8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд

2016-12-28 16:17:00

 

Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -Шинэ он гараад Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг Сангийн яамнаас анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотой үнэн зөв мэдээллийг шинэ оноос өмнө өгөх гэж байна. Ялангуяа НӨАТ-ын буцаан олголттой холбоотой ташаа мэдээллүүд их гарч байна. Тийм учраас НӨАТ-ын буцаан олголтыг цагт нь олгоход ард иргэдийн үнэн зөв мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Зах зээл дээрх борлуулалтын мэдээллийг иргэд буюу худалдан авагчаар дамжуулж, бүртгэснээр татварын ногдлыг бүрэн зөв тодорхойлж, далд эдийн засгийг бууруулах зорилготойгоор 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ онд нийт 18 удаагийн НӨАТ-ын урамшууллыг зохион байгуулахад өөрийн мэдээллээ буруу баталгаажуулах тохиолдол их гарсан. Нэгдсэн системд бүртгүүлэх ёстой овог нэр, дансны дугаар, банкны нэр, регистерийн дугаар бүртгэлийг буруу бичиж байна. Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна

Нэгдүгээр сарын 5-наас өмнө бүх баримтаа бүртгүүлээрэй

Гааль, татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга: -Иргэд “Буцаан олголтоо баталгаажсан эсэхээ яаж мэдэх вэ?” гэж манай төвд их хандаж байна. Тэгэхээр та холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст нэвтэрч нууц үг, паспортоороо буцаан олголтын хэсгээ баталгаажуулах ёстой. Он гарсны дараа 2016, 2017 он гэсэн хоёр цонхтой болно. Жишээ нь 2017 оны цонхонд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр иргэд маань 2016 онб бүх баримтыг 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс хойш 2017 оны цонхонд бүртгэл хийж эхлэх болно. Тиймээс энэ хугацаандаа амжиж, холбогдох мэдээллүүдээ үнэн зөв баталгаажуулах хэрэгтэй байна.

www.ebarimt.mn цахим хуудас руу нэвтэрч, холбогдох мэдээллээ баталгаажуулахдаа крилл үсгээр бөглөх шаардлагатай. Мөн Тээвэр хөгжлийн банкны гүйлгээний данс төрийн сангаас дамжих боломжгүйг сануулж байна. Иргэд ихэвчлэн банкны дансны дугаараа картны дугаартай их андуурч байгааг дахин хэлье гэв.

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах зүйлс:

Гол нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатайг албаныхан сануулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 895, 873 иргэн 32 гаруй тэрбум төгрөгийн татвараа буцаан авахаар бүртгэлийн системд бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар 20 хүртэл хувийн буцаан авалтыг авах эрх үүссэн 618 862 хүн 32.088.791.722 төгрөгийг авахаар байгаа аж.

2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохирлоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.

НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахад тавигдах шаардлагууд:

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх

  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх

  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх. /Иргэд 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл