8o
Улаанбаатар хот
mobile menu

127 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрчээ

2017-01-07 15:58:00

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 17 аймгийн 127 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрчээ.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгийн зарим нутгаар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан байна. Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг онцгой байдлын байгууллагаас хангасан аж.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй болжээ. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас өнгөрөгч оны 11 дүгээр сард 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт, 21 аймагт нийт 630 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгожээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөв ажиглагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл