8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг 30 хоног баривчилна

2017-01-05 14:14:24

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш осол, зөрчлийн тоо буурсан эсэхийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тодруулав. Жилд ойролцоогоор 124 мянга орчим замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн дуудлага ирдэг байсан бол 2016 онд 24 хувиар буурсан гэдгийг ХЗДХ-ийн сайд хэллээ. Тухайлбал, ослын дуудлага 8 хувь, гэмтсэн хүний тоо 17 хувь, нас барсан иргэдийн тоо 15 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25 хувиар тус тусиар буурчээ.  Мөн хуулиар дүрэм зөрчсөн жолооч нарт тавих торгуулийн хэмжээг нэмсэн. Үүний үр дүнд жилд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг байсан бол 2016 онд 20 тэрбум болж өссөн гэв.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тоног төхөөрөмж, боловсон хүчин хангалтгүй. Мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдыг мансууруулах бодисын хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхийг хүсч байна” гэсэн санал тавив.

Дээрх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж болно гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, “Хууль хяналтын байгууллагуудаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлав. Чуулган 15.00 цагаас үргэлжилнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment