8o
Улаанбаатар хот
mobile menu

Ийм нэгэн шүүмжлэл, тийм нэгэн магтаалтай "онцгой" долоо хоног

2017-01-13 09:44:00

Ерөнхийлөгчийн сүржин хэлбэр, даржин агуулгатай уулзалт

Онцгой долоо хоног өнгөрч байна. Монгол улсыг эдийн засгийнх нь хувьд идэж буй авлигал, эрүүл мэндээр нь хэмлэж буй утааны асуудлыг шийдвэрлэх гарцыг төр засгийн түвшиндээ ярилцсан учраас энэ долоо хоног онцгой гэж хэлэхээс аргагүй. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюултайгаар заналхийлээд буй агаарын бохирдол тэр дундаа утааны асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын үед дуугараагүйгээрээ дуугарсан нь мэдээж сайшаалтай зүйл байв. Гэхдээ дуугарахдаа чухам юу ярьсан нь тусдаа сэдэв.  Мөн Монгол улсын бас нэгэн тулгамдсан асуудал болоод буй авлигын асуудлаар “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан нь энэ долоо хоногийг бас л тодотгож өгнө. Нэг өдөр нэг газар болсон уг хоёр арга хэмжээ хоёулаа олны анхаарлыг татаж одоо ч ярианы сэдэв болон яригдаж байна. Ерөнхийлөгчийн утааг бууруулах сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн мэдээлэл сүржин хэлбэр даржин агуулгатай болж өндөрлөсөн гэж олон нийт шүүмжилж байгаа. Учир нь түүний хийсэн мэдээлэлд нэг ч ажил хэрэгч гарц, шийдэл байгаагүй юм. Бас утааны эсрэг гүйцэтгэсэн ажлын тайлан ч биш байлаа. Харин өнгөрсөн хугацаанд эрхэм ерөнхийлөгч утааны асуудлаар хий дэмий санаа зовж ирснээ хэвлэлийнхэнийг цуглуулж байгаад ярьж, ойлгуулах гэсэн оролдого  байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр утааны эсрэг өөрөөс нь өөр хүн ажил хийгээгүй юм шиг л ойлголтыг өгөв.

Өнгөрсөн таван жилд буюу 2011-2016 онд 135,5 тэрбум төгрөгийг утааг арилгахад зарцуулсан гэх мэдээлэл бий. Харамсалтай нь энэ хөрөнгийг бодитоор үр дүнгээ өгөх томоохон төсөл бус сайжруулсан зуух, утаагүй түлш тараахад зарцуулсан. Харин үлдсэн жаахан мөнгөөр нь зарим дарга нар “УТААТАЙ БААТАРЛАГААР” тэмцсэн гээд өөрсдийгөө шагначихсан байдаг.

Бөөн мөнгөөр өөрийгөө нууж шагнаад эцэстээ аавын хаалга татсан түүх ч зарим нэгд нь бий. Энэ талаар олон нийт, хэвлэл мэдээллийнхэн байнга л эрж, хайж сурвалжилж, сануулж ирсэн. Ёстой нөгөө Ерөнхийлөгчийн хэлснээр “Та нар санахгүй л дээ. Ингээд мартчихдаг байхгүй юу” гэдэг шиг л санахгүй мартаа биз. Эцэстээ олон жил Ерөнхийлөгчид эрхэлж даварчихаад мартуулсан хэрэгт унаж байхав дээ. Ер нь сайжруулсан зуухыг нийт гэр хорооллын 90 орчим хувьд тараасан гэдэг ч дөнгөж 20 хүрэхгүй хувь нь зуух авсан гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр 70 орчим айлын зуух хаачсан бэ, тэдэнд очих ёстой байсан зуухны мөнгө хаачсан талаар Ерөнхийлөгч өөрөө эрж, хайж буруутанд хариуцлагаа тооцох хэрэгтэй болов уу. Өмнөх ажлаа дүгнэж хариуцлага хүлээх хүмүүс нь хүлээх ёстой. Тэдний нэг нь Ерөнхийлөгч өөрөө. Хэрвээ тэгэж чадахгүй бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг өөрөө огцрох ёс зүйтэй л байх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утаа гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатар амьдрах аргагүй хот болж буйг мэдэгдсэн. Ер нь бол утаа гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уржигдархан хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Түүнээс өмнө бус балгасан мэт л чимээгүй байсан. Ерөнхийлөгч өөрийнх нь бодож, шаналж ирсэн утааны асуудал ингэж гамшгийн хэмжээнд хүрсэн нь иргэд, улс төрчид, хэвлэл мэдээллийнхний буруу гэж мэдэгдсэн.

Гэтэл түүнийг ингэж хэлэхэд утааны эсрэг жагссан ээжүүд л нөлөөлсөн шүү дээ. Түүнийг өглөө бүр Монголоо бодоод сэрэхэд нь иргэд утааны асуудлыг давхар сануулсан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахад Ерөнхийлөгчийг ингэж мэдээлэл хийхэд хүргэсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгч үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудалд зовж, зүдрээд байсан юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө ойр, ойрхон хуралдуулж ажил хэрэгч, шинжлэх ухаанч шийдлүүдийг хайх нь яасан юм. Тэгэж чадсан бол олон улсын байгууллагаас бус монголчууд түүнийг утааны эсрэг хамгийн сайн тэмцэж чадсан удирдагчаар нэрлэх байсан биз.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлсэн утааны эсрэг ажил Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй яг, цав адил хий хоосон зүйл л байсан. Тэгэхээр цаашид юу хийх ёстой вэ гэдгээ одоо бид олон нийтээрээ зөвшилцөж гаргаж ирэх ёстой. Төр засаг завгүй ажиллаж шинжлэх ухаанч шийдлийг нэн даруй гарган жил хэрэг болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол цагаан сарын дараанаас ирэх өвлийн энэ өдрийг хүртэл бид утааг мартана. Тэгээд л ирэх жил утааны асуудлаар улс төржиж хэн нэгнээ шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй сууж байх болов уу. Манай Засгийн газар энэ жил утаанд ахин 100 тэрбумыг зарцуулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Бид өмнө нь 100 тэрбумыг зарцуулаад гялтайх үр дүнгүй гөлийгөөд сууж байгаа. Харин ирээдүйд зарах 100 тэрбумаараа үр дүнтэй л ажил хийгээсэй билээ. Уг мөнгийг гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулах юм гэнэ. Яг ямар төсөлд зарцуулж тэр нь хэр хэмжээгээр үр дүнгээ өгч утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ хэдэн хувиар буурах талаарх судалгааг урьдчилж мэдээж хийгээгүй.  Шөнийн тариф ч мөн хэр олон айлын яндангаас утаа гаргахгүй болохыг хэн ч эхэлж тооцоолоогүй. Манайхан ингэж л ажиллаж байна. Утааг дийлэхээ болихоороо сүүлдээ амиа бодоорой, агаарт гараарай, зөв хооллоорой гэх мэдэгдлийг л хийдэг боллоо.

Утаанаас үүдсэн аймшигт үр дагавруудын талаар өдөр тутам хэвлэлийнхэн мэдээлж байна. Харин энэ талаар дуугарч байгаа царай нь Ерөнхийлөгч. Харин нөгөө гүйцэтгэх засаглал таг, чиг. Гэхдээ утааны асуудлаар иргэд, хэвлэл мэдээллийнхэн дуугүй байхгүй өдөр бүр сануулсаар байх болно Ерөнхийлөгчөө.

Шинэ санаа: Авлигын стандартыг мөрдүүлэх үү

Харин авлигалаас ангижрах асуудлаар зөвлөлдсөн хурал сонирхох асуудалтай бас ч үгүй гэртээ хариад ярих яриатай, ирээдүйд хийх төлөвлөсөн төлөвлөгөөтэйгээр өндөрлөснөөрөө магтмаар байлаа. Монгол улс авлигалын эрсдлийн үзүүлэлтээр 168 орноос 75 дугаар байрт ордог. Харин энэ тоог цаашид хэрхэн урагшлуулж чадах эсэх асуудлаар төр хувийн хэвшил болон бусад байгууллагууд хуралдсан нь Авлигын эсрэг үндэсний чуулган байлаа. Нэг нь нууцаар өгч, нөгөө нь авдаг авлигал гэх өргөн ойлголт гаарсаар байвал хор хөнөөл нь дийлдэхээ байж өрөвдөм түүхтэй орны тоог нэгээр нэмнэ. Тиймээс ч Авлигын эсрэг үндэсний чуулганаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн алдаа оноо гэхээсээ илүү цаашид авлигатай яаж, хэрхэн тэмцэх, авлигатай тэмцэхэд бүх нийтийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг асуудлыг тойрч зөвлөлдсөн. Дэлхийн улсууд авлигаас ангижрахын тулд шинэ арга барилыг цаг тутамд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Зарим орон тасралтгүй бас зөв аргаар авлигатай тэмцэж чадаж байгаа учраас авлигын хор хөнөөлийг нь бага хүртэж байгаа. Тэгэхээр Монгол улс ч мөн тэднээс туршлага судалж, хөл нийлүүлэн ажиллах шаардлага бий болж байгаа юм. Тиймээс манай улс ч мөн АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ойрын хугацаанд гаргахаар болсон нь уг чуулганы нэг гол үр дүн байлаа. Мөн авлигатай тэмцэхийн тулд авлигын шинэ арга хэрэгслүүдийг ашиглаж эхлэх ёстой гэдэгтэй санал нийлээд салцгаасан гэж хэлж болно. Тодруулбал, ISO 37001:2016 гэх олон улсын ISO байгууллагаас гаргасан стандартыг албан ёсоор Монголд дагаж мөрдөх асуудлыг дэмжсэн юм. Уг стандартыг дагаж мөрдсөнөөр авлигатай үр дүнтэй тэмцэхээс гадна олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, зээлжих эрхээ сэргээх зэрэг олон давуу талтай юм. Авлигын эсрэг стандарт орж ирснээр авлигал буурахад онцгой ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Бидний хувь заяатай холбоотой ийм нэгэн онцгой чухал асуудлууд энэ долоо яригдаж өнгөрлөө.

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment