8o
Улаанбаатар хот
mobile menu

Дипломатуудын томилгоог дөрвөн жил болгоно

2017-01-06 15:28:07

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгожээ. Практикт дипломат ажилтнууд томилогдсон улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзжээ.

Түүнчлэн хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байна, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлага үүсчээ. Энэ хүрээнд хилийн чанадад дипломат алба хашиж буй ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг хуулиндаа тусгасан аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд зарим асуудлыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулсан. Гишүүдийн зүгээс дипломатуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон хэмээн дэмжсэн байр суурьтай байв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив. Ингэснээр тус хуулийн төсөл дараагийн хэлэлцүүлгээр чуулганы хуралдаанд орж ирэх нь.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment