8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарч, "Централ Таур"-т тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн өдөр

2017-01-09 19:00:00

“Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж, Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах хамгийн дээд жаргал” гэсэн урмын үгийн хамт эрхэм уншигч таны энэ өдрийн мэндийг эрье.  Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Шуурхай: "Централ Таур"-ын 200 метрийн зайд онц байдал зарлажээ

Төв талбайн зүүн талын “Централ Таур”-ийн 15 давхарт гадны иргэн халдлага үйлдэхийг завдсан  хэрэг гарсан байна. Нэгэн гадны иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж иргэдийг сүрдүүллээ гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар “Цагдаагийн алба хаагчид дотогшоо нэвтрээд байгаа ба дотор байсан иргэд, үйлчлүүлэгчдийг гаргаж байна. Яг одоо 200 метрийн зайд онцгой байдал зарлаад байна” гэжээ. 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. 

Хөвсгөл аймагт онц байдал зарлалаа

Өнгөрсөн сард  эцэг эхчүүд нэгдэг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-г байгуулж төв талбайд тайван жагсаал хийсэн. Тэд Засгийн газарт шаардлага хүргүүлж, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг сануулсан юм. Дээрх холбооныхон энэ сарын 28-нд “Боож үхлээ” нэртэй жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Харин үүнээс өмнө эцэг эхчүүд Засгийн газрыг шүүхэд өгсөн байна.  Энэ талаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны дарга Ц.Пүрэвхүү “Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эм тарианд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно. Бид орлогынхоо талыг нь утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс бид нөхөн олговорыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдээ элэг барьдаг, иргэд нь сэтгэл санаа, бие махбодь, мөнгөөрөө давхар давхар хохирдог байдалд цэг тавихын төлөө ээжүүдээ бидэнтэй нэгдээрэй. Эмнэлэг, эм, эмчийн үзлэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа цуглуулаарай. Ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломж байснуудаа тодорхойлох бэлтгэлээ дор бүрнээ базаагаарай” гэжээ. 

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг тус холбооноос гаргажээ. 

Б.Алтангэрэл: Баянхошуу, Долоон буудалд амьдардаг хүмүүс эрүүл байна гэсэн ойлголт байхгүй

Байгаль орчин, утаа, агаарын бохирдлын чанарын чиглэлээр судалгаа хийдэг “Ногоон титэм” лабораторын судлаач Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Хэдэн жил агаарын бохирдлын чанарын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байна вэ. Судалгаа явуулж байхад нийслэл хотын аль дүүргийн хаана илүү их утаатай, бохирдол ихтэй байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Ногоон титэм” компани утаа, агаарын бохирдлын агаарын чанарын чиглэлээр судалгаа хийгээд хоёр жил болж байна. Нийслэл хотод утаагүй хэсэг, үүнд хордохгүй хүн гэж байхгүй болж. Яагаад гэвэл нийслэл хотын төвийн хэсэг болон алслагдсан гэр хороололд утаа маш их агаар бохирдол гэж гамшгийн хэмжээнд хүрээд байна. Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бохирдолтой. 

-Агаарын бохирдлын чанарын индексийг хэрхэн судалдаг юм бэ. Бидний мэдэхээр улаан шар, улбар шар гэж таван өнгөөр ангилж үздэг. Эдгээр өнгөнүүдийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Байгаль орчны яамны сайдын 2014 оны тушаалаар Агаарын бохирдлын чанарын индексийг таван өнгөөр ялгаж эхэлсэн. Агаарын бохирдлыг чанарын индексийг NO2 буюу азотын давхар исэл,  SO2-нь хүхрийн давхар исэл, CO нүүрсний хүчил дутуу исэл, агаарын чийгшил, температур, даралт зэргийг харьцуулж судалгаа хийдэг. ДЭМБ болон АНУ-ын байгаль орчноо хамгаалах агентлагаас гаргасан агаарын бохирдлын индекс гэж байдаг. Энэ нь агаарын чанарын индекс нь 50 болон түүнээс доош байвал хэвийн хүн амьдарч болно, 300 ба түүнээс дээш бол их бохирдолтой гэж үзсэн байдаг. Улс орны агаарын чанарын индекс харилцан адилгүй байна. Харин манай улсын хувьд агаарын бохирдол нь 500 болон түүнээс дээш гарвал бохирдолтой гэж үздэг. Агаарын чанарын индексийн ялгасан өнгөний хүснэгт байдаг. Энэ хүснэгтээс харахад нийслэл хотын агаарын бохирдол хэр байгаа, ямар хэмжээнд байгаа нь харагдана. Зарим дүүргүүдэд 600-900, Баянхошуу, Долоон буудал, 100 айл, Баянбүрдэд агаарын бохирдол 2500 гарчихсан тэнд амьдардаг хүмүүс эрүүл байна гэсэн ойлголт байхгүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Д.Хаянхярваа: "Хөгжлийн банк"-ны асуудлыг цаашид эзэн биегүй ярихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн байна. Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулжээ.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэн нэгэн хүн рүү хандаж эзэн биегүй ярихгүй. Болсон юмыг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон мэт яриад яваад байдаг. Өнөөдрөөс эхлээд ийм зүйлд цэг тавина. Яагаад гэвэл Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгч нарын мэдээллийг нийтэд цацахгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд босгосон. Тэр хөрөнгөөр хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгоход зарцуулаад дууссан” гэж хэлсэн. Тухайн үед би Сангийн сайд байсан. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.доллараас нэг цент зарцуулалгүй эд нарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээ нь наймдугаар сарын 27-нд эхэлсэн байдаг. Цаашид эзэн биегүй ярихгүй гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Сурагчдын амралтыг сунгахыг хүссэн албан бичиг хүргүүлжээ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан тоот хүргүүлжээ.

Учир нь нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн байна.  Уг нөхцөл байдал нь  хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн тул Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан тоот хүргүүлжээ.

Уг албан бичигт "ийслэл хотод томуу,томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтайг дурдсан байна. Иймд Засгийн газрын хуралаанаар уг асуудлыг хэлэлцэж, Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон аж.  Уг тасаг ирэх долоо хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх  юм байна.

Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болжээ. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцах юм. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэг Баянзүрх дүүргийн зарим хорооны, Улсын хоёрдугаар төв эмнэлэг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчлэхээр тооцсон аж.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн засаг дарга С.Батболдод хандан дээрх хоёр тасагт ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмжийг гаргаж өгөхийг хүссэн байна. Мөн ЕБС, Их дээд сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах, үзвэр үйлчилгээ олон нийтийн газрын ажиллах цагийг богиносгох, олныг хамарсан арга хэмжээг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах хүсэлт тавьжээ.

2018.1.1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргалаа.

Уг захирамжийнхаа талаар тэрбээр “Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг  даргын зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны 6 дугаар сараас Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  өргөтгөсөн   хуралдаанд танилцуулна” гэлээ.  

Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжийг  нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байна.  Захирамжаар  улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

Дараагийн захирамж нь “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын  4 бүсчлэлийг тогтоолоо. 1 дүгээр бүст  орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг  бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Гурав дахь захирамж нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.  Тухайлбал  Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.

“Уг арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн  автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлхий дахинд: Бээжин хотод агаарын бохирдлыг хянах цагдаагийн тусгай ангийг шинээр нээлээ

Агаарын бохирдол нь Бээжин хотын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Утаагаа багасгахын тулд Бээжин хотын удирдлагууд байгаль орчинг хянах  цагдаагийн тусгай ангийг шинээр нээсэн байна.

Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэнтэй холбоотойгоор хотын дарга Цай Чигийн удирдлага хатуу түлш (нүүрс) ашиглах асуудлыг хязгаарлаад байгаа юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтан дээр Бээжин хотын дарга Цай Чи энэ онд хотынхоо 16 дүүргийн агаарын чанарыг  сайжруулах тал дээр хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Шинээр бий болсон цагдаагийн анги нь байгууллага болон иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавихын сацуу ил гал дээр барбекью бэлтгэх, хог болон амьтны цогцос шатаах зэрэг урьд өмнө эрх баригчдын тэр бүр анхаарч байгаагүй асуудлуудад мөн хяналт тавих аж.

Утаанаас болж Хятадын 24 хотод онцгой байдлын улаан түвшин зарлаад байгаа юм.  Улаан түвшин  гэдэг нь Хятадын агаарын бохирдлын  түвшинг тогтоох системээр хамгийн их бохирдолтой байгааг илтгэх үзүүлэлт юм. Улаан түвшин зарлагдсан үед орон нутгийн удирдлагууд үйлдвэр үйлчилгээний газруудыг хааж, агаарыг ихээр бохирдуулдаг тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Хятадын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахыг хичээж байгаа ч  засгийн газрын шаардлагыг биелүүлэх тал дээр алдаа дутагдал их байгаа юм.

Одоогийн байдлаар Хятадын Байгаль орчин хамгааллын яам зөрчил гаргасан Хятадын 500 гаруй компани болон тээврийн хэрэгсэл эзэмшигч 10 000 орчим иргэнд шийтгэл ноогдуулаад байна.
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөрчсөн албаны 2682 хүмүүст хариуцлага тооцож, нийт $35 сая ам. долларын торгууль ноогдуулсан талаар Синьхуа агентлаг мэдээлсэн юм.

Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр сүүлд Бээжин хотыг нөмөрсөн утаа долоон хоногийн турш хотын агаарыг бохирдуулж, агаарын чанарын үзүүлэлтээр “хүний эрүүл мэндэд хортой” түвшинд хүрчээ.

Эх сурвалж: BBC

Ухаалаг гар утсанд зориулсан ариун цэврийн цаас нэвтрүүллээ

Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд шинэ, технолги нэвтрүүлжээ. Энэ нь уламжлалт ариун цэврийн цаасыг шинэчилж, нийт 86 өрөөнд ухаалаг ариун цэврийн цаас нэвтрүүлжээ.Ариун цэврийн цаас бүр "Япон улсад тавтай морил" гэж хэлдэг талаар аялагчид твиттер хуудаснаа сэтгэгдэлээ бичиж үлдээжээ. 

Энэхүү ариун цэврийн цаасан дээр хэрхэн зөв сууж бие засах, яаж хэрэглэх талаар зөвлөмжийг багтаасан хэмээн Японы үүрэн харилцаа холбооны "NTT Docomo" компани хэллээ.Гар утасны дэлгэцэнд ариун цэврийн өрөөний султууртай харьцуулвал тав дахин их нян бактерууд байдаг бөгөөд энэхүү цаас нь өөрийн гар утсын дэлгэцийг арчиж, ариутгах боломжтой талаар CNN мэдээллээ.  

Эх сурвалж: CNN

Vogue: Монголд аялах 9 шалтгаан

Чухал.мн веб сайтын эрхэм уншигчиддаа зориулан гадны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр биднийг хэрхэн онцолсон талаар бэлтгэж, орчуулан хүргэдэг билээ.Тэгвэл биднийг энэ удаад "Vogue" вебсайтад хэрхэн онцолж буй талаар хүргэж байна.

Дэлхийн аялагчдын зорин ирэх дуртай газрын нэг бол ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол улс юм. Гурван сая хүн амтай хэрнээ тархан сууршисан. Уулсын хөндийн дунд зэрлэг морьд эргэхийг харж, эртний Буддын сүм дуганд зочилж, уулсаар аялаж, мянга, мянган оддын доор монгол гэрт буудаллаж хоноглох боломжтой. Иймд аялагчдын жагсаалтанд байх зүй ёсны газрын нэг бол яахын аргагүй Монгол улс юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment