“IMAX-Өргөө” кино театрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө IMAX цуврал лекц зохион байгуулж эхэлсэн билээ. Залууст үнэт зөвлөгөө өгөх эрхмүүдийг санал асуулгаар тодруулж энэ удаагийн зочноор Судлаач, хөтлөгч П.Анужин хамгийн олон санал авч, лекцийн хүндэт зочноор уригдсан юм.
П.Анужин “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр залуустай ярилцаж, сонирхсон асуултанд хариулсан юм. Ингээд уг лекцийн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
1. Хүнд аливаа зовлон, бэрхшээл тохиолдох нь урагшлах дээшлэх боломж болж өгдөг.
2. Хүн амьдралдаа өсөрхөж биш, хонзогнож биш аливаад ухаалгаар хандах хандлагаа өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
3. Хүний амьдралын оршихуйн цаг хугацааг цөөн үгээр илэрхийлэх боломжгүй агуу зүйл.
4. Би амьдралд хайртай жирийн нэгэн бүсгүй.
5. Миний хүүхэд нас амьдрал минь хар толбогүй, шувуу шиг дүүлэн ниссэн үе байсан.
6. 17-хон насандаа хүнд өвчин тусч амьдрах боломжгүй, 2 сарын настай гэсэн үгийг сонсоод эцэг, эхийнхээ өмнө орж болдоггүй юм шүү, орж болохгүй юм байна гэдгийг би ойлгосон азтай хүн.
7. Тэгш дүүрэн жаргалтай, зовлонгүй хүн байгаа гэдэгт би эргэлздэг. Хүн бүрт өөрт нь тохирсон зовлон жаргал ээлжилж оршдог.
8. Тэр үеэс миний амьдралын хандлага өөрчлөгдсөн.
9. Таны амьдралд гарах гарцгүй зүйл байгаа мэт санагдвал та хандлага нэг өөрчлөөд үзээрэй.
10. Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь иргэн таны хувьд усыг хэрхэн зөв уух вэ гэдгээс эхэлнэ.
11. Ус зөв уух нь эрүүл, гоо сайхан, үзэсгэлэнтэй байхын эхлэл.
12. Таны уух гэж байгаа ус хүний биеийн хэмтэй адил хэмжээтэй байх нь зохилтой.
13. Хэт халуун эсвэл хүйтэн ус хор болдог. 30 минут тутамд бүлээн ус ууж хэвшихэд эрүүл мэндэд маш их эерэг өөрчлөлт орно.
14. Эрүүл оршихын үндэс нь хоолоо сайтар зажилж идэхээс эхэлдэг.
15. Ходоодондоо араа, шүдтэй хүн байна уу. Тийм хүн байхгүй.Тиймээс ходоодоо хайрла.
16. Цагаан хоол идэх нь мацаг барьж байгаа зүйл биш.
17. Мацаг барих нь биеэ амраах нэг арга.
18. Мацаг нь хуурай, сонгодог буюу устай гэж хоёр янз байдаг. Хуурай гэдэг нь ус ч уухгүй, юм ч идэхгүй байхыг хэлнэ. Устай мацаг нь зөвхөн ус уухыг хэлнэ
19. Би 30 хоног устай мацаг барьж байсан. Энэ миний хамгийн урт барьж байсан мацаг.
20. 24 цагийн мацгийг өдрийн хоолноос өдрийн хоол хүртэл баривал илүү үр дүнтэй.
21. Мацаг барих амархан. Тайлах хамгийн хэцүү.
22. Мацгийг туршлагатай зөвлөх хүн, сайн номын дагуу барихгүй бол биед хортой.
23. Бид хоолоо эм болгож найруулах ухаанд суралцах нь чухал, суралцах хэрэгтэй.
24. Өдөр тутамдаа халбагадаж буй энэ хоол хор болох уу, эм болох уу гэдэг нь таны гарт байдаг.
25. Мацгаар биеийн болон сэтгэл, оюун санааны их цэвэрлэгээ хийгддэг. Мацаг барих нь оюун санааны хувьд ер бусын багтаамж орон зай үүсдэг.
26. Леонардо да Винчи сонгодог мацагтан байжээ. Тэрбээр өөрийнхөө өрөөний гадна өдөрт 2-оос дээш удаа хоол иддэг хүмүүст надтай битгий уулз гэж бичиж байсан тухай олж уншиж байсан.
27. Бид идэхийн төлөө төрөөгүй. Амьд оршихын төлөө зохистой хэмжээний хоол хүнс хүртдэг.
28. Тэсвэртэй, тэвцээртэй зөв хүн байхын хамгийн үнэгүй туслагч бол мацаг барих юм.
29. Бүтэн нэг жилийн дотор эмчилгээ хийлгэх хугацаанд миний ой санамж маш муудсан. Эргээд сэргээхэд тусалсан зүйл бол мацаг.
30. Хүн өөрөө өөрийгөө анагаах хосгүй чадвартай бодьгал.
Д.Нэргүй