8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын шинэ дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

2017-01-06 15:10:22

-АРДЧИЛСАН НАМААС АЛИВАА САНАЛ АСУУЛГА, РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА ЯВУУЛААГҮЙ-

 

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан нам улс төрийн намуудын түүхэнд анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгох шийдвэрийг  VI их хурлаасаа гаргасан. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар 120-130 мянган гишүүн оролцох дүн гарч байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл  өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 24:00 цагт хаагдана. Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгаа явуулаагүй. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг Ардчилсан намаас албан ёсоор няцааж байна” гээд элдэв санал асуулгын дүнд битгий итгээрэй хэмээлээ.

Мөн "Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нартай уулзаж цаашид ямар, ямар асуудлууд дээр анхаарах вэ гэдэгт харилцан ойлголцсон" гээд "Та нар минь нэгэнд өрсөлдөж байгаа учраас сэтгэл эмзэглүүлэх, баярлах, гомдох, уурлах, бухимдах олон зүйл гарахыг үгүйсгэхгүй. Олон улсын жишиг ч тийм байдаг. Эцсийн бүлэгт намаа улам нягтруулж, хамтран ажилладаг, улс орноо хөгжүүлдэг юм байна" гээд намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд талархаж буйгаа уламжиллаа.

Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогийн байдлаар найман аймаг, хоёр дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.


Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явулах үлгэр жишээг харуулна. Дүрэм, журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Мөн санал өгсөн хүний хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх, саналыг камер, тв, дэлгэцээр харуулж тоолох зэрэг ажлыг хийх аж. “Бүх аймгийн төв, дүүрэг, сумын төв, тосгодуудад намын даргын сонгуулийг зохион байгуулахаар салбар хороодыг байгуулна. Нэгдүгээр сарын 29-ний ням гарагт болох Ардчилсан намын гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Л.Эрхэмбаяр "Олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк, мэдээллийн цахим хуудсаар АН-ын даргад нэр дэвшигчийн үнэлгээ, дэмжигчийн тоог гаргах санал асуулга явж байна. Цахим хуудсын санал асуулга бол тухайн сайтын админ өөрөө нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг гаргаж болохоор программчлагдсан байдаг. Тиймээс хэн нэгний төлөө ажилладаг, нэр дэвшигчийг хагаралдуулах, зөрчилдүүлэх зорилго агуулж байж мэдэх юм. АН-ын зүгээс албан ёсоор ямар нэгэн санал асуулга явуулаагүй, явуулахгүй тул гишүүдийг дээрх мэдээлэлд итгэхгүй байх нь зөв. Бид гадаадын улс төрийн хүчнүүдийн намын даргаа сонгох дүрмийг судалсан. Гадаадын улс төрийн хүчнүүд намын даргад өрсөлдөгчид нэг нэгнийгээ муулах тохиолдол байдагч сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн тулд нягт хамтран ажилладаг. Тиймээс АН-ын даргад нэр дэвшигчийг аливаа асуудалд хүлээцтэй, буурь суурьтай хандаж, сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна” хэмээв.

Түүнчлэн АН-ын Үндсэн дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй юм. Намын дарга УИХ-ын сонгуульд амжилт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд болдог тул шинээр сонгогдсон дарга Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй хэмээн онцлов.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment