8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Централ Тауэр"-ээс тэсрэх бөмбөг илрээгүй болохыг тогтоож, шилжилт хөдөлгөөн зогсоосон шийдвэрийг дэмжсэн өдөр

2017-01-10 18:45:00

Бидний амьдралын нэг өдөр өнгөрлөө. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсраа алдсан тохиол бүрээ тунгаа. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл ядвлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.  

Баримт 1: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат улсын төсөвт суугдаагүй мөнгөнөөс 933.6 саяыг хууль зөрчин олгожээ

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 69,6 хувь, чанаргүй зээл 13,8 хувийг эзэлж байна. Нийт зээлийн 6.9 их наядын 54.3 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр зарцуулжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгожээ. Тухайлбал, автозам, дэд бүтэц, төмөр зам гэх 371 төсөлд 3.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Эдгээр олгосон зээлийг энэ жилээс эргэн төлөх учиртай. Тодруулбал, 2019 он хүртэл 3,7 их наяд төгрөгийн зээл төлнө. Үүний 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. 2,2 их наяд төгрөг дотоодын аж ахуй нэгжээс орж ирнэ.Гэтэл зээл төлөх ёстой аж ахуй нэгж хугацаагаа 1-4 удаа хойшлуулсан. Энэ жил 1,6 их наяд төгрөгийн зээл төлнө. 
 

Хөгжлийн банк өөрөө 1,7 их наяд төгрөгийн зээлийг 16 аж ахуй нэгжид олгосон. Эдгээр аж ахуйн нэгжээс найм нь төрийн өмчит үйлдвэрийн газар, найм нь хувийн өмчийн аж ахуй нэгж байгаа юм. Үлдэгдэл нэг их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгосон бөгөөд 1619 төслийг санхүүжүүлжээ. Нийтдээ зургаан их наяд төгрөгөөр 2000 төсөл санхүүжүүлсэн байна. Тодруулахад, арилжааны банкаар дамжиж олгосон нэг их наяд төгрөгийн зээлийн хариуцлагыг банк хүлээж байгаа тул эрсдэл багатай гэж үзэж байгаа аж. Хөгжлийн банкны олгосон 1,7 их наяд төгрөгийн зээлийг улсын өмчит найман газар, хувийн өмчийн найман аж ахуй нэгж авсан байна. 6 их наяд төгрөгийн зээлийг гурван субьектээр дамжуулж олгожээ. 
 
Тухайлбал авто зам, Гудамж төсөл, инженер, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан хий, агааржуулалт, боловсруулах үйлдвэр, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаа гэсэн төрөлд ангилжээ. 
Улсын өмчит үйлдвэрийн найман газар: Шинэ төмөр зам төсөл, ДЦС хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Амгалан ДС-ын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” уул уурхайн төсөл, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Геологийн төв лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, Боинг 767 онгоц худалдан авахад зориулсан төсөл гэх мэт. Эдгээр аж ахуй нэгж зээлээ төлж чадахгүй хугацаа хойшилж байгаа юм. 

Хувийн өмчийн аж ахуйн найман байгууллага: “Монполимет” компанийн “Мон цемент” төсөл. Хөх цавын цемент буюу МАК компанийн төсөл, Байшин үйлдвэрлэх төсөл “Эрэл” компани Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Барилгын арматур үйлдвэрлэл буюу “Бэрэн” группын төсөл, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр буюу “Мон лаа” компанийн төсөл, Төмөртэй ордоос-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл “QSC” компани, Яармагийн гүүрний хажуу талын орон сууцны төсөл гэх мэт төслүүд байна. Эдгээр компаниудын зарим нь мөн зээлээ төлж хугацаа хэтрүүлжээ. 


 
 ХӨГЖЛИЙН БАНК НЬ ДАРААХ ХУУЛИУДЫГ ЗӨРЧЖЭЭ
 

Шалгалтын явцад Хөгжлийн банк УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна. Мөн нийт 33 төслийн төсөвт өртөг нэмэгджээ.Анх гэрээ хийгдсэнээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгүүдийг нь нэмэгдүүлсэн төслүүд ч байгаа юм. Мөн ханшийн зөрүүтэй холбоотой Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Хөгжлийн банкны бүтцийг томосгосон. Цалингийн сан хэтэрсэн. Оффисын зориулалттай байрыг 28.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан талаар дурдсан юм. Улмаар тус бүлгийн хуралдаанаас төсөвт өртөг нь нэмэгдсэн зардлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж буй. Мөн Засгийн газар өөрийн дураар, УИХ-аар батлуулалгүй 160 тогтоол гаргасан. Эдгээр тогтоолд гүйцэтгэгч болон зээл авагчийн нэр зааж олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгажээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчигдсөн гэж дүгнэсэн байна. Мөн дээрх шийдвэрийг өнгөрсөн Засгийн газар гаргаснаар УИХ-ын эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм байна.
 
 

ХӨГЖЛИЙН БАНК АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ШАЛТГААН

  • Улсын төсвөөс эргэн төлнө гэдэг нэрийдлээр нийт зээлийн 54 хувийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Явцын дунд 33 төслийн төсөвт өртөг нь дунджаар 77,5 хувиар нэмэгдсэн байна. Жишээ нь, Атар Өргөөгийн уулзвар барих ажлын гүйцэтгэгчээр “Монроуд” компани ажиллажээ. Анх 440 сая төгрөгөөр гэрээ хийж байсан ч явцын дунд гэрээгээ шинэчилж нэг тэрбум 895 сая 550 мянган төгрөг болжээ. Энэ мэт төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг хуулийн байгууллагаар шалгуулах аж.
  • Ханшийн зөрүүнээс болоод Засгийн газар өнөөдрийн байдлаар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болжээ. Учир нь, гаднаас валютаар зээл авчихаад арилжааны банкаар дамжуулж төгрөг болгоод Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Гэтэл эргэн төлөлтийг валютаар хийх юм байна.
  • Векселийн бичилттэй холбоотой Хөгжлийн банк 1,9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.
  • Төсөл болгон дээр нэмэгдэл зардал гарчээ. Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хуулийн зөвлөх үйлчилгээнд 3,2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1,6 сая ам.долларыг зарсан байна. 

Олон зөрчил тус банкнаас илэрсэн учраас цаашид тус банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн удирлагаар хангах ажлыг хийх юм байна.

Мөн тус банкны удирдлагуудтай холбоотой ноцтой хэд, хэдэн баримтууд ил болоод байна. Тухалбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат 933.6 саятөгрөгийг хууль зөрчин олгожээ. Н.Мөнхбат нь банкны мөнгөөр хувьдаа тансаглаж гадаад айлчлалд л гэхэд олон саяыг зарсан гэх мэдээлэл өмнө нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан. 

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг ҮАБЗ дэмжсэн байна

Хотын дарга С.Батболд мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018-1-1-ныг хүртэл хөдөөнөөс хотод шилжин ирэхийг хориглсон захирамжийг гаргасан юм. Энэхүү шийдвэрээ өнөөдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулжээ. ҮАБЗ хотын даргын гаргасан энэхүү шийдвэрийг дэмжсэний зэрэгцээ “Хүний эрхийг хязгаарлаагүй байна” хэмээн үзсэн байна. 
 
Нэгдүгээрт Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж.

Хоёр дахь захирамжаар агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын 4 бүсчлэлийг тогтоосон байна. Эхний бүсэд  орон сууц, байшин хороолол багтана.  Уг  бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй хэмээн тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамжлав.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” буюу гурав дахь захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг шилжиж ирж болно. Түүнчлэн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглохоор тооцжээ.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл түр зогсоолоо. Хугацаа дууссаны дараа ямар арга хэмжээ авах вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг сунгаж болно гэдэг шийдвэр гарч байгаа. Тиймээс бид шилжилт хөдөлгөөнийг сунгах эсэхийг тухайн үед шийднэ. 
-Агаарын бохирдлыг бууруулах захирамж хэрэгжиж эхэлснээр агаарын бохирдол хэдэн хувь буурах вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэдэд одооноос сайжруулсан түлш тараана. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа зүгээр л нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
-Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь цэц дээр очих асуудал юм биш үү. Өмнө нь ийм асуудлыг цэц авч хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэж байсан?
-Хэвлэл мэдээллийн удирдлагууд өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд хандаж хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөвөөр иргэдэд ойлгуулаарай хэмээн уриалсан. Энэхүү шийдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжинэ. Дорнодын иргэн Зүүнхараа, Сэлэнгэд суурьших эрхэд бид халдаагүй.
-Эмнэлгийн хүртээмжид хэрхэн анхаарч байна вэ. Цэцэрлэгүүдэд агаар шүүгч тавих шийдвэр хэдий хүртэл хэрэгжих вэ. Хэдий санхүүжилт шаардлагатай болох нь. Нам даралтын зуухыг солино гэлээ. Цэцэрлэг, сургуулиуд хэзээгээр зуухаа сольсон байх вэ?
-Улаанбаатарын хэмжээнд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулж, 600 ороор хүүхдийн эмнэлгийг өргөтгөсөн. Он гарангуут Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад оруулна. Бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Томуугийн өвчлөл буурч байна. Бидний авсан мэдээллээр 13 хувиас 10 хувь руу өвчлөл буурч байгаа юм байна. Хүүхдийн дуудлага нэг хоногт 2500 байснаа одоо 1500 болж буурсан. Манай нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн ор цөөн байдаг. Урин дулааны үед хүүхдийн өвчлөл бага байдаг тул хэт олноор ор нэмэгдүүлэх нь оновчгүй байдаг. Нөгөө талаар хоосон ор, хоосон өрөө олон байхаар эмнэлгүүдийн төсөв санхүүд нөлөөлдөг гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Бид саяхан 200 ангид агаарын шүүгч тараасан. Одоо 250-ыг нэмж тараана. Цаашдаа бүх сургуульд агаар шүүгч тавина. Захирамж хэрэгжиж байгаа тул ААН-үүдэд зуухаа соль гэсэн шаардлага тавина. Нийслэлийн харьяа байгууллагууд гэхэд зуух яндан хэрэглэхгүй.

Казиног Замын-Үүдийн чөлөөт бүсэд байгуулах санал гаргажээ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан юм. Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэхээр тусгажээ.

Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа аж. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Эрх баригчид Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндсөн билээ.

Тиймээс өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуульд Ажлын хэсэг байгуулсан нь энэ юм. Ажлын хэсгийг Л.Энхболд гишүүн ахалж Н.Учрал нарын гишүүд ажлын хэсэгт багтжээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийн талаар АН-ын бүлгийн гишүүдээс саналыг нь сонсох юм байна. 
 

“Централ Тауэр”-ээс тэсрэх бөмбөг илрээгүй

Улаанбаатар хотын “А” бүсэд буюу Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны зүүн урд талд байрлах “Централ Тауэр”-т өчигдөр 17:00 цагийн үед онц байдал зарлаж, иргэдийг гаргасан. Учир нь тус барилгын 15 давхарт байрладаг байгууллагын албан тушаалтантай уулзахыг хүссэн Дани улсын иргэнийг оруулахгүй гэсний улмаас тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн талаар мэдээлэл гарсан. Хэргийн газарт   ЦЕГ, ОБЕГ, ТЕГ-ын ажилтнууд ажиллаж,  20:05 цагийн үед урьдчилсан дүгнэлт гарч тус барилгад ямар нэг тэсэрч дэлбэрэх зүйл байхгүй болохыг тогтоосон байна.

Жаргалант суманд онц байдал зарлалаа

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өчигдрөөс эхлэн 4 хоногийн онц байдал зарлалаа.Өвлийн сар гарснаас хойш тус суманд хүйтрэлт, мөстөлт бага хэмжээтэй явагдсаар шар ус, усны түвшин ихсэж Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх, гудамж хороолол усанд автагдсан учраас сумын Засаг даргын захирамжаар онц байдал зарлажээ.

Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна.Дайчилгааныхан далан босгох, шуудуу татах, усны урсац түр өөрчлөх  зэрэг ажлыг хийж байгаа ажээ.

Утаа ихтэй бүсүүдэд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Ялангуяа Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа аж. Тиймээс жолооч нар сонор сэрэмжтэй, хүлээцтэйгээр замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг санууллаа.

Нийслэлийн Агаарын чанарын албаны өнөөдрийн мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/, Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байна. 

 

Анхаар: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. Тодруулбал,  11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-12-нд төв болон зүүн  аймгуудын  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.  

Дэлхий дахинд: Криштиану Роналду шилдэг хөлбөмбөгчин боллоо

Криштиану Роналду ФИФА-гийн шилдэг хөлбөмбөгчин шагнал хүртлээ. “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн довтлогч юм. Тэрээр 31 настай бөгөөд Барсаленогийн Леонел Месси болон Атлетко Мадридын Антоне Гриезмений амжилтыг эвдсэн юм. 

Тэрээр арванхоёрдугаар сард “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, өөрийн амжилтыг ахиулаад авсан чансаатай тамирчин юм. Харин АНУ-ын Карли Лоёд шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин шагналыг хүртжээ.
Криштиану Роналду Цурыхд болсон шагнал гардлуулах ёслолын үеэр “Энэ жил миний хувьд гайхамшигтай эхэлж байна” хэмээн хэллээ. Энэхүү шагналын эзэнг олон нийтийн санал асуулгаар тодруулсан бөгөөд Криштиану Роналду 34.54%, Леонел Месси 26.42% болон Антоне Гриезменд 7.53% санал өгсөн байна.

 

Доналд Трамп өөрийн хүргэндээ ахлах зөвлөхийн суудлыг "бэлэглэв"

Доналд Трамп энэ сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Тэрээр өөрийн хүргэн Жаред Кушнэрийг Цагаан ордон дах ахлах зөвлөхөөр нэрлэсэн байна.

35 настай Жаред Трампын сонгуулийн кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн ба түүний шинэ албан тушаал гадаад болон дотоодын бодлогыг тодорхойлоход чухал үүрэгтэй юм. Трампын охин Иванкагийн нөхөр Жаред Кушнер бизнесийн олон салбарт ашиг сонирхолтой, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн юм.

Түүний шинэ албан тушаал 1967 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны баталсан хуультай харшилж, мөн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байгаа учраас олон маргааныг дагуулж байна. Линдон Жонсоны хуулиар төрийн албанд байгаа хүн өөрийн хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүнээ өөрийн ажилладаг салбарт томилж болохгүй гэсэн байдаг.

Трамп, “Сонгуулийн кампанит ажилд маань Жаред томоохон хувь нэмэр оруулж,  итгэлтэй зөвлөх маань байсан. Түүнийг өөрийн багтаа гол удирдах албан тушаалд томилж байгаадаа бахархаж байна.” Хэмээн бичсэн байна.

Трампын багийнхан Линдон Жонсоны хууль Цагаан ордон дах албан тушаалд хамаарахгүй хэмээн үзэж байгаа аж. Линдон Жонсоны хуулиас гадна засгийн газрын албан тушаалтан ямар нэг өөр бизнес давхар эрхэлж болохгүй гэсэн хууль дүрэм үйлчилдэг.

Жаред Кушнерийн хуульчийн хэлснээр Цагаан ордонд ажиллах болвол Жаред гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесээс гарч, мөн бусад бизнесээс ч холдох ёстой.

Трамп "биелэгдэшгүй" даалгаварыг биелүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп улсынхаа гадаад өрийг найман жилийн дотор шийднэ гэж амаллаа. “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж өгүүлжээ.
Тэрбумтан Доналд Трамп хамгийн түрүүнд татварыг бууруулж, Умард Атлантын цэргийн эвсэлтэй хийсэн худалдааны олон цэрэг дайны хамтын ажиллагааны талаарх гэрээг дахин судалж үзэх бөгөөд 100 хоногийн дотор амжуулна гэв. Харин19 тэрбум ам.долларын гадаад өрийг найман жилийн дотор шийднэ хэмээн ам гарчээ. 
Ярилцлага хэвлэгдсэний дараа олон эдийн засагч Д.Трампын амлалтыг “биелэгдэшгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Анжелина Жоли, Брад Питт нар хүүхдүүдийнхээ ирээдүйд хамтдаа санаа тавихаар болжээ

Таван сарын  хугацаанд тэдний салалтын тухай элдэв мэдээлэл түгсээр байсан юм. Хамгийн сайхан хос гэгдэж байсан зургаан хүүхдийн эцэг эх тэд яагаад салах болсон тухай олон янзын таамаг байсан боловч эцсийн дүндээ хүүхдийн асуудлаас болж Анжелина Жоли нөхрөөсөө салах өргөдөл өгсөн гэдэг нь тодорхой болсон.

“Гэр бүлийнхээ төлөө” хэмээн салалтаа тайлбарлаж буй Анжелина Жоли хүүхдүүдээ ганцаар өсгөх хүсэлт тавьж шүүхийн шийдвэр түүний талд гарсан. Жүжигчин Брэд Питт үүнийг эсэргүүцэж хүүхдүүдээ хамтран өсгөх хүсэлт тавьж шүүхэд хандсан ч шүүхээс хэрэгсээгүй.

Энэ мэтчилэн Брэд Анжелина нар хүүхдийн асуудлаар өдгөөг хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байсан. Энэ долоо хоногийн даваа гарагт тэд хамтарсан мэдэгдэл гаргаж салалтаа албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Түүнчлэн хүүхдүүд болон ирээдүйд урган гарах асуудлыг ч хамтран шийдвэрлэсэн гэв.

Сансрын чулуулаг биет Нагасакид атомын бөмбөг хаясанаас 10 дахин их хохирол учруулах байжээ

11-34 метр диаметртэй астероид буюу сансрын чулуулаг биет Улаанбаатарын цагаар 20:47 цагт манай дэлхийд маш ойрхон өнгөрсөн байна. Сонирхолтой нь уг биетийг ердөө хоёрхон хоногийн өмнө буюу Бямба гарагт Аризонагийн Их сургуулийн судлаачид илрүүлсэн байна. Учир нь тус чулуулаг биет цагт 16 км хурдтай нисэж байсаныг судлаачид хожуу мэдсэн байна.

Уг астероидыг “2017 AG13” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийд 200,000 км зайнд ойртсон нь сансрын хэмжүүрээр ойрхонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл дэлхийгээс сар хүртлэх зайны хагас гэсэн үг юм.
Судлаачид хэрвээ энэ астероид агаар мандалд орж ирсэн бол олон жижиг хэсэг болон дэлбэрэх ба дэлбэрэлтийн хүч нь Нагасакид хаясан атомын бөмбөгөөс 10 дахин их эрчим хүч гаргах байсныг тооцоолжээ.Өөрөөр хэлбэл 2013 онд Оросын Челябинск орчмын агаар мандалд дэлбэрсэн солиртой ижил хэмжээний нөлөө үзүүлэх байжээ.

2017 онд аялахаар төлөвлөж байна уу?

 chuhal.mn  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл