8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ээжүүдэд цалинтай чөлөө олгохоор болж, Шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн өдөр

2017-01-02 19:55:00

Тал нутгийн хөдөлмөрч, бүтээлч зон олондоо шинэ оны мэндийг дэвшүүлж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж Та бүхэндээ шинэ жилийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. Цаг хугацаа хувь хүн, айл өрх бүр хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн билгэддэг шинэ жилийн баяр бол өнгөрснөө эргэцүүлж, ирээдүйгээ төсөөлөх боломжийн аль алиныг олгодог билээ. Тиймээс Chuhal.mn сайтын эрхэм уншигчиддаа ирж буй шинэ ондоо ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байж, аз ивээсэн жил байх болтугай гэсэн ерөөл өргөж “Монголын нэг өдөр” тоймоо хүргэж байна.

З.Энхболд VS Ж.Энхбаяр: Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах уу

Тавантолгойн ордын 49 хувийг Хятадын Шиньхуа группт 400 сая доллараар зарна гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарилаа. Засгийн газраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй. УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. УИХ-ын зарим гишүүд Тавантолгойг ашиггүй хувилбараар буюу маш хямд үнээр хятадуудад зарах гэж байна хэмээн шүүмжилж байгаа. Мөн АН-ын дарга З.Энхболд намынхаа байр, суурийг албан ёсоор мэдээлж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн гэрээг дордууллаа хэмээн мэдэгдсэн. Харин МАН-ын бүлгийн дарга болон зарим гишүүд Тавантолгойг ашигтай хувилбараар явуулна гэж мэдэгдэж байгаа юм. Ингээд Тавантолгойн 49 хувийг 400 саяар зарах эсэх талаар АН-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэж байна.

АН-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД: ТАВАНТОЛГОЙН 1 ХУВЬД Ч ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР 49 ХУВИЙГ НЬ ЗАРАХ ГЭЖ БАЙНА

- Засгийн газар шинэ жилийн баяр далимдуулж Тавантолгойг гэнэдүүлчих гээд байгаа учраас мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүд Тавантолгойн гэрээг хэлэлцэхээсээ өмнө дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 90 хуудас дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн төсөл яагаад УИХ-ын босго даваагүй гэдгийг дүгнэлтэд тодорхой бичсэн.Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаасаа ч дор хувилбар оруулж ирэх гэж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ. МАН-ын бүлэг дээр уг асуудлыг хэлэлцсэн. Тус  бүлгийн зарим гишүүд над руу залгаад "Өмнөхөөсөө дордуулсан хувилбар ороод ирлээ" гэсэн. Тавантолгой бол ард түмний өмч. Тийм учраас уг ордыг ашиглахдаа ард түмнээс асуух ёстой. Хэрвээ асуухгүй бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тавантолгойг хувьдаа авах зорилготой МCS компани маш буруу мэдээллийг олон нийтэд түгээж ирсэн. Энэ удаа ч мөн дайралт хийх гэж байна. Компанийн тухай хуулиар компанийн эзнээс заавал асууж байж хувийг нь зарах ёстой. Гэтэл миний хувьцааг надаас асуухгүй зарах гээд байна. Ингээд хэдэн жилийн дараа иргэд “Миний хувьцаа яасан бэ” гээд асуух үед "Шиньхуад зарчихсаан" гэж хариулах гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээг төрийн байгууллагууд дүгнэж албан ёсоор саналаа ирүүлж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигчдийн хурал хийнэ” гэж дүгнэсэн. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байсан. Мөн “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ гэрээнд заасан хувилбараар шийдэх нь буруу” гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тухайн үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байлаа. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг, М.Энхсайхан хоёр үүнээс зөрж бантан шиг гэрээ оруулж ирсэн. Тавантолгойг шууд зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух ёстой. Асуухгүйгээр шийдэх юм бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч З.Энхболд миний бие шүүхэд хандах болно гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлье. Шүүх дээр би ялна. Яагаад гэвэл, би хувьцаа эзэмшигч. Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ мөнгө Тавантолгойн 1 хувьд ч хүрэхгүй. Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтгүй 10, 20 сая тонн нүүрс гаргаж болж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай зүйл нь төмөр зам байгаа юм. Төмөр зам дээр хөрөнгө оруулалт авах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР: 49 ХУВИЙГ 400 САЯ ДОЛЛАРААР ЗАРНА ГЭДЭГ ХУДАЛ

-Эцэслэн тохиролцоонд хүрээгүй байгаа юм билээ. Засгийн газрын байр суурь бол Тавантолгойн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийн 51 хувийг нь Монголын тал эзэмших, ордын лиценз нь Монгол Улсад 100 хувь байх ёстой гэсэн болзолтойгоор хэлэлцээр хийж байгаа гэсэн. Энэ хэлэлцээрээр зөвхөн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийг шийднэ. Хамтын ажиллагааныхаа 22 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс олборлох, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ барьж байгуулах тухай гэрээ хэлэлцээ хийж гэрээ хийнэ гэсэн үг. Дэд бүтэц гэдэг нь төмөр зам, авто зам, уурхайн бүтээн байгуулалт, угаах үйлдвэрийг хэлж байгаа юм. БНХАУ-ын талыг төлөөлж “Шинхуа” 49 хувьд нь оролцоно. Монголын тал 51 хувьдаа төрийн болон хувийн өмчийн ямар аж ахуйн нэгжийг оролцуулах нь вэ гэдгийг эцэслэн шийдээгүй. Монголын олборлогч 30 орчим аж ахуйн нэгж оролцохоор саналаа ирүүлсэн гэж танилцуулсан. Энэ дунд “Энержи ресурс” компани саналаа тавьсан юм билээ. Энэ компани өөрсдийн бий болгосон дэд бүтэц болон угаах үйлдвэрээ хөрөнгө оруулалт болгож оруулах хүсэлтээ тавьсан. Гэхдээ жилдээ 30-40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа учраас нэмж угаах үйлдвэр барих шаардлагатай. Ажлын хэсгийн ахлагч гэрээ хэлэлцээрээ хэзээ дуусгах тухай тодорхой хугацаа хэлээгүй. Энэ төслийг аль болох хурдан шийдэж эргэлтэд оруулах хэрэгтэй. Гэхдээ гэрээ хэлцэл нь ил тод байх ёстой гэсэн саналыг манай бүлгийн гишүүд хэлсэн. 49 хувийг 400 сая доллараар зарна гэдэг худал.

Баярын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгджээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2171 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 68, зөрчлийн 1278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл ирснийг цагдаагийн алба хаагчид шалгажээ. 

Мөн баярын өдрүүдэд онц хүнд гэмт хэрэг, зөрчил гараагүй бөгөөд шинэ оныг харьцангуй тайван угтлаа. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.   

Харин өнгөрсөн амралт болон баярын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч, шалгалт хийж байгаа юм байна. 

Өнөөдрөөс эхлэн ээжүүдэд цалинтай чөлөө олгоно

Хүйтний улиралтай холбогдуулан амьсгалын замын өвчнүүд, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ гурваас тав хоног асарсан эцэг эхэд цалинтай чөлөө олгохоор болсон юм. Энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. 

Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн эмнэлгийн ачаалал их, эмнэлэгт ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байгаа аж.

Тиймээс эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал таваас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгоод байгаа юм.

Ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгоно

Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн Насны хишиг олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсад 121 мянган ахмад настан бий. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох юм. Мөн 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгоно. 2017 оны төсөвт Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Цахилгааны өргүй айлууд хөнгөлөлт эдлэх боломжтой болно

Шинэ оны эхний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэлээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газар энэхүү журмыг баталсан билээ. Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч цахилгааны шөнийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж.  Үүнд, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох, хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх шаардлагатай юм байна. 

Танилц: Нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх хуулиуд

УИХ-аас өнгөрсөн 2016 онд өргөн баригдсан хэд хэдэн шинэ хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм.

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар  органик  хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэв

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Мөн үүнээс гадна  иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэсэн нэг хууль бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Уг хууль нь ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Харин хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаан нь ирэх сарын 1 юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ. 

С.Эрдэнэ: Ц.Мөнх-Оргил сайд Далай ламын талаар төгс тоймтой тайлбар хийж чадсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бүлгийн гишүүдэд тайлбар хийсэн байна. Мөн үүнээс гадна “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг асуултанд хариулт өгсөн байна.

Үүний дараа АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдин сонирхсон асуултад хариуллаа.

-Сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотой ямар тайлбар хийсэн бэ? 

-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын түвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа. Монгол Улс тусгаар тогтносон улс орны хувьд аливаа айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч энэхүү асуудалд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын түвшний асуудал юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байна уу?

-Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна. 

БНХАУ-ын иргэн 4 настай монгол хүүгийн толгойг заазуурдаж амь насыг нь хөнөөжээ

Нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдсан аймшигтай гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарчээ. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн Ө гэгч архи ууж согтуурсан үедээ эл хэргийг үйлдсэн байна.

Тэрбээр 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна. Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан байна.

 Хэргийг одоогоор СХД-ийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment