8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Засгийн газар шинэ жилийн баяр далимдуулж Тавантолгойг гэнэдүүлчих гээд байна

2016-12-28 16:25:00

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар шинэ жилийн баяр далимдуулж Тавантолгойг гэнэдүүлчих гээд байгаа учраас мэдээлэл хийж байна. Би энэхүү мэдээллээрээ Ардчилсан намын байр, суурийг илэрхийлэх болно. УИХ-ын гишүүд Тавантолгойн гэрээг хэлэлцэхээсээ өмнө дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 90 хуудас дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн төсөл яагаад УИХ-ын босго даваагүй гэдгийг дүгнэлтэд тодорхой бичсэн.Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаасаа ч дор хувилбар оруулж ирэх гэж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ. Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа 40 гишүүн гарын үсгээ зурсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гишүүдийн өргөн барьсан тэр хувилбар бол Засгийн газрынхаас хамаагүй илүү төсөл байсан. Гэвч сонгууль дөхсөн учраас хэлэлцэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Энэ төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч Монгол ард түмний эрх ашгийг тусгасан байгаа. Энэ удаагийн УИХ тус хуулийн төслийг хэлэлцэх бүрэн боломжтой. Тавантолгой бол ард түмний өмч. Тийм учраас уг ордыг ашиглахдаа ард түмнээс асуух ёстой. Хэрвээ асуухгүй бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тавантолгойг хувьдаа авах зорилготой МCS компани маш буруу мэдээллийг олон нийтэд түгээж ирсэн. Энэ удаа ч мөн дайралт хийх гэж байна. Компанийн тухай хуулиар компанийн эзнээс заавал асууж байж хувийг нь зарах ёстой. Гэтэл миний хувьцааг надаас асуухгүй зарах гээд байна. Ингээд хэдэн жилийн дараа иргэд “Миний хувьцаа яасан бэ” гээд асуух үед "Шиньхуад зарчихсаан" гэж хариулах гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээг төрийн байгууллагууд дүгнэж албан ёсоор саналаа ирүүлж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигчдийн хурал хийнэ” гэж дүгнэсэн. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байсан. Мөн “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ гэрээнд заасан хувилбараар шийдэх нь буруу” гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тухайн үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байлаа. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг, М.Энхсайхан хоёр үүнээс зөрж бантан шиг гэрээ оруулж ирсэн. Тавантолгойг шууд зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух ёстой. Асуухгүйгээр шийдэх юм бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч З.Энхболд миний бие шүүхэд хандах болно гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлье. Шүүх дээр би ялна. Яагаад гэвэл, би хувьцаа эзэмшигч" гэлээ.

Мөн тэрбээр “М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын хийх гэж байсан гэрээ олон хууль зөрчсөн учраас УИХ-ын босгыг даваагүй гэж хэлэв.

Тавантолгойн 49 хувийг 400 саяар зарах гээд байна. Гэтэл энэ мөнгө Тавантолгойн 1 хувьд ч хүрэхгүй” гэлээ. Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтгүй 10, 20 сая тонн нүүрс гаргаж болж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай зүйл нь төмөр зам байгаа юм. Төмөр зам дээр хөрөнгө оруулалт авах ёстой гэж тэрбээр мөн хэлэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ардчилсан нам олонх байхдаа уг асуудлаа шийдээд явах бололцоотой байсан. Гэтэл та бүхэн боломжийг алдсан?

-Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч өрөө төлчих зорилготой MCS компанийн төлөөлөл олон байсан. Жишээ нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар байна. 40 гишүүний санаачилсан Тавантолгойн гэрээний ашигтай хувилбарыг Ардчилсан нам болон Ардын нам дотор эсэргүүцэгчид олон байсан учраас явуулж чадаагүй юм. Одоо энэ УИХ-д 40 гишүүний боловсруулсан хувилбарыг хэлэлцэх боломжтой. Таалагдахгүй өөрсдөө өөр хувилбар оруулаад ир гэж байгаа юм. Ардын намын бүлэг дээр Тавантолгойн төслийг хэлэлцсэн. Ардын намын бүлгийн гишүүд над руу яриад “Хуучин хувилбараас дордуулсан хувилбарыг оруулаад ирлээ. Бид бүлгийн хурал дээр яриад Засгийн газар руу буцаачихлаа. Эсэргүүцсэн гишүүд олон байгаа юм байна. Хоёр хувилбартай төсөл оруулж ир. Шинэ жилийн дараа хэлэлцье гэж ярьсан” гэсэн. Хуучин гишүүд над руу яриад байгаа. Шинэ гишүүд бол Тавантолгойн гэрээг харьцуулж мэдэхгүй шүү дээ.

-Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна гэж та сая хэллээ. Яг ямар баримтанд үндэслэн та ингэж хэлэв?

-Би хэвлэлийн мэдээлэлд үндэслэж байгаа. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлага байгаа. Энэ бүх зүйлийг нуугаад байгаа учраас хэвлэлийн мэдээлэлд үндэслэж ярихаас өөр аргагүй болчихоод байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой. Гэрээг нууцлаад бидэнд өгдөггүй байлаа. Монголын байгалийн баялагийг хувьчлах гэж байгаа бол бүх зүйл ил тод байх ёстой. Гэрээн дээрх нууцын тэмдэгүүдийг бүгдийг нь би авахуулсан. Учир нь миний, чиний хөрөнгийг зарах гэж байна. Хонио 10 мянга эвсэл 100 мянгын алинаар нь зарах гэж байгааг бид мэдэх эрхтэй. Сая Шиньхуатай уулзсан хэлэлцээрийн ширээний ард Д.Оюунхорол, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар суучихсан байсан. Нөгөө талд нь Шиньхуа компанийн хэддүгээр захирал нь юм бүү мэд, ямартай ч тус компанийн шийдвэр гаргадаг эхний хүмүүс нь биш байна лээ. Шиньхуа компанийнхантай хэлэлцээр хийх гэж байгаа бол манай Эрдэнэс Тавантолгой зиндаагаараа таарах ёстой. Манай сайд нар Хятадын сайд нартай хэлэлцээр хийх ёстой. Сайд нар нь юугаа ч мэдэхгүй байж хэлэлцээр хийнэ гээд наймаа яриад сууж байна. Энэ өөрөө төрийн албаны хуулиар хориотой. Харгалзах түвшиндээ харьцахгүй болохоор нөгөө тал нь гайхаад байна. Бид нар нүүрс авах гэж ирсэн чинь сайд нар нь уулзаад байна гэж

-Таны өнөөдрийн мэдээллийг хувийн эрх ашигтай тань холбох хүмүүс гарч магадгүй. Тавантолгойд үйл ажиллагаагаа явуулж байсан “Хишиг Арвин” гээд компанитай таныг холбоотой гэх мэдээлэл байдаг. Энэ үнэн юм уу?

-“Хишиг Арвин” компанитай ямар ч холбоогүй. Холбоотой гэж бичиж байгаа MCS компанийн хөлсний хэдэн бичээчийг бүгдийг нь би шүүхэд өгөх гэж байгаа.

-Тавантолгойн асуудлыг олонхиороо шийдчих юм биш биз дээ?

-Олонхиороо шийдэж болно. Гэхдээ энэ хүмүүс сонгогчидтойгоо уулзана. Тэр үед сонгогчид нь “Миний хувьцааг яасан бэ” гээд асуухад “Шиньхуа гуйгаад байхаар нь зарчихсан юм аа” гэж хэлж болохгүй шүү дээ.

-С.Зориг агсны хэргийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Би С.Оюуны цаасаар гаргасан мэдэгдлийг харсан. Шүүхийг бид шүүж болохгүй юм. Шүүхийн буруу, зөрүүг шүүх шүүдэг хуультай. Тэр хуулиараа явсан дээр байх. Шүүх хурал нь хаалттай болсон. Шүүх хурал нь нээлттэй болоод нотлох баримтад ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөх бололцоо гарсан бол тэр тухай ярьж болно. Эргэлзээ байгаа бол давж заалдах шаттай. Тэр нь таалагдахгүй бол хянуулдаг. Анхан шатны шүүх алдаа гаргаж болно. Түүнийг нь хянадаг. Хэрэг хийсэн хүн хийгээгүй гэж хэлдэг. Хийсэн гэдгийг гарцаагүй нотлох баримтаар нотолдог мөрдөн байцаагч, прокурор байна. Энэ бүх систем учрыг нь олох байлгүй дээ. Энэ гэмт хэрэг шүүхээр орсон учраас ил болох учиртай. Нууж хаасан юм болгон хардлага дагуулдаг. Тэгэхээр ил болох ёстой.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Одоогоор тавантолгой орд өдөр бүр хоёр сая долларын үнэ бүхий нүүрсийг урагшаа хятад руу гаргаж зарж байгаа. Тиймээс хоёрхон сар хүлээчихвэл тавантолгой монголд 100% ашгаа өгч эхэлнэ.
2016/12/31 202.9.40.61
эрка
Энхболд одоо битгий гонгиноод бай.
2016/12/29 122.201.31.33
Bold
Ugaasaa ue ueiin ih hurluud bayariin udruudiig dalimduulj chuhal shiidveruudiig gargadag ulamjlaltai l yum bna.Teriigee l sain meddeg hunii huvid yarij bh shig bna.
2016/12/29 202.9.40.104
Hi
Bayar naadmaar xudlaa geree xiij, ulsaa xudalddag chini AN s garaltai shde
2016/12/28 77.119.128.181
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/12/28 139.5.219.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment