8o
Улаанбаатар хот
mobile menu

АЛТАНСАРНАЙ 2016: Хүүхдийн эмнэлэгүүдэд тоног төхөөрөмж хандивлана

2017-01-02 15:42:34

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос жил бүрийн 12-р сарын 31-ний өдөр “Алтан сарнай” наадмыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийнх 16 дахь удаагийнх юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбараас шилдгийг шалгаруулдаг “Алтан сарнай”-н эздийг дараах төрлөөр шалгарууллаа.

 СПОРТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: МӨНХЧАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ

 Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга, Залуучуудын  дэлхийн аваргын  алт, мөнгөн медальт М.Анхцэцэг “Алтан сарнай 2016” анхны эзэн боллоо. Тэрбээр "Рио 2016" оны олимпийн их наадамд шагналт VIII байрт шалгарч бахдам амжилт үзүүлсэн билээ. Мөн Ази тивийн аварга, дэлхийн аваргын тэмцээнд оролцохдоо дасгалжуулагчгүй оролцсон. Түүний амжилтыг бусад улс орон тэрбумаар үнэлж, өөрсдийн тамирчин болохыг ч урьж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

 СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЦ ОНЦЛОХ ХҮН: ХАРАНГА ХАМТЛАГ

 27 жил монголын ард түмний сонорыг мялаасан Харанга хамтлаг салбарынхаа онцлохоор тодорч, Алтан сарнайн эзэд боллоо. 1989 онд Драмын театрын дэргэд Харанга хамтлагийг байгуулж байсан хэдий ч Ардын армийн “соёмбо” хамтлагаас нь тооцвол тэд урлагт 40 жил зүтгэжээ.

 ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС, ХҮМҮҮЛЭГИЙН ОНЫ ОНЦЛОХ: ГОНЧИГИЙН УНДАРМАА

 Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Гончигийн Ундармаа энэ жилийн Алтан сарнайн эзэн боллоо. Тэрбээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд өнгөрсөн даваа гарагт тав дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгсөн билээ. Г.Ундармаа шагнал гардах үеэрээ “Маш их баярлалаа. Өмнөх ажлаа хариуцлагатай чамбай, үнэнч хийх юм бол улс орон хөгжинө гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Миний хувьд хамгийн түрүүнд анзаарагдсан салбар бол эрүүл мэнд байлаа. Хүүхдүүд, эмч нар тухтай орчинд тайван ажиллах ёстой.Тав дахь эмнэлгээ тохижуулж өгсөн. Хүнийг эмчилж, эдгээж чадахгүй ч сэтгэлийг нь эмчлэе гэж боддог юм хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

“Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрбээр 1992-2000 онд     АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Тэрбээр уул уурхайн салбарыг хөгжүүлж, өндөр түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлж уг шагналыг олгосон гэж ойлгож байгаагаа хэлсэн юм. Түүний шагналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

 НИЙГЭМ, УЛСТӨРИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: ЦЭНДСҮРЭНГИЙН САНДУЙ

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй энэ удаагийн шагналын эзэн боллоо. Тэрбээр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн Монгол Ардын Намын даргын үүрэгт ажилтай. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан НИТХ-ын дарга болсон түүнийг энэ удаагийн онцлох хүнээр нэрлэснээ шагнал гардуулах үеэр хэлж байсан юм. Ц.Сандуй ирэх дөрвөн жилд нийслэлийн эрхзүйн байдлыг сайжруулахын төлөө ажиллана гэдгээ хэлж байв.

 Нийгмийн ардчиллын төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, хамт олонд Монгол Ардын Намын даргын нэрэмжит шагналыг олгодог. Энэ жилийн нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомыг онцгой байдлын ерөнхий газрын аврагч  Доржпаламын Ганзориг хүртлээ. Мөн дэлхийн социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг эх орондоо зохион байгуулсан  Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багийнханд тус цомыг гардуулсан байна. 

НИЙСЛЭЛИЙН ЭМНЭЛЭГҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАНА

Алтан сарнай наадам өнгөрөгч оноос эхэлж нийгэмд тустай сайн үйлсийн аяныг зохион байгуулах болсон. Энэ жилийн тухайд “Эрүүл Монгол Хүүхэд” сайн үйлсийн аяныг санаачилж нийслэлийн төвийн 5 дүүргийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлахаар болсон байна. Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн эдгээр дүүргүүдэд хүүхдийн ханиад томууны өвлөл урьд жилүүдийнхээс огцом нэмэгдэж эмнэлэгийн ачаалал эрс нэмэгдэж,

Эмч эмнэлэгийн ажилтнууд, уртасгасан цагаар онцгой нөхцөлд ажиллаж байгаа эм тариа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муутайгаар эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүнд байгааг онцолж байв.

Тэгвэл Алтансарнай наадмыг зохион байгуулагчдын зүгээс тарилгын автомат шахагч, дуслын автомат шахагч, утлагын аппарат, шарлагын аппарат зэрэг нэн шаардлагатай нийт 12 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг худалдан авах хандвийн ажлыг зохион байгуулсан нь амжилттай биеллээ. Алтансарнай наадмыг бүх зочид энэхүү сайн үйлсийн аянд хандив өргөжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсролын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар нэг сарын цалингаа хандивласан бол, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон нэг өдрийн цалин буюу 4.1 сая төгрөгийг хандивлаж бусдыгаа манлайлсан байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6