Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нэгэн нотцой баримт дэлгэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандлаа. Тэрбээр уг албан бичигтээ "Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтуудыг тохирсон хэдий ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудлууд Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна.
Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна.
Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна.
Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг зам, тээврийн сайд М.Зоригт танаа" гэжээ.