8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тогтолцооны бус зохион байгуулалтын өөрчлөлт оруулна

2017-01-02 15:07:00

УИХ дахь МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын нэр бүхий гишүүдээс оны өмнө өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Ингэхдээ СЕХ-ноос ирүүлсэн санал зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналыг тусгажээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Хуулийн төслийг санаачилж өргөн барьсан гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулга хийлээ. УИХ, орон нутгийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан. Бүх сонгуулийг зохион байгуулалтын хувьд нэг хуулиар явуулахаар өмнөх УИХ-аас шийдвэрлэсэн. МАН-ын бүлгийн хувьд гурван өөр үйл ажиллагааны зарчимтай сонгууль учраас тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Өнгөрсөн сонгуулийн дараа СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд “Бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахад төвөгтэй зүйл их байна. Тиймээс өмнөхийн адил тус тусад нь хуулиар зохицуулах нь зөв” гэсэн санал тавьж, хуулийн төсөлд оруулах саналуудаа ирүүлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг 2013 онд зохион байгуулсан хуульд үндэслэн явуулахаар санал ирүүлсэн юм. СЕХ ийм санал ирүүлэх эрхтэй. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж байнгын хороо шийдсэн. Энэ хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо, шалгуур үзүүлэлтийн хувьд зарчмын өөрчлөлт орохгүй. Харин зохион байгуулалт, процедурын өөрчлөлт орно. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 15-наас хэтрүүлэхгүй батлах зорилго тавин УИХ-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараахи хариултыг өглөө.

-СЕХ-ноос ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлах зайлшгүй бодит нөхцөлийг ямар үндэслэлээр гаргаж тавьсан юм бол?

-СЕХ-ноос саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрд нь өөрийнх нь хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой байна гэсэн үндэслэлээр бидэнд тухайлсан заалтуудыг нэрлэж ирүүлсэн. Хэрэглэхэд тохиромжгүй,ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. Түүнээс биш  сонгуулийн тухай хуулинд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай биш гэж үзсэн. Сонгуулийг зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн гэж ойлгож болно.

-Сонгуулийн тухай хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтаа орхигдуулснаас үүдэж, өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан дагуулсан. Энэ хуулийн төсөл дээр уг заалт тухайлан тусаж өгөх болов уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна  гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихбал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй гэж байна. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө зааж өгсөн. Бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэх үү?

-Өмнөх сонгуулийн тухайн хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулиийн төсөл  дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment