8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзориг: О.Баасанхүү улс төржиж байгаа юм байлгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар улс төржих шаардлагагүй

2017-01-04 08:30:00

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хууль нь зарим гишүүдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Ингээд гишүүдийн дунд маргаан үүсгээд буй Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Батзориг нар хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд уг хуулийг санаачлагчдын нэг бол О.Баасанхүү эсэргүүцэж байгаа юм.

 

О.БААСАНХҮҮ: МАНАЙ НАМД НОБЕЛИЙН ШАГНАЛТАЙ ХУРАНДАА ХҮН БАЙНА. ЭНЭ ХҮН ХҮЗҮҮГҮЙ ХҮНЭЭС ЧИНЬ АРАЙ ДЭЭР БИЗ ДЭЭ

 

-Та ямар шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцээд байгаа юм бэ? Танай нам хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж нээлттэй л байгаа шүү дээ?

- Үгүй ээ. Би хуульч хүн учраас энэ хуультай танилцаад алдааг нь мэдсэн. Бид барын амнаас гарч арслангийн аманд ормооргүй байна.  Гуравхан намд зориулж боловсруулж байгаа хуулиараа  цөөнхдөө нааштайгаар хандах ёстой. Энэ бол ардчилалын зарчим. Гэтэл байж болох бүхий л хувилбараараа хаасан, боосон хориглосон байна. Нөгөөтэйгүүр хугацаагаар дарамталсан байна. 55 хоногийн өмнө зарлаад сонгууль болохоос тав хоногийн өмнө нэр дэвшигчийн нэрээ олон түмэнд мэдэгд гэж байгаа. Энэ их дарамттай байна. Өмнөх сонгуулиудаар онгоцоор явж сурталчилгаа хийж байсан. Гэтэл энэ удаа бид тийм байдлыг хийлгэмээргүй байна. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Бид 5-6 хүний дунд марафон явуулах гэтэл тэр хүн “дэвшье” гэдэг саналаа илэрхийлснийхээ төлөө намын гишүүнчлэлээсээ татгалзах гээд байна. Энэ бол маш бүдүүлэг алхам. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй. Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалтыг үзүүлж байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ямар ч боломжгүй боллоо. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нэгдүгээр сарын 1-ны өмнөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр 1 сарын 3-ны өдөр. Тэгэхээр энэ заалт хуультай зөрчилдөж байна.

- Та Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ганцаараа орох хуулийг боловсруулж байна гэж хэлсэн. МАН-ынхан ямар байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглах гээд байгаа юм бэ?

- Ерөнхийлөгчид МАН, АН, МАХН гэх гуравхан субьектээс Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Гэтэл өргөн баригдсан хуулийн төсөл Монгол Улсын үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран 45  насанд хүрсэн, нийт ард түмний 51-ээс санал авсан аль нэг намыг бус нийт ард түмнийг төлөөлөл үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хуулийн 6.3-т “45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшинэ” гэсэн байгаа. Гэтэл Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй” гэсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчөөр нэр дэвших гэж байгаа хүн Монгол Улсад амьдарсан байх ёстой гэсэн хуульд байхгүй заалт оруулж ирсэн.  Монгол Улсад амьдарсан эсэхийг Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно гэж байгаа юм.  Тэгэхээр Ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших эрхгүй болно. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-ын гишүүд л гэхэд гадаадад тодорхой хугацаагаар ажлын айлчлал хийж, амьдардаг. Тэгэхээр таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх энэ заалт хэнд зориулагдсан бэ, гэдэг нь ойлгомжгүй байна. Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа. Гуравхан намын төлөөлөл нэр дэвших гэж байхад хамтран нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж тавьж байгаа нь манайх шиг ганцхан суудалтай намыг хүчээр аль нэг намд хамтарч нэр дэвшүүлэхээр буланд шахаж байна. МАН л хүнээ дэвшүүлнэ гэж заах л үлдлээ.

- Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм бэ. Энэ талаар ярьж эхэлсэн үү?

- Ард түмнээ уриалан дуудаж чадах, мөнгөний боол болоогүй, шударга бусын хонгилоор ороогүй хүмүүсийг нэр дэвшүүлэхээр бид ярилцаж байгаа. Хатуухан хэлэхэд барьцаалагдаагүй хүнийг судалж байна. 5-6 хүн нэр дэвших боломжтой. Зөвхөн нэгнийх нь жишээг хэлснээс болоод дарамт гарч ирж байгаа.

- Ямар дарамт?

- Ажил төрлөөс нь халах гэх мэт. 

- Таны ярианаас сонсвол Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй болцон гэж ойлгож болохоор байна?

- Ганц Н.Энхбаяр дарга биш шүү дээ. Ер нь Н.Энхбаяр дарга байвал сайн. Зургаан нэр дэвшигч байх боломжтой. Манай намд нобелийн шагналтай хурандаа хүн байна шүү дээ. Жишээ нь тэр хүн яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Хүзүүгүй хүнээс чинь арай дээр биз дээ. Дэлхийн жишгээр сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулдаггүй. Гэтэл зургаан сар хүрэхгүй хугацаанд ялангуяа нэгдүгээр сарын эхний долоо хоногуудад хэн нэгэнд уншуулаагүй, ард түмэнд танилцуулаагүй, иргэдийг шинэ жилийн оргилуун дарсаа бариад сууж байхад нь энэ хуулийг батлах гэж байна. Төрийн тэргүүнийг хуулийн цоорхойгоор оруулж ирэх гэж байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ.

 

Б.БАТЗОРИГ: МАН, АН, МАХН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ

 

- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг санаачилсан гишүүний хувьд уг хуулийг дагасан хэл, амны талаар мэдээлэл өгнө үү?

- Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хууль анх 1993 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр батлагдаж байсан юм. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль уг хуулиар явсан. Үүнээс хойш энэ хуулинд 7 удаа нэмэлт заалт оруулсан. 1997, 2001, 2005, 2009 онын ерөнхийлөгчийн сонгууль энэ хуулиар явагдсан. 2015 оны 12 сарын 25-ны өдөр сонгуулийн тухай хууль батлагдсанаар бүх хуулийг нэгдсэн нэг хууль болгосон. 2016 оны сонгууль тухайн хуулийн дагуу явагдсан. Энэ хуулийн дагуу явхад учир дутагдалтай зүйл их байсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хуулийг салгасан нь зөв гэсэн санал асуулга дэвшүүлсэн. Тухайн үед 2015 оны 12 сард сонгуулийн тухай хууль батлагдахад Сонгуулийн ерөнхий хороо дэмжихгүй гэсэн саналаа өгч байсан. Тэгээд өөрчлөлт оруулахаар болж 14 бүлэг, 104 зүйлтэй хуулийн төслийг миний бие болон Н.Энхболд, З.Нарантуяа, Н.Оюундарь бид дөрөв санаачлаад өргөн барьж байна. Энэ хуулинд маш олон шинэлэг зүйлүүд орж байгаа. Ялангуяа сонгуулийн зардлыг аудитаас хянадаг байсан бол одоо төлөвлөлттэй нь давхар хянадаг болно. Мөн сонгуулийн сурталчилгааг зөвхөн өргөн нэврүүлгийн телевизээр гаргадаг байсан бол үүнийгээ болиод бүх радио телевизээр гаргадаг болгоё гэсэн өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ өөрчлөлтүүд орсноор удирдлага эрх зүйн орчныг сайжруулж өөр хоорондын уялдааг хангана. Уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж байгаа.Түүний дагуу хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм. Дахин хэлэхэд энэ хууль 1993 онд батлагдсан. Энэ хуулиар таван удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан байна. 2015 оны 12 сарын 5-ны өдөр Сонгуулийн тухай хууль нэг цул хууль болсон. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль бүгд явагддаг байсан. Уг хууль учир дутагдалтай байна, сонгууль бүр өөр өөрийн онцлогтой учраас салгах нь зүйтэй гэсэн сонгуулийн Ерөнхий хорооны саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг санаачилсан.

-Та бүхний санаачилсан хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай юм бэ? Зарим гишүүдийн шүүмжилж буй шиг зөвхөн МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хууль болсон юм уу?

- Тийм зүйл байхгүй. Одоо бол хуулийг өргөн барьчихаад байна. Хэлэлцүүлгийн явцад бүх засвар хийгдэнэ. Өнөөдөр бол уг хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн шүү дээ. Өмнөх сонгуулийн хуулийн зарчим алдагдаагүй. Зарим заалтууд л өөрчлөгдсөн.

-Тухайлбал?

- Аудитыг төлөвлөлтөнд нь хийдэг болж байгаа. Өмнө нь нөхөн зарцуулалтад л хийдэг байсан шүү дээ. Төлөвлөсөн ажилд нь аудит хийнэ гэсэн үг. Сонгуулийн сурталчилгааны хугацааг 21 хоног болгосон. Нэр дэвшигчийг дэвшүүлэх хугацааг 30 хоног болгосон. Өмнө нь УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байсан. Тэр заалт хэвээрээ байгаа. Ганцхан УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ямар намд байсан, тэр намаасаа л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой. Өөр намд суудалтай болоод нэр дэвших боломж байхгүй. Уугуул, суугуул байх уу, 45 наснаас дээш байх уу гэсэн заалт зэргийг хэлэлцүүлгийн шатанд ярьж болно шүү дээ.

- УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хүнээ нэр дэвшүүлэх боломжгүй болчихлоо гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

- Парламентад суудалтай бүх намд боломж бий. Манай О.Баасанхүү жаахан улс төржиж байгаа юм байлгүй дээ. МАН, АН, МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломж нээлттэй. Тэр бүү хэл АН-ын гишүүн З.Нарантуяа энэ хуулийг боловсруулахад оролцож өргөн барилцсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг улстөржүүлэх шаардлагагүй юм.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хххх
Баасанхүү л балайрч байгаа биз
2017/01/04 103.9.90.53
зочин
Баасанхүү минээ гадаадад томилолтоор явсан хугацааг байнга орштн суусан хугацаанд оруулж тооцдоггүй ямар хууль байдаг юм бэ Жаахан мэдрэмжтэй яриачээ.Монголд нобелийн шагналтай ямар хүн байдаг юм бэ
2017/01/04 103.229.121.112
өө
хэн нь үнэн яриад байга аюм бэ
2017/01/04 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment