Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм. Уг хэргийг үйлдсэн Өргөнтал гэж хэн вэ.
СЭЖИГТЭН ӨРГӨНТАЛ ГЭЖ ХЭН БЭ
1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. Манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагч байсан гэнэ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллээр Өргөнтал гэгч өвөрлөгч эр нутагтаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.
Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдарч байсан бөгөөд сард хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог гэдгээ найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байжээ.
Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход нэлээд чанга шалгууртай байдаг учраас гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан байж. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан гэнэ.
Сэжигтэн Өргөнталыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.