8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Согтуугаар машин жолоодвол баривчилна

2017-01-05 13:42:24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  шийдэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.  Энэ нь  торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон гэж үзжээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага  холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан. Гэвч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болжээ.

Хуулийн тодорхойгүй зохицуулалтын улмаас энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй аж. Үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгожээ. Одоо 1295 зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байгаа гэнэ. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах аж.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулах тухай хуулийн төсөлд тусгажээ.  Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Энэ хууль батлагдсанаар согтуугаар машин барих байдал харьцангуй багассан гэж байсан. Энэ хуулийн төсөлд “Жолоодох эрхгүй этгээд согтуугаар жолоо баривал баривчилна” гэж заажээ. Баривчлах асуудлыг үлдээснээр согтуугаар жолоо барих нь багасна гэж ойлгож байна уу?

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: -Энэ хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол гэмтэл эрс буурсан. 2015 оны 9 дүгээр сарын нэгнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад осол, гэмтэл  17 хувиар буурсан. Согтуугаар автомашин жолоодох асуудал 25 хувиар буурсан. Торгуулийн хэмжээ нэмэгдсэн. Согтуугаар машин баривал эхний ээлжинд хариуцлага тооцно. Үйлдлээ дахин давтвал баривчилна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ДАВХАР ТОРГУУЛИА ЯАХ ГЭЖ БНА 19200 гаар торгоод 10 онооноос 2 оноо хасч бна энэ чинь давхар шийтгэл биз дээ
2017/01/05 43.242.241.151
  • Recent
  • Most Read
  • Most Comment