8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Энхсайхан: Тарифт тоолуур худалдаж авснаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

2017-01-03 08:45:00

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг энэ сарын 1-нээс тэглэж байгаатай холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хэчнээн айлд хамрагдахаар байна вэ?  

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газар энэхүү журмыг баталсан. Манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК гэр хорооллын 146 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 гаруй мянган хэрэглэгч нь тарифт тоолууртай. Тарифт тоолууртай гэр хорооллын 120 гаруй мянган айл, өрх оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд зарцуулсан цахилгаанд хөнгөлөлт эдэлж, хамрагдах боломжтой. Үлдсэн 26 мянган хэрэгч тарифт тоолуургүй. 

Тарифт тоолуурын зах зээлийн ханш нь 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг.

-Тарифт тоолуургүй айлууд хэрхэн яаж цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах вэ?

-Манай компани гэрээт хэрэглэгчийн 20 гаруй мянган айл өрх тарифт тоолуургүй. Тэгэхээр энэ хэрэглэгчид Стандарт хэмжилзүйн газраас баталсан, загварын туршилтад орсон, баталгаатай хоёр тарифтай электрон тоолуурыг заавал худалдаж авна. Ингэж байж цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэнэ.

-Тарифт тоолуур гадуур хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Барилгын худалдааны дэлгүүр, төвүүдэд тарифт тоолуур борлуулагдаж байна. Тарифт тоолуурын зах зээлийн ханш нь 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн компаниас шалтгаалан тарифт тоолуурын үнэ, ханш өөр өөр байна.   

-Хоёр тарифт тоолуур, ердийн тоолуур хоёрыг ялгаа нь юу вэ?

Тарифтай тоолуур нь хэрэглэгчдийн хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур

-Тарифтай тоолуур нь хэрэглэгчдийн хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур. Өдрийн хэрэглээнд өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэл багтааж байгаа  бол  оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ гэдэг. Энэ хэрэглээг ялгаж тоолохын тулд тарифтай электрон тоолуурыг хэрэглэдэг. Харин ердийн тоолууртай хэрэглэгчдэд цагийн ялгаа байдаггүй. Эдгээр айлуудын цахилгааны хэрэглээг нь бүтэн тоолдог учраас шөнийн хэрэглээндээ хэдэн кВт.цаг хэрэглэсэн нь тодорхойгүй юм. Хэрэв тарифтай электрон тоолуурыг хэрэглэвэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм.

-Өвлийн улиралд гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлдөг. Одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр нэг айл өрх хэдэн төгрөг хэмнэх боломжтой вэ?

-Гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгааны дундаж хэрэглээ ойролцоогоор 200-250 кВт.цаг байдаг. Ер нь тухайн хэрэглэгчийн цахилгаан халаалтын системийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй дүн гардаг. Нэг айлын дундаж хэрэглээ 250 кВт.цаг. Үүний 30 хувь буюу 100 кВт.цаг нь шөнийн хэрэглээ эзэлдэг. Өөрөөр хэлбэл нэг айлын цахилгааны хэрэглээний 30 хувийг шөнийн хэрэглээ эзэлдэг гэсэн үг. Тэгвэл 100 кВт.цагийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 77 төгрөг 10 мөнгөөр бодоход нэмэн өртгийн албан татвартайгаа 10 орчим мянган төгрөг гарахаар байна. Саяхан хэрэгжиж эхэлсэн цахилгааны шөнийн 50 хувийн хөнгөлөлтөөр 7700 төгрөгийн 50 хувийг төлж байсан. Одоо шинэ тогтоолоор цахилгааны шөнийн тарифаас дахин 4000 орчим төгрөгийг хэмнэнэ.

Нэг айлын дундаж хэрэглээ 250 кВт.цаг. Үүний 30 хувь буюу 100 кВт.цаг нь шөнийн хэрэглээ эзэлдэг.

-Цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор шөнийн цагаар айл өрхүүд халаагуур нэлээд ашиглана. Үүнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал үүсэх, галын аюулгүй байдал үүсч болзошгүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай компани зүгээс энэ асуудлаар он гаргаад энэ сарын 1-ний өдрөөс эхлэн сэрэмжлүүлэг мессежийг хэрэглэгч бүрт илгээсэн. Мөн галын аюулгүй байдалтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, анхааруулсан хэвлэмэл материал тараахаар бэлтгэж байна. Гэр хорооллын хэрэглэгчдийн ачаалал тухайн хэрэглэгчийн ахуйн зориулалтад таарсан шугам, сүлжээг татсан. Жишээлбэл, гэр хорооллын хэрэглэгчид 6 тоолууртай нэгдсэн шийдтэй тухайн айлын хэрэгцээнд тохирсон оруулга утсаар бүгд холбогдсон байдаг. Хэрэглэгч өөрийнхөө утасны даацын хэмжээнээс хэтэрсэн цахилгаан залгасан тохиолдолд галын аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэрэглэгчид хэрэглээгээ өөрсдийнхөө утсанд тохируулан хэрэглэх хэрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагад болон манай компани түгээх төвүүдээс заавар зөвлөгөө авч байх шаардлагатай.

-Хөнгөлөлт эдлэхэд тавигдах шаардлага тусгаж өгсөн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх, ахуйн зориулалтаар цахилгаан хэрэглэсэн байх гэсэн хэд хэдэн шаардлага бий. Эдгээр шаардлагыг биелүүлсэн айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдлэх боломжтой.  

-Уг шийдвэртэй холбоотойгоор тарифт тоолуур нийлүүлье гэсэн хүсэлт гаргасан компани байна уу? 

-Өнөөдрийн байдлаар тоолуур нийлүүлье гэсэн компани манайд хандаагүй байна.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment