8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

2017-01-03 16:14:59

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  Сонгуулийн тухай нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгаж дахин боловсруулсан нь энэ юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн сайн талуудыг хадгалж авч үлдсэн эсэх, бие даасан хууль боловсруулах шаардлага байсан эсэх зэрэг асуудлыг тодруулж байв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Хуулийн төсөлтэй холбоотой саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан. Энэ нь зарим талаар учир дутагдалтай байсан. Нэгдсэн хуулиар өөр өөр сонгуулийг явуулах нь хуулиа буруу ойлгож, төөрч будилах явдал гарч байсан. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар хэрэглэх нь зүйтэй байна. Өмнөх хуулиудын үндсэн зарчим алдагдаагүй. Сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд тусгагдаад явж байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өмнөх парламентын үед Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах явцад нэлээд сайн ажиллаж байсан. Тухайн үед миний биед санал нийлэхгүй зарим асуудалд байр сууриа илэрхийлээд явсан. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэр бүхий бүхий гишүүд тусад нь боловсруулаад өргөн барьчихлаа. Өмнө нь 1993 онд энэ хуулийг батлах гэж бас л бөөн яриа болж байсан. Тэгэхээр өмнөх хуулиудыг хэр барьж боловсруулсан юм бол. Бүр орвонгоор нь өөрчилсөн зүйл байгаа юу” гэж  асуусан юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан сонгуулийн зардлын зарцуулалт, өмнөх төлөвлөлтийг аудитын байгууллагаар хянуулах заалтаа хэвээр явуулах хэрэгтэйг сануулсан юм. СЕХ-ноос өгч буй мэдээллээр бол өмнөх хуулиар сонгуулийн зардлын зарцуулалтыг аудитын байгууллага хянадаг байсан бол шинэ хуулиндаа  зардлын төлөвлөлтийг  давхар хянахаар тусгаж өгч байгаа аж. Учир нь, өнгөрсөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн зардлаар өөрийн хөрөнгө худалдан авсан тохиолдол гарсан учир төлөвлөлтдөө хяналт тавихыг СЕХ-нд аудитын байгууллага  үүрэгдсэн юм байна.

Үүний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment