8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

2017-01-05 17:12:54

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон.  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуулийг өмнөх парламентын үед баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр хуульчилсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд зарим нэг өөрчлөлт тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн тул өнгөрсөн сарын сүүлчээр хуулийн төслийг өргөн барьсан юм.  

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль өргөн барих эрхтэй. Эдгээр хууль санаачлагчид энэ хуулиар хууль тогтоолыг боловсруулахдаа 6 аргачлалыг ашиглах юм. Гэхдээ Засгийн газраас жил бүр өргөн барьдаг оны төсөв, үндсэн чиглэл гэх зэрэг хуулийн төсөлд дээрх аргачлалыг ашиглах шаардлагатай биш" гэсэн тайлбар хийв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, "Нэг сарын нэгнээс хэрэгжиж байгаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид хэлэлцэж байна. Хууль хэрэгжээд дөрөв хонож байхад өөрчлөлт оруулж байгаа нь зөв үү. Монголын парламентад баталсан хууль баталгаагүй боллоо" хэмээн шүүмжиллээ.  

Гишүүд хууль нь батлагдаж, дөнгөж мөрдөгдөж эхлээд дахин өөрчлөлт оруулах нь буруу гэсэн шүүмжлэл хэлж байлаа. Уг хуулийн хэлэлцэх санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.  Тиймээс хууль санаачлагачид нь буцаалаа.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment