Чөлөөт Бөхийн Холбоо их хүлээж байсан. Монголын ард түмэн ч мөн хүлээж байсан. Гэвч Монголын Чөлөөт Бөхийн Холбоо амлалт, амжилтандаа хүрсэнгүй ээ. Тийм учраас миний бие МЧБХ-г удирдаж, удирдах зөвлөлийн хүмүүстэй хамтран монголын ард түмнээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн уучлаарай" хэмээн хэлсэн. 


 Монголд ирсэн Их Британийн уулчинг дээрэмдэж, амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа


Энэ онд онцолж тэмдэглэмээр олон баяртай үйл явдал тохиосон. Сайны хажуугаар саар гэгчээр сэтгэл эмзэглүүлмээр үйл явдлууд ч мөн гарлаа. Түүний нэг нь Монголд ирсэн Их Британийн уулчинг дээрэмдэж, амийг нь хөнөөсөн хэрэг байлаа. Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Стив найзынханаа хамт  10 жилийн өмнө парапланаар нисэхээр Монголд ирж байсан ч цаг агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалж төд удалгүй нутаг буцаж байжээ. Харин энэ удаа хамтрагчид 10 жилийн өмнөх зорилгоо биелүүлэхээр илүү сайн бэлтгэж, цаг агаарын хувьд таатай байх нөхцөлийг харж, наймдугаар сард ирээд байжээ. Тэд нийслэл Улаанбаатараас баруун тийш 400 километрын зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байж. Түүнийг  Архангай аймгийн харъат иргэн үйлдсэн нь тодорхой болсон. 


 Топгүй “Гоёл” наадам


Загварын ертөнцийн хамгийн томд тооцогддог “Гоёл” наадам болж өнгөрсөн. Монголын дизайнеруудын холбооноос санаачлан зохион байгуулдаг 29 дэх удаагийн наадамд  хувцас, загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага оролцож, үндэсний хувцас, үслэг эдлэл, спорт, өдөр тутмын, гоёлын даашинз, дотуур хувцасны төрлөөр өрсөлдөв. Гэвч энэ удаагийн “Гоёл” наадам шинэ топоо шалгаруулсангүй. Учир нь “Топ модель болох хэмжээний загвар өмсөгч одоохондоо байхгүй байна” хэмээн зохион байгуулагчид дүгнэсэн.


47 градус хүрч, сүүлийн 10 жил болоогүй цочир хүйтэрлээ 


Өнгөрсөн сард манай улсад сүүлийн 10 жил болж тохиогоогүй онцгой хүйтрэлт боллоо. Хойд туйлын хүйтэн агаар манай улсад орж ирж нэлээдгүй хэдэн хоног хүйтэрсэн. Тус өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдсэн билээ. 


Эрдэнэт үйлдвэр 100 хувь манай улсад шилжив


2016 онд тохиосон олон онцлох үйл явдлуудын нэг нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь манай улсад шилжсэн үйл явдал байлаа. ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс" компани эзэмшихээр болсон. Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр  зохицуулагдддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо манай улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болсон. Үүнийг дагаад Эрдэнэт үйлдвэртэй холбоотой улс төржилт явагдаж, улс төрийн хэрүүл өнөөдрийг хүртэл намжаагүй байна. 


Архинаас болж 4 сайхан залуугийн алтан амь эрсдэв


Ололт, амжилттай үйл явдал дүүрэн жил өнгөрч байгаа хэдий олны дунд хариуцлага, аливаа зүйлд хайхрамжгүй ханддаг зан юунд хүргэдгийг харуулах нэг хэрэг гарсан нь оны онцлох үйл явдлыг нэг яахын аргагүй мөн билээ. Тодруулбал Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордож ийнхүү 4 сайхан залуу амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.  Нийт 23 хүн хордож, дөрвөн хүн нас барж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтанд, долоон хүн гэртээ эмчийн хяналтанд орж эмчлүүлсэн нь 2016 оны томоохон сургамж байлаа.


А.Баярцэцэгийн бахдам амжилт 


Дэлхийн гоо сайхны олимп зохион байгуулагдаж А.Баярцэцэг амжилттай оролцсон нь оны онцлох үйл явдал байлаа. Тодруулбал АНУ-ын Вашингтон хотноо болж өндөрлөсөн “Дэлхийн мисс-2016” тэмцээнд мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлж оролцсон бөгөөд шилдэг 11-т орж,  үзэгчдийн таашаалд нийцсэн миссээр шалгарсан юм. А.Баярцэцэг Монголын миссүүдээс 11-т шалгарсан амжилт үзүүлээд байгаа нь хамгийн өндөр бөгөөд бахдам амжилт. Ийнхүү 120 орны гоо бүсгүй өрсөлдөж манай улсын мисс авъяас чадвар, гоо үзэсгэлэн, ухаанаараа бусдаас ялгарч тодорч чадсан жил байлаа. Мөн Монголын миссийн төлөө  ард түмэн саналаа өгөх сошиал давлагаа энэ жилийн онцлох нь болж чадсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment