УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшиж буй Б.Амгаланбаатар болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" хэмээн асуулт асуухад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээн хариулт өглөө.
Ингээр Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Б.Амгаланбаатарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор танилцсан талаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр хариу өгдөг байна.