С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шинэ оны өмнөхөн шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн шүүх үзэж 24-25 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна.