Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Умард Солонгосыг тив алгасагч баллистик пуужин хэзээ мөдгүй турших нь гэсэн болгоомжлолын үүднээс цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингаа удирдагч Ким Чен Уны тогтоосон ямар ч байршилаас хэзээ ч хөөргөж магадгүй гэдгээ сая ням гарагт мэдэгдсэн юм.
Мөн Умард Солонгосын залуу удирдагч Шинэ жилийн мэндчилгээний үгэндээ ч улс орон нь тив дамнах хүчин чадалтай пуужин турших бэлтгэл ажлыг үндсэндээ дуусаж байгаа тухайг онцолсон. Пхеньяны эдгээр мэдэгдлийг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам бодит үндэслэлтэй гэж үзээд, тус улсын үйл хөдлөл бүрийг ойроос ажиглаж байгаагаа мэдэгдэж байна.