8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Тусгайгийн ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл олны анхаарлыг татаж, Москвад цаг агаарын онц байдал зарласан өдөр

2017-01-05 18:56:00

 

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч байгааг мэдэхгүй мөртлөө тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм гэсэн сайхан мэдээлэлээр өнөөдрийн "Монголын нэг өдөр" тоймоо эхлүүлэх гэж байна.

Д.Ганболор: Чацаргана нь хуурай ханиадыг намдааж, дархлаа дэмждэг

Өвлийн улиралд ханиад томуу тусах, ядарч сулдахгүй байхын тулд хоол хүнсээр дамжуулан дархлаагаа дэмжих  нь тустай гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс өвлийн улиралд дархлаа дэмжих хоол, хүнсийг хэрхэн зөв хэрэглэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболортой ярилцлаа.
-Хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан дархлаагаа хэрхэн дэмжих вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө танай сайтын уншигчддад энэ өдрийн мэнд хүргэе.  Дархлаа дэмжих бүтээгдэхүүн гэж ярихын өмнө дархлаа гэж юу вэ гэдэг зүйлээ тайлбарлая. Дархлаа гэдэг нь гэдэг нь өвчин үүсгэгч бичил организм, нянгийн эсрэг тэмцэх биеийн чадвар. Хүний биеийн дархлаа буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал зэрэг хүчин зүйлүүдээс үүдэж суларч, мууддаг. Дархлаагаа дэмжихийн тулд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ зөв зохистой харьцаагаар хэрэглэх шаардлагатай. Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнд үр тариа, мах, ногоо, жимс, сүү, тос гэсэн 6 бүлэг хүнс ордог. Эдгээр 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис , амин дэм, ус зэрэг шим тэжээлийн бодисыг агуулж байдаг. Дархлаагаа дэмжихийн тулд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ зөв зохистой харьцаагаар хэрэглэх шаардлагатай. Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнд үр тариа, мах, ногоо, жимс, сүү, тос гэсэн 6 бүлэг хүнс ордог.
 -Хэрхэн зөв зохистой харьцаагаа эдгээр хүнсний бүтээгдэхүүний өдөр тутамдаа хэрэглэж хэвших вэ?

-Хүн бүрийн бие махбодийн онцлог, өндөр, жин, хөдөлгөөний идэвх, эрхэлдэг ажил, өвчин эмгэгийн байдлаас шалтгаалж хоногт шаардлагатай илчлэг, шимт бодисын хэмжээ харилцан адилгүй байдаг. Байвал зохих биеийн жинг тухайн хүнээс хамаарч тооцоолж гаргадаг.

Жишээ нь:  Эрэгтэй 180 см өндөртэй бол
(1,8м*1,8м)*22=71.2КГ БЗБЖ /байвал зохих биеийн жин/
Эмэгтэй 160 см өндөртэй бол
(1.6м*1.6м)*21=53.7кг БЗБЖ байх
Өдөрт хэдэн ккал илчлэг хоол хүнс хэрэглэхийг тооцохдоо хөдөлгөөний идэвхийг байвал зохих биеийн жингээр үржүүлэн тооцдог.

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнээс нэрлэвэл?

-Сүү сүүн бүтээгдэхүүн, мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн хүний биеийн дархлааг маш сайн дэмждэг аминдэмээр баялаг байдаг.  Тухайлбал, сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Исгэлэн сүүн бүтээгдэхүүн болох тараг, айраг, хоормог нь хүний гэдэсний хэвийн бичил биетний үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Насанд хүрэгчид өдөрт 1000 мг, өсвөр насныхан 1300 мг, бага насны хүүхдүүд 500-800 мг, 51-ээс дээш насны хүмүүс өдөрт 1200 мг кальци хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна үхрийн мах, адууны мах, загасны мах дархлааг түлхүү дэмжиж өгдөг. Үхрийн мах нь булчин, уураг бараг тэнцүү, тосонд уусдаг олон төрлийн аминдэм, эрдэс бодис нь хүний бие махбодийн хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээгээ агуулсан байдаг. Адууны мах нь шим тэжээл сайтай, уураг, өөхний зөв зохицолгоот харьцаатай. Булчин мах нь төгс уураг болон үл орлогдох амин хүчлүүдээр баялаг.

Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, дархлааг дэмждэг. Загасны мах нь төгс уураг, ханаагүй тосоор баялаг бөгөөд эрүүл мэндэд чухал ач холбогдолтой oмега-3 тосыг агуулдаг. Мөн нохойн хошуу, чацаргана, аньс, үхрийн нүд, долоогоно, цитрусын төрлийн жимс нь аминдэм, эрдэс бодис, эслэгийн агууламж өндөртэй дархлааг дэмждэг. Чацаргана нь хоолны дуршил нэмэгдүүлэх,  хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлчилгээтэй. Хүнсний ногооноос навчит ногоо болох байцаа, цэцэгт байцаа, цоохор майлз, бууцай, салатны байцаа, хоол амтлагчаас сармис, цагаан гаа нь дархлааг дэмждэг.
 

Үхрийн мах, адууны мах, загасны мах дархлааг түлхүү дэмжиж өгдөг. Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, дархлааг дэмждэг.
 
-Насанд хүрсэн хүн хоногт хэдэн ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

-Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 2000-2500 ккал илчлэг бүхий хоол хүнс авч байх ёстой. Ингэхдээ дээрх хэлсэн зөв зохистой харьцаагаар авч байх нь чухал.Тухайлбал, жирэмсэн эхчүүдийн хоололтын хувьд ойр ойрхон шим тэжээлтэй хоолыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Аминдэмээр баялаг, калцийн хэмжээ өндөртэй хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь чухал.

Насанд хүрэгчдийн хувьд хоногт авах ккал нь өөр өөр байна. Тухайлбал уурхайд эсвэл хүнд буюу биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөрт 2400 ккал хоол хүнс идэх ёстой. Үүнээс үр тарианы төрлөөс 360 гр, махнаас 280 гр, хүнсний ногооноос 490 гр, сүү сүүн бүтээгдэхүүнээс 400 мл, жимс жимсгэнэ 180 гр хэмжээтэйгээр өдөрт авч байх шаардлагатай. Харин оффист суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд 1600-1800 ккалыг хоол хүнсээр дамжуулж авна. Үр тарианы төрлөөс 240 гр, махнаас 200 гр, хүнсний ногооноос 400 гр, сүү сүүн бүтээгдэхүүнээс 200 мл, жимс жимсгэнэ 100 гр авч байх нь зүйтэй гэж тооцоолж гаргаж ирсэн байдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс зөв зохиостой хэмжээгээр авснаар тухайн хүний биеийн дархлаа хэвийн хэмжээнд байж эрүүл, өвчин эмгэг тусах нь бага байдаг.  

 Уурхайд эсвэл хүнд буюу биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөрт 2400 ккал хоол хүнс идэх ёстой. Хариноффист суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд 1600-1800 ккалыг хоол хүнсээр дамжуулж авна.
-Монголчуудын хувьд өвлийн улиралд мах,  зуны улиралд хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүнсэндээ түлхүү хэрэглэдэг шүү дээ. Энэ тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж авдаг дархлаа дэмжих аминдэмийн зохистой хэрэглээ алдагдах уу?

-Манай орны цаг агаарын нөхцөл байдал, амьдралын хэвшлээс үүдэн улирлын шинж чанартай, үүнээс хамаарч хоол хүнсээ хэрэглэх, сонгох зүйл байна. Аль ч улирал уураг, аминдэм, нүүр усаар баялаг хоол хүнс хэрэглэнэ. Өвлийн улиралд уураг, аминдээр баялаг хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Өвлийн улирлалд чацаргана, аньс, сүү, сармис, цагаан гаа, адуу мах хэрэглэх нь нэн тустай. Ханиад томуунаас хамгаалдаг чухал ач холбогдолтой. Зуны улиралд бие хөнгөлөх, ходоод гэдсээ амраах үүднээс үр тариа, сүү цагаан идээ, жимс голдуу хэрэглэвэл илүү үр дүнтэй. 
 

-Хоногт авах илчлэгийг 100 хувь гэж тооцвол хэдээс хэдэн цагийн хооронд түлхүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл илүү зохилтой вэ? 
-Өглөө 20–25 хувь, бага үдэд 10–15 хувь, их үдэд 35–40 хувь, оройн хоол 15–20 хувиас ихгүй байна гэж үздэг.  Нэг үгээр хэлбэл өдрийн хоолны цагаар насан хүрсэн хүн өдөрт авах ккал-ын тал хувийг авч байх хэрэгтэй. Гэтэл манайхан буруу хоололтын хэвшил орчихсон. Зарим хүмүүс өглөөний цай уудаггүй. Энэ буруу өглөө заавал тодорхой хэмжээгээ цай, хоол, хүнс хэрэглэж байх хэрэгтэй. хэт их ажлын ачаалаас бол орой хоолоо хэтрүүлж идэх тохиолдол гардаг. Ингэхээр хүнсээр дамжуулж дархлаа дэмжих аминдэмээ авч чаддаггүй. Буруу хооллолтоос болж таргалалт, илүүдэл жин, цаашлаад элдэв өвчин эмгэг тусах эрсдэл дагуулдаг. Иймээс хол хүнсээ зөв тохируулан хэрэглэж хэвшээрэй.

Д.Нэргүй

Тусгайгийн таван ажилтан хүн зоджээ

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын таван албан хаагч уушийн газарт хүн зодож гэмтээжээ. Баянгол дүүргийн нутаг дахь “Дурсахуй” гэх бааранд арванхоёрдугаар сарын 28-ны үдэш дээрх таван офицер нийлж, хохирогчийг зодсон аж. Зодоон чухам юунаас болж гарсныг тодруулахаар тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Удахгүй харяаллын дагуу Мөрдөн байцаах газрын тусгай сүбъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэх аж. Төрийн тусгай албаныхан хэдийгээр бусадтай л адил наргиж цэнгэх эрхтэй ч албаныхан нэр хүндэд харшлах үйлдлэх гаргах ёсгүй юм.

Уг хэрэг гарахын өмнө Төрийн тусгай хамгаалалтын газрын эрх бүхий албан тушаалтнууд танхайрч дуудлагаар ирсэн цагдаагийнхныг машинаараа дайрах шахсан хэрэг гарсан гэж зарим хэвлэлд мэдээлж байв. Түүнээс өмнө буюу 2015 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхан мөн л наргиж яваад Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагчийн аминд хүрч дээрх газрын гурван албан хаагч шүүхээр ял шийтгүүлсэн юм. 

Москва хотод цаг агаарын онц байдал зарлалаа

ОХУ-ын нийслэл Москва хотод их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан тус хотод цаг агаарын онц байдал зарлалаа гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдэв.

Цаашид Москва муж болон Москва хотод цаг агаарын байдал энэ сарын 5-ны өдрийн 11:00 цаг хүртэл муудах төлөвтэй байгаа бөгөөд салхи секундэд 12-17 метрт хүрч ширүүснэ гэж мэдэгдэлд дурджээ.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цахилгаан дамжуулах шугам тасалдаж, тээврийн үйлчилгээ зогсч магадгүй гэж Оросын Онцгой байдлын яам анхаарууллаа. Үүний зэрэгцээ нурж болзошгүй хуучин барилга байшин болон зар сурталчилгааны самбаруудаас хол явахыг явган зорчигчдод анхааруулсан байна. 

Гадны хэвлэлд: 1500-аад оноос хойш Далай ламтай маш нягт холбоо, харилцаатай байсан Монгол Улс түүнээс нүүр бурууллаа

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай лам монголд айлчилсан билээ. Түүний айлчлалын дараагаас Хятадын талаа удаа дараа сөрөг мэдээлэл гаргаж, төлөвлөсөн айлчлалуудаа цуцалсан.  Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан ч энэ асуудал бүтэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм. 

Тэгвэл Далай лам, Монголын талаар нийтлэл дахин гарсан  байна. Тус нийтлэл нь “The New York Times”  сонины шинэ оны анхны дугаарт гарсан байна. Тус мэдээлэлд  Далай ламтай нягт холбоотой байсан Монгол Улс түүнээс нүүр бууруулж Хятадтай дотносов хэмээн бичсэн байна. Тодруулбал, Олон зууны тэртээ удирдагдагчид нь далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урихгүй хэмээн Гадаад хэргийн сайд нь Хятад улсад амлалт өгсөн байна.

Тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Мөн түүгээр ч барахгүй Далай лам гэдэг нь өөрөө монгол үг аж. Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэн нь гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлж байгаа. Үүний сацуу тус улс Хятад Оросоос ямар нэгэн хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болсон хэмээн дурьдсан байна. 

Мөн үүнээс гадна Далай ламын Монголд хийсэн айлчлал өөр нэг асуудлыг гаргаж ирэв. Олон хүн одоогийн Далай ламыг өөд болсоны дараагаар түүний хойд дүрийг хаана хэзээ тодруулах талаар  ярилцаж, хэлэлцэж эхэлсэн. Түүний хойд Түвдээс өөр газар ч тодорч болохыг үгүйсгэхгүй. Энэ талаар Р.Барнетт “Далай ламын айлчлал нь түүний хойд дүр монголд тодорч болох юм гэжээ. Тэрбээр түүнчлэн үүнд хятад дайсагнадагийг бодолцвол энэ үйл явдал монголд сүйрлийн гэмээр үр дүн авчирч болохыг тэмдэглэсэн байна. 

Н.Алтанхуяг Д.Эрдэнэбаттай наймаалцаж нэрээ татах уу

Ардчилсан намынхан даргаа сонгох сунгаагаа ид явуулж байна. Энэ сарын 29-ны өдөр тус намынхан албан ёсоор даргатай болно. С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын таван хүн 240 сая төгрөгийн хандивыг намдаа тушааснаар Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхээ авсан бөгөөд сонгуулийн сунгаа энэ тавын дунд ид өрнөж буй юм.

Даргын сунгаа нэг гараанаас эхэлж буйгаараа онцлогтой. Тодруулбал, нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр хамтдаа явж уулзалт, сурталчилгаагаа хийх юм. Харин хэн нэг нь  хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдтэй ганцаарчилан гэрээ байгуулах, тусдаа уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт багийн бус хувь хүний тоглолтыг хийвэл хариуцлага хүлээж нэрээ хасуулах хэмжээнд хүрнэ.Нэр дэвшигчид одоо баруун аймгуудад ажилаж буй юм. Ардчилсан намын дотоод сонгуулийг ажиглахад С.Эрдэнийг “Шонхор”-ынхон, Л.Гантөмөрийг “Нэг Ардчилал”-ынхан буюу залуус нь, Н.Алтанхуягийг “Алтангадас”-ынхан, Д.Эрдэнэбатыг МҮДН, Ж.Батзанданг иргэний хөдөлгөөнийхөн дэмжиж байна.

Одоогийн байдлаар тэр нь илүү дэмжлэг авч байна гэж хэлэхэд эрт байгаа ч нийт массын хандлага, зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн дотоод санал асуулга гэх үзүүлэлтээр Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар бусдаасаа арай нэг алхамын өмнө яваа харагдана. Мөн харьцангуй нам тайвнаар сурталчилгаагаа явуулж байна дүгнэж болохоор. Гэхдээ санал хураалт ойртох бүр өрсөлдөөн улам ширүүсч зарим нэр дэвшигч сүүлийн сумаа тавьж мэднэ. АН-ынханы өмнөх түүхүүдээс харахад ч тэр бие, бие рүү гээ дайрч давшилсан, араас нь хутгалсан, тонгорсон үйлдлүүд зарим нэгнээс нь гарч мэдэх л юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг сунгааны төгсгөлд нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл байна. Түүний хувьд 250 сая төгрөгийн хандивыг намдаа өгснөөс гадна бүтэн сар орчмын сурталчилгаанд  явж, улс төрийн эрсдэлтэй мэдэгдэл зэргээс эхлээд бас ч үгүй өөрөөсөө золиос гаргасан хүн. Гэтэл яагаад ийм сонголт хийнэ гэж бодох хүмүүс байж мэднэ. Түүний хувьд Д.Эрдэнэбаттай наймаалцаж чадвал нэрээ татаж магадгүй гэнэ. Тодруулбал, тэрбээр тохиролцоонд хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлж чадвал нэрээ татаж “Д.Эрдэнэбатыг дэмжээрэй” хэмээн дуугарч эхэлнэ. Учир нь Д.Эрдэнэбат намын даргад сонгогдох өндөр магадлал бүхий хүн юм. Тиймээс тэрбээр АН-ын даргаар сонгогдох хамгийн боломжтой хүнтэй тохиролцоонд хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авчихбал нэрээ татаад сунгаанаас холдоод өгөх нь. Энэ нь бусад нэр дэвшигчдэд болон  Н.Алтанхуягт ч ашигтай. Тэгэхээр ийм нэгэн тохироо намын даргад сонгогдох магадлал хамгийн өндөр хоёр хүний дунд явагдаж магадгүй байна.

Мөн ойрноос “Шонхор”-ынхон бусдыгаа багцалсан таван сумаараа харваад эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Бүр Алунгоо эхийн дүрд тоглож таван сум тараасан Зи дарга нь өөрөө “Шонхор” гэх фракцийнхаа араас сумаа тавьж эхэлсэн гэнэ. АН-ынхан дотроо эвдэрэлцвэл парламент дахь олонхоос цөөнхийн цөөнх рүү шилждэг гашуун түүх бий. Тэр түүхээ давтах уу эс давтах уу гэдэг нь хэр эв эетэй байхаас нь шалтгаална.
 

Монгол Төгрөг 2016 оны хамгийн “муу” 10 валютын нэгээр тодорчээ

Блүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна.
Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгаржээ. Египет улсад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна.

Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар байранд Монгол Төгрөг жагсжээ. Египет, Монголын валюттай цуг Суринам, Венесуэл, Нигери, Мозамбик, Сиерра Леон, Конго, Ангол, Гвинейн үндэсний мөнгөн тэмдэгтүүд сүүлийн 10 байрыг эзэлсэн байна.

М.Энхболд: Надад өглөөнөөс хойш 20 гаруй мессэж ирлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг тогтоолд холбогдох хууль тогтоомжуудыг 2020 он хүртэл буюу энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд боловсронгуй болгох тухай асуудлыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулах боломжийг тогтоолоор бүрдүүлнэ гэсэн үг юм. УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан. Тухайлбал:

  • 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62;
  • 2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96;
  • 2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96;
  • 2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна. Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, "Анх тогтоолын төсөл боловсруулж байх үед 430 хуулинд өөрчлөлт оруулах санал орж ирж байсан. Бид аль болох олон хууль өөрчлөхгүй байхад анхаарсан. Тиймээс дээрх саналуудыг авч үзээд нийт 260 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгаад байна" гэсэн тайлбар хийж байв.

Тээгч эхийн талаар хуульчлах Н.Оюундарь гишүүний санал байнгын хороогоор  дэмжигдээгүй байлаа. УИХ-ын чуулганаар энэ саналаар санал хураах үед гишүүн Н.Оюундарь: -Үргүйдлийн асуудал манай нийгэмд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс тээгч эхийн талаар хуульчлах саналыг гаргасан юм. Нийгэмд тулгамдсан энэ асуудлыг манай гишүүд дэмжих биз ээ” гэсэн юм.

Үүнд гишүүн О.Баасанхүү: -Тээгч эх дээр болгоомжтой хандах ёстой. Тээгч эхийг дагалдсан хүний наймааны асуудал үүсдэг. Харин үргүйдлийн асуудлаар тусдаа хууль өргөн бариасай. Хүн үр хүүхэдтэй болох эсэх асуудал нь эцэг эхээсээ үл хамаардаг. 25 жилийн хугацаанд үр хөндөлтийг зогсоосон бол бид 6-7 сая хүн амтай болох байсан. Манай Н.Оюундарь гишүүн санаачилсан хуулиа уншдаггүй зовлон бий. Би үргүйдэл гэдэг талаас нь дэмжиж хууль боловсруулалцъя. Та тээгч эх гэдэг талаас нь бодолцоод хуулиа боловсруул. Энэ талаас нь би таны саналыг дэмжиж байна” гэлээ. Дээрх байнгын хороо дэмжээгүй хуулиар санал хураалт явуулахад гишүүдийн 14 хувийн дэмжлэг авав. Ингэснээр Н.Оюундарь гишүүний санал цаашид дэмжигдэн хэлэлцэх боломж бүрдлээ.

Мөн усны  ашиглалтыг  дээшлүүлэх талаарх саналыг байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжлэг аваагүй байна. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих хэрэгтэй. Ус ашиглалтын асуудал Монголын тулгамдсан асуудал болно гэдгийг гишүүд анхааруулж байв.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:-Ус , хөрс агаарын бохирдол анхаарал татаж байгаа.  Надад өглөөнөөс хойш 20 гаруй мессэж ирээд байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнан, уламжлах хэрэгтэй хэмээлээ.  Усны ашиглалтыг дээшлүүлэх саналыг гишүүд цаашид хэлэлцэхээр болсон юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт хийж дуусав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо чуулганаар Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  шийдэж байна.

Утаа болон замын түгжрэл сэтгэцийн олдмол "солиорол" өвчний гол шалтгаан

Лансет судалгааны хүрээлэнгээс замын түгжрэл болон хотын төв зам дагуу амьдардаг иргэд сэтгэцийн олдмол "солирол" өвчтэй болохыг нотолжээ. Энэхүү судалгаагаар нийт авто замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 10 хувь нь дементиа буюу сэтгэцийн олдмол "солиорол" өвчтэй гэсэн байна. 

Судлаачдын үзэж буйгаар нийт Канадын Онториа хотын хоёр сая гаруй иргэн 11 жилийн турш дуу чимээ болон агаарын бохирдлын өндөр аюултай бүсэд амьдарч буйгаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ төрлийн сэтгэцийн эмгэг нь ой санамж муудах, мартах, анхаарал төвлөрөхгүй байх, түр зуурын сааталд оруулдаг аюултай өвчин аж. Их Британийн Дементиа өвчний судлалын хүрээлэнгээс дэлхий дахинаа ойролцоогоор 50 сая хүн дуу чимээ, агаарын бохирдолоос болж шаналж, тархины ажиллах чадамж буурдаг талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Энэхүү өвчний 243,611 тохиолдол Канадын Онториа хотод бүртгэгдээд байгаа бөгөөд өвчтэй иргэдийн дунд явуулсан судалгаагаартөв замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 7-11 хувь нь замын түгжрэл, дуу чимээнээс болж сэтгэцийн "солиорол" эмгэгтэй болдог аж.

Онториа хотын олон нийтийн эрүүл мэндийн шинжээч, судлаач Хонь Чень “Хүн амын өсөлт, хотжилт, замын түгжрэл, агаар болон дуу чимээний бохирдол зэрэг нь нийт метро болон томоохон хотуудын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд томоохон хохирол учруулж байна. Иймд хүн бүр өөртөө цаг зав гаргаж, эрүүл амьдралын хэв маяг, зуршилтай болохыг зөвлөж, тухайн улс орны иргэдийн эрүүл амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатай байна" гэв.

Харин Улаанбаатар хотноо агаар мандал дахь хар тугалгын хэмжээ хүүхдийн цусанд байх ёстой стандартаас давсан бөгөөд уушигны үрэвсэл, багтараа өвчин үүсэж, тархи болон биеийн төрөлхийн гажигтай хүүхэд төрөх явдал нэмэгдэж байна. Нийслэлийн ихэнхи дүүрэг агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ  хэтэрч дээд цэгтээ хүрсэн талаар судалгаа гарч байгаа. Та энэ талаарх мэдээллийг agaar.mn сайтаас авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд 2-т жагсаж байна гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, Улаанбааатар хот нь агаарын бохирдлын хэмжээгээр Иран улсын ардаас хоёрдугаар байрт жагсаж, хамгийн өндөр бохирдолтой гэсэн судалгааг http://time.com/  сайт гаргасан байна. 

Долларын ханш түүхэн дээд хэмжээгээ шинэчлэв

Монгол банкнаас зарласан долларын ханш түүхэн дээд түвшнээ шинэчлэн, өчигдөр 2493 төгрөгт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөхөөс нэг орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна Найман шарга захад ам.долларын ханш чангарсаар буй. Тус захад ченжүүд ам долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, 2499 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд ам долларын ханш улам чангарч байгаа юм. Найман шарга захад ченжүүд 14 хоногийн өмнө гэхэд долларыг 2489 төгрөгөөр аваад 2492 төгрөгөөр борлуулж байсантай харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт энэ юм. Хамгийн сүүлд буюу уржигдрын валютын дуудлага худалдаагаар банкууд 2491.45 төгрөгийн ханшаар 39 сая ам.доллар,  354.81 төгрөгийн ханшаар 82.2 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 2492.5 төгрөгийн ханшаар 19 сая ам.доллар, 357.5 төгрөгийн ханшаар есөн сая юань нийлүүлсэн аж.

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment