УБТЗ-ыг тойрсон харамсалтай мэдээ ар араасаа цуварсаар л. Цуварсаар л гэж онцолсны учир нь хэдхэн хоногийн зайтай 5 хүн галт тэргэнд тайруулж алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал.
Осол 1: Эхний осол шинэ оны өмнөхөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өглөөний 08.45 минутад Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарсан байна. Тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас баржээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ийм ноцтой осол гарсан байтал УБТЗ-ын удирдлага сэрэмжлүүлэг гаргахын оронд маргааш нь шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн тухай ч эх сурвалж хэлсэн юм. Мөн эл хэргийн талаар ямар ч мэдээлэл гаргаагүй аж.
Осол 2: Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өглөө гарсан ослоос яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд дахин нэг хүний амь нас эрсэджээ. Эл хэргийн талаар одоогоор ямарч мэдээлэл байхгүй нууцалсан байна.
Осол 3: Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан хэргээс хоёр хоногийн дараа буюу энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны хоёр оюутан охин дайруулж газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Шинэ анагаах сургуулийн хоёр оюутан болох талийгаач 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад харьж байхдаа ийнхүү осолд орсон аж. Эл хэргийг талаар амиа алдсан хоёр охин чихэвч зүүчихсэн явсан учраас машинстын өгсөн дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс нь өгчээ.
Осол 4: Ид цэцэглэж яваа хоёр оюутан охин амиа алдсан өдрөөс ердөө нэг хоногийн дараа буюу энэ сарын 8-ны өдөр дараагийн осол гарсан байна. Тодруулбал Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлжээ. Охины биеийн байдал өнөөдрийн байдлаар маш хүн байгаа юм байна.
Осол 5: Энэ сарын 9-ний өдрийн 13.30 цагийн үед УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаач 52 настай байсан бөгөөд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, “Амгалан өртөө”-ний “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагчаар ажилладаг байжээ.
Ийнхүү арав хоногийн дотор 5 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэг тохиолдол уу эсвэл хайхрамжгүй байдал уу. Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой төмөр замынхан арав хүрэхгүй хоногийн хугацаанд гурван ч осол гарч, 5 хүний амь үрэгдээд байхад ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй өнөөдрийн хүрээд байна. Энэ талаар бид УБТЗ-ын Олон нийттэй харилцахаас тодруулахад "Хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан нь үнэн. Одоогоор хэргийг УБЗТ-ын Цагдаагийн газар шалгалт явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өөр бусад мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.
Ийнхүү арван хоногийн дотор 5 хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай мэдээллийг нууцалжээ.
Хэргийн талаар нууцлахын оронд төмөр замын албан хаагчид хариуцлагаа өндөржүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэх нь чухал байлтай. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын суудлын наймаа нэг хэсэгтээ л өндрөө авч УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбараа сайн мэддэг, ажлын туршлагатай гэдэг үүднээс Д.Жигжиднямааг нэр дэвшүүлэн томиллож байсан удаатай. Салбараа сайн мэддэг дарга 10 хоногийн дотор 5 хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсныг мэдсэн байх учиртай. Дарга хаана байна вэ. Эх сурвалжийн хэлж буйгаар УБТЗ-ын ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад амралттай яваа аж.
Д.Нэргүй