8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн амын өсөлт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

2016-12-28 16:50:44

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “3 хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ."  гэж заасан.

Иймд хүн амын өсөлтийг дэмжих, 3 хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон  олон хүүхэдтэй  өрхийг дэмжих  зорилгоор “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд дараах зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Тодруулбал:

  • 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;
  • эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;
  • 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгох;
  • 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т улирал бүр тэтгэмж олгох зэрэг багтаад байна.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд жилд нийт 72.4 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо судалгаа гарчээ. Хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Үүнээс гадна хуулийг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах аж.

2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт 2.1 хувьтай байгаа бөгөөд хүн амын жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь хүн амын цонх үетэй холбоотой бөгөөд харин цаашид аажим буурсаар 2025 онд 0.99 хувь болох ажээ. Иймд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурах үед төрөөс хэчнээн төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүн бага байх болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанд дурдсанаар нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, харин хүүхэдтэй өрх нийт 531,1 мянга байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон, ганц бие эх/эцэг/-тэй өрх эзэлдэг. 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Дашрамд дурдахад уг хуулийн төсөл нь  хавтайрсан халамжийн бодлогын нэг биш бөгөөд хүн амын өсөлтөө дэмжих, өнөөдрөөс 20 жилийн дараах хүн амын насжилтын нөхцөл байдлыг урдчилсан харсан маш чухал бодлого юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл