8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Үндсэн хуулийн өдөр тохиож, халуун усыг олон хоногоор хязгаарлахыг таслан зогсоохоор боллоо

2017-01-13 18:58:00

Эрхэм уншигч таны энэ өдрийн амрыг эрье. “Худалдаж авч болдоггүй ганцхан зүйл байдаг. Тэр нь эрүүл мэнд” гэнэ. Тиймээс та бүхэн дулаан хувцаслаж, эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулна уу. Яагаад гэвэл ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. 

Ийм нэгэн шүүмжлэл, тийм нэгэн магтаалтай "онцгой" долоо хоног

Ерөнхийлөгчийн сүржин хэлбэр, даржин агуулгатай уулзалт

Онцгой долоо хоног өнгөрч байна. Монгол улсыг эдийн засгийнх нь хувьд идэж буй авлигал, эрүүл мэндээр нь хэмлэж буй утааны асуудлыг шийдвэрлэх гарцыг төр засгийн түвшиндээ ярилцсан учраас энэ долоо хоног онцгой гэж хэлэхээс аргагүй. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюултайгаар заналхийлээд буй агаарын бохирдол тэр дундаа утааны асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын үед дуугараагүйгээрээ дуугарсан нь мэдээж сайшаалтай зүйл байв. Гэхдээ дуугарахдаа чухам юу ярьсан нь тусдаа сэдэв.  Мөн Монгол улсын бас нэгэн тулгамдсан асуудал болоод буй авлигын асуудлаар “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан нь энэ долоо хоногийг бас л тодотгож өгнө.

Нэг өдөр нэг газар болсон уг хоёр арга хэмжээ хоёулаа олны анхаарлыг татаж одоо ч ярианы сэдэв болон яригдаж байна. Ерөнхийлөгчийн утааг бууруулах сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн мэдээлэл сүржин хэлбэр даржин агуулгатай болж өндөрлөсөн гэж олон нийт шүүмжилж байгаа. Учир нь түүний хийсэн мэдээлэлд нэг ч ажил хэрэгч гарц, шийдэл байгаагүй юм. Бас утааны эсрэг гүйцэтгэсэн ажлын тайлан ч биш байлаа. Харин өнгөрсөн хугацаанд эрхэм ерөнхийлөгч утааны асуудлаар хий дэмий санаа зовж ирснээ хэвлэлийнхэнийг цуглуулж байгаад ярьж, ойлгуулах гэсэн оролдого  байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр утааны эсрэг өөрөөс нь өөр хүн ажил хийгээгүй юм шиг л ойлголтыг өгөв.
 
Өнгөрсөн таван жилд буюу 2011-2016 онд 135,5 тэрбум төгрөгийг утааг арилгахад зарцуулсан гэх мэдээлэл бий. Харамсалтай нь энэ хөрөнгийг бодитоор үр дүнгээ өгөх томоохон төсөл бус сайжруулсан зуух, утаагүй түлш тараахад зарцуулсан. Харин үлдсэн жаахан мөнгөөр нь зарим дарга нар “УТААТАЙ БААТАРЛАГААР” тэмцсэн гээд өөрсдийгөө шагначихсан байдаг.

Бөөн мөнгөөр өөрийгөө нууж шагнаад эцэстээ аавын хаалга татсан түүх ч зарим нэгд нь бий. Энэ талаар олон нийт, хэвлэл мэдээллийнхэн байнга л эрж, хайж сурвалжилж, сануулж ирсэн. Ёстой нөгөө Ерөнхийлөгчийн хэлснээр “Та нар санахгүй л дээ. Ингээд мартчихдаг байхгүй юу” гэдэг шиг л санахгүй мартаа биз. Эцэстээ олон жил Ерөнхийлөгчид эрхэлж даварчихаад мартуулсан хэрэгт унаж байхав дээ. Ер нь сайжруулсан зуухыг нийт гэр хорооллын 90 орчим хувьд тараасан гэдэг ч дөнгөж 20 хүрэхгүй хувь нь зуух авсан гэх мэдээлэл байдаг.

Тэгэхээр 70 орчим айлын зуух хаачсан бэ, тэдэнд очих ёстой байсан зуухны мөнгө хаачсан талаар Ерөнхийлөгч өөрөө эрж, хайж буруутанд хариуцлагаа тооцох хэрэгтэй болов уу. Өмнөх ажлаа дүгнэж хариуцлага хүлээх хүмүүс нь хүлээх ёстой. Тэдний нэг нь Ерөнхийлөгч өөрөө. Хэрвээ тэгэж чадахгүй бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг өөрөө огцрох ёс зүйтэй л байх хэрэгтэй.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утаа гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатар амьдрах аргагүй хот болж буйг мэдэгдсэн. Ер нь бол утаа гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уржигдархан хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Түүнээс өмнө бус балгасан мэт л чимээгүй байсан. Ерөнхийлөгч өөрийнх нь бодож, шаналж ирсэн утааны асуудал ингэж гамшгийн хэмжээнд хүрсэн нь иргэд, улс төрчид, хэвлэл мэдээллийнхний буруу гэж мэдэгдсэн.
 
Гэтэл түүнийг ингэж хэлэхэд утааны эсрэг жагссан ээжүүд л нөлөөлсөн шүү дээ. Түүнийг өглөө бүр Монголоо бодоод сэрэхэд нь иргэд утааны асуудлыг давхар сануулсан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахад Ерөнхийлөгчийг ингэж мэдээлэл хийхэд хүргэсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгч үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудалд зовж, зүдрээд байсан юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө ойр, ойрхон хуралдуулж ажил хэрэгч, шинжлэх ухаанч шийдлүүдийг хайх нь яасан юм. Тэгэж чадсан бол олон улсын байгууллагаас бус монголчууд түүнийг утааны эсрэг хамгийн сайн тэмцэж чадсан удирдагчаар нэрлэх байсан биз.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлсэн утааны эсрэг ажил Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй яг, цав адил хий хоосон зүйл л байсан. Тэгэхээр цаашид юу хийх ёстой вэ гэдгээ одоо бид олон нийтээрээ зөвшилцөж гаргаж ирэх ёстой. Төр засаг завгүй ажиллаж шинжлэх ухаанч шийдлийг нэн даруй гарган жил хэрэг болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол цагаан сарын дараанаас ирэх өвлийн энэ өдрийг хүртэл бид утааг мартана. Тэгээд л ирэх жил утааны асуудлаар улс төржиж хэн нэгнээ шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй сууж байх болов уу. Манай Засгийн газар энэ жил утаанд ахин 100 тэрбумыг зарцуулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Бид өмнө нь 100 тэрбумыг зарцуулаад гялтайх үр дүнгүй гөлийгөөд сууж байгаа. Харин ирээдүйд зарах 100 тэрбумаараа үр дүнтэй л ажил хийгээсэй билээ. Уг мөнгийг гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулах юм гэнэ.

Яг ямар төсөлд зарцуулж тэр нь хэр хэмжээгээр үр дүнгээ өгч утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ хэдэн хувиар буурах талаарх судалгааг урьдчилж мэдээж хийгээгүй.  Шөнийн тариф ч мөн хэр олон айлын яндангаас утаа гаргахгүй болохыг хэн ч эхэлж тооцоолоогүй. Манайхан ингэж л ажиллаж байна. Утааг дийлэхээ болихоороо сүүлдээ амиа бодоорой, агаарт гараарай, зөв хооллоорой гэх мэдэгдлийг л хийдэг боллоо.

Утаанаас үүдсэн аймшигт үр дагавруудын талаар өдөр тутам хэвлэлийнхэн мэдээлж байна. Харин энэ талаар дуугарч байгаа царай нь Ерөнхийлөгч. Харин нөгөө гүйцэтгэх засаглал таг, чиг. Гэхдээ утааны асуудлаар иргэд, хэвлэл мэдээллийнхэн дуугүй байхгүй өдөр бүр сануулсаар байх болно Ерөнхийлөгчөө.

Шинэ санаа: Авлигын стандартыг мөрдүүлэх үү

Харин авлигалаас ангижрах асуудлаар зөвлөлдсөн хурал сонирхох асуудалтай бас ч үгүй гэртээ хариад ярих яриатай, ирээдүйд хийх төлөвлөсөн төлөвлөгөөтэйгээр өндөрлөснөөрөө магтмаар байлаа. Монгол улс авлигалын эрсдлийн үзүүлэлтээр 168 орноос 75 дугаар байрт ордог. Харин энэ тоог цаашид хэрхэн урагшлуулж чадах эсэх асуудлаар төр хувийн хэвшил болон бусад байгууллагууд хуралдсан нь Авлигын эсрэг үндэсний чуулган байлаа. Нэг нь нууцаар өгч, нөгөө нь авдаг авлигал гэх өргөн ойлголт гаарсаар байвал хор хөнөөл нь дийлдэхээ байж өрөвдөм түүхтэй орны тоог нэгээр нэмнэ. Тиймээс ч Авлигын эсрэг үндэсний чуулганаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн алдаа оноо гэхээсээ илүү цаашид авлигатай яаж, хэрхэн тэмцэх, авлигатай тэмцэхэд бүх нийтийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг асуудлыг тойрч зөвлөлдсөн.

Дэлхийн улсууд авлигаас ангижрахын тулд шинэ арга барилыг цаг тутамд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Зарим орон тасралтгүй бас зөв аргаар авлигатай тэмцэж чадаж байгаа учраас авлигын хор хөнөөлийг нь бага хүртэж байгаа. Тэгэхээр Монгол улс ч мөн тэднээс туршлага судалж, хөл нийлүүлэн ажиллах шаардлага бий болж байгаа юм. Тиймээс манай улс ч мөн АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ойрын хугацаанд гаргахаар болсон нь уг чуулганы нэг гол үр дүн байлаа.

Мөн авлигатай тэмцэхийн тулд авлигын шинэ арга хэрэгслүүдийг ашиглаж эхлэх ёстой гэдэгтэй санал нийлээд салцгаасан гэж хэлж болно. Тодруулбал, ISO 37001:2016 гэх олон улсын ISO байгууллагаас гаргасан стандартыг албан ёсоор Монголд дагаж мөрдөх асуудлыг дэмжсэн юм. Уг стандартыг дагаж мөрдсөнөөр авлигатай үр дүнтэй тэмцэхээс гадна олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, зээлжих эрхээ сэргээх зэрэг олон давуу талтай юм. Авлигын эсрэг стандарт орж ирснээр авлигал буурахад онцгой ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Бидний хувь заяатай холбоотой ийм нэгэн онцгой чухал асуудлууд энэ долоо яригдаж өнгөрлөө.

Орон сууцны халуун усыг олон хоногоор хязгаарладгийг болиулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн удирдлагуудтай 2016-2020 оны хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь нийслэлийн инженерийн байгууламжуудын хэвийн үйл ажиллагааг хангах, их болон урсгал засварыг хийж гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хийхэд чиглэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дулааны шугам сүлжээг шинэчлэх, засварлахтай холбогдуулан айл өрх, албан байгууллагын халуун усны хэрэглээг хязгаарладаг явдалд үүгээр цэг тавина хэмээн энэ үеэр тодотгов.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтарч ажилласнаар дулааны шугаманд засвар хийх болвол жил бүрийн тавдугаар сарын 15-наас эхлэн халуун ус тасладгийг болиулан зайлшгүй тохиолдолд наадмын дараа буюу иргэд хөдөө эсвэл зусланд гарсан үеэр 4-өөс дээш хоног хязгаарлахгүй. Мөн 1070 орчим хуучин орон сууцанд тоолуур тавьж иргэдэд дулааны хэрэглээгээ хянах боломжийг бүрдүүлэхээр болжээ. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтарснаар харилцаа холбооны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, уг зурвасын дагуу барьсан барилга байгууламжийн газрын захирамжийг хүчингүй болгох, шинээр барьж буй орон сууцны барилгуудын зураг төсөлд холбооны техникийн өрөө, байруудыг тусгах зэрэг ажлыг хийх гэнэ.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, "Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компанид томоохон асуудал үүссэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэхээр болсон. Нийслэлд 6000 орчим айл цахилгаанд холбогдоогүй байдаг. Энэ жил 2000 айлын эрчим хүчний асуудпыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллахаар болж байна" гэв.

Д.Оюун: Судасны бүлэн том байвал гэнэт харвалт өгч нас барах аюултай

Олон хүний хөлийн судас бүдүүрсэн харагддаг. Энэ нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах нь судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Нэг үгээр хэлбэл хөлийн судас бүдүүрэх өвчин аж. Энэ талаар Ивэн эмнэлгийн их эмч, Клиникийн профессор Д.Оюунтай ярилцлаа.
-Хүмүүсийг ажиглаж байхад хөлийн судас нь бүдүүрч товойж гарч ирсэн харагддаг. Үүнийг хөлний судас бүдүүрэх өвчин гэж тэр бүр хүмүүс мэддэггүй. Хөлийн судасны бүдүүрэл гэж юу вэ?
-Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг өвчин. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүргэдэг.

Энэ өвчин хөлийн арын эрээ булчинд голдуу үүсдэг. Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал хөлөнд цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй арьс дотроосоо идээлж ялзрах хүрэх аюултай. Судасны бүтцийн тухай ярихад нүдэнд харагдаж арьсны цаана байгаа нь өнгөц судас. Нүдэнд харагдахгүй байгаа венийн гүний судас гэж бий.

Гүнийн судас өнгөц судас хоёрыг холбож өгдөг холбогч байдаг. Энэ бүгд нийлээд хөлний венийн судасны бүтцийг бий болгодог. Хамгийн урт судас. Венийн судас доороос цусыг хураагаад дээш нь зүрх рүү шахаж өгөх үүрэгтэй.  Венийн судас дотор хавхлага гэж зүйл бий. Энэ хамгийн чухал зүйл. Булчин шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Булчин цусаа дээш нь хөөж шахахад энэ хавхлага хаах ёстой. Ингэж байж зүрх цусыг сорж авдаг.  Ингэснээр хүчилтөрөгчөөр дүүрэн цусыг бие организмаар тарааж өгдөг.
Судасны тэжээллийг дутагдлаас болж яр, шарх үүсдэг.  Энэ нь хүндэр тохиолдолд илэрдэг шинж тэмдэг. Эхэн үед өвдөлт, зовиур мэддэггүй. Тийм болохоор хүмүүс эхэнд үед нь биш хожуу, хүндэрсэн хойно ирж эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдол элбэг байна.

 -Хөлний судас бүдүүрэх өвчин ямар шинж тэмдгээр илэрч зовиурладаг вэ?
-Судас бүдүүрэх нь зөвхөн гоо сайхны асуудал биш. Тэрнээс илүү ноцтой асуудал, хүндрэл дагуулдаг. Хүмүүс гоо сайхан талаасаа илүү их анхаарч хардаг. Цаашид хүний биед, амь насанд ямар аюултайг тэр бүр мэддэггүй. Зарим хүмүүс юбка өмсөж болохгүй, шорт өмсөж болохгүй хөлөө ил гаргаж явахад хэцүү байна гэж ярьдаг.  

Хөлийн венийн судас үрэвсэх, экзем шарх үүсэх, гүнийн венийн бөглөрөл үүсэх буюу харвалт өгөх, хөлийн шархнаас цус гарах, цус алдах зэрэг шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд илэрдэг.  Хураагуур судасны бүтцийн өөрчлөлт нь гоо сайхны асуудлаас илүү ноцтой. Хураагуур судсаар цус буцаж урсах эмгэгийг эмчлэхгүй орхисноос өвчин даамжирч арьсанд өөрчлөлт гарч өнгө нь өөрчлөгдөн үрэвсэж шарх үүсдэг. Үүнийг зарим хүмүүс арьсны өвчин гэж ойлголж эмнэлэг, эмчилгээ буруу хийлгэсэн тохиолдол манайд их ирдэг. Судасны тэжээллийг дутагдлаас болж яр, шарх үүсдэг.  Энэ нь хүндэр тохиолдолд илэрдэг шинж тэмдэг.  Эхэн үед өвдөлт, зовиур мэддэггүй. Тийм болохоор хүмүүс эхэнд үед нь биш хожуу, хүндэрсэн хойно ирж эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдол элбэг байна. Тиймээс иргэд хөлөө сайтар ажиглаж, дээрх шинж тэмдэг илэрсэн, мэдэгдсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж эход харуулах хэрэгтэй. Хэрэв таны хөлийн судас ямар нэг хэмжээгээр бүдүүрсэн, өвддөг, хавддаг, загатнадаг, яр шарх үүссэн бол яаралтай судасны эмчид хандах хэрэгтэй. Хамгийн зөв найдвартай, баталгаатай оношлогоо нь хэт авиа буюу эхо оношилгоо.  
 -Судас бүдүүрэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
-Хөлийн судсаар цус зүрх рүү эргэн урсахад саад учруулагч бүх хүчин зүйлс багтана. Жишээ нь бариу хувцас өмсөх, удаан хугацаагаар суух, таргалалт нөлөөлнө. Мөн судасны ханыг тэлэгч хүчин зүйлс нь дааврын эм, архи, халуун уур амьсгал.  Харин булчингийн шахах хүчийг гэмтээх, устгах хүчин зүйлс нь удаан хугацаагаар суух, зогсох, өндөр өсгийтэй гутал өмсөх, доод мөчний саажилт зэрэг ордог. Хөлний судас бүдүүрэх өвчин удамшдаг.

Эцэг, эх хоёр нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол үр хүүхдэд нь 80 хувь удамшдаг. Харин эцэг, эхийн аль нэг нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол 68 хувь удамшдаг. Тиймээс удамшлын шалтгаан их байна. Мөн олон удаа жирэмслэх, осол гэмтэлд орох, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж удаан хугацаагаар зогсоо ажил хийх, суугаа ажил хийх, жирэмснээс хамгаалах эм буюу гормоны эмийг зохисгүй хэрэглэх зэрэг шалтгаанаас болж хөлийн судас бүдүүрдэг. Тамхи татдаг хүн, илүүдэл жинтэй хүмүүст судас бүдүүрэх өвчин элбэг тохиолддог.   
 

Хөлний судас бүдүүрэх өвчин удамшдаг. Эцэг, эх хоёр нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол үр хүүхдэд нь 80 хувь удамшдаг. Харин эцэг, эхийн аль нэг нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол 68 хувь удамшдаг.
 
-Хөлийн судас бүдүүрч эмчилгээ хийлгэсний дараа хориглох зүйлс бий юу?
-Нэг цагаас дээш удаан хугацаагаар суух буюу зогсох, 28 градусаас дээш халуун усанд орох, наранд шарах, саунд суух, хэт өндөр өсгийтэй гутал өмсөх, хүнд юм өргөхгүй байх зэрэг зүйлсийг хориглодог. Гэнэт айж цочих, ямар нэгэн сэтгэл хөдлөлийн үед, хэт хүйтэн, халуун усанд хөлөө хийх үед судасны бүлэн тасарч дээшээ уушги, зүрхэнд очиж харвалт өгдөг. Венийн тромбоз буюу бүлэн гэдэг нь цус бөглөрөл юм.

Бүлэн том жижгээсээ хамаарч нас баралтын шалтгаан өндөр байна. Судасны бүлэн том байвал гэнэт харвалт өгч нас барах аюултай.  Хөлийн судас нь бүдүүн биш ч гэлээ хөдөлгөөний хомсдолтой ажил мэргэжлийн онцлог, цусны өтгөрөл зэргээс шалтгаалж хөлийн судсанд бүлэн үүссэх тохиолдол элбэг. Ялангуяа жирэмсэн хүнийг онцгой анхаарах ёстой. Жирэмсний хяналтын эмч асуулт хариулт хэлбэрээр хянаж эцэг, эхийн аль нэг нь хөлний судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан эсэхийг нь асууж мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хэрвээ  эцэг, эхийн аль нэг нь өвчилж байсан бол тэр жирэмсэн эмэгтэйг яаралтай эмчийн хяналтад оруулж тусгай зориулалтын даралттай эмчилгээний оймс өмсүүлэх шаардлагатай.
-Энэ өвнөөр аль насныхан илүү өвчилж байна вэ?
 

Бүлэн том жижгээсээ хамаарч нас баралтын шалтгаан өндөр байна. Венийн тромбоз буюу бүлэн том байвал гэнэт харвалт өгч нас барах аюултай. 
 


-Хөдөлмөрийн идэвхтэй насныхан буюу залуучууд түлхүү өвчилж байна. Үүнээс дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бага насны хүүхэд болон 10 жилийн сурагчдын эрээн булчин өвдөхөөр эцэг, эх нь өссөж байна гэж яриад байдаг. Энэ тохиолдолд хүүхдийнхээ хөлийг сайтар ажиглаж, хориглосон зүйлсийг хийхгүй байх шаардлагатай. Энэ удамшдаг өвчин. Сүүлийн үед бага насныхан илүү өвчилж байна.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ?
-Венийн цус бөглөрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай даралттай эмчилгээний оймс байдаг. Бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх оймс нь шагайн хэсгээр кодлосон байна. Тиймээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч зааврын дагуу зөв тааруулж өмсөнө. Мөн судас хатаах тариа тарих, лазер эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийнэ. Тогтмол үзлэг оношлогоонд хамрагдаж урьдчилан сэргийлэх ар хэмжээ авах нь чухал. Иргэд өөрсдөө хөлөө сайтар ажиллаж байх нь чухал.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Бaйден баярын нулимс унагажээ

Ерөнхийлөгч Барак Обама өөрийн дэд ерөнхийлөгч Жо Байденд "АНУ-ын ерөнхийлөгчийн алдрын одон" шагналыг олгожээ. Ерөнхийлөгч Обама одон гардуулах үеэр “Та амьдралынхаа бүхий л цаг үед улс эх орныхоо төлөө үйлчилж, зүрх сэтгэлээ зориулсан” гэв.

Тэрээр шагнал гардуулах үеэр баярын нулимс унагааж, би шагнал авна гэдгээ гадарлаагүй хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден ардчилсан намдаа зүтгэж, улс төрийн ажлаа зогсоохгүй хэмээн илэрхийлсэн байна.

Жо Байден “Жилл, Барак, Мишель болон бусад ерөнхийлөгчийн албад ажиллаж байсан бүх хүмүүст талархалаа илэрхийлж байна. Бид бүгд гайхамшигтай аялалыг хамтдаа хийжээ. Би энэ өрөөнд байгаа бүх хүнд өртэй. Тэр тусмаа Барак Обама, Жилл нарт маш их баярлаж байна.

Ерөнхийлөгчийн алдрын одонгийн талаар сонирхолтой баримт
•    АНУ-ын төрийн дээд шагналд багтдаг.
•    Ерөнхийлөгч Жон Кенниди 1963 онд тус шагналыг анх удаа гардуулж байжээ.
•    Үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, дэлхийн энх тайван, соёлд хувь нэмэр оруулсан. Мөн олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн гавъяатай хүмүүст олгодог одон юм.
•    Энэхүү шагналыг улс төр, урлаг соёл, цэрэг армийн салбар, кино, сэтгүүл зүй, бизнесийн зүтгэлтэнгүүд шагнагддаг.

Жо Байден пүрэв гарагт хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр Доналд Трампын бодлогыг шүүмжилж, манай улс орон төдийгүй дэлхийн орнуудын аж амьдралд нөлөөлөх зохисгүй шийдвэр, бодлого явуулахаар төлөвлөсөн явдалд харамсаж байна гэжээ.

Хүүхдүүд нь ээжийгээ гахайн хашаанд хорьсон хэрэг илэрлээ

БНХАУ-ын олон нийтийн харилцааны хэрэгсэлээр 92 настай гахайн хашаанд амьдардаг эмэгтэйн талаар мэдээлэл гарч байна.

92 настай Ян хэмээх эмээ нэг жилийн турш гахайн хашаанд амьдарч, сүрлээр хийсэн орон дээр унтаж байжээ. 
Тус хэргийн улмаас Хятадад хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг настай хүмүүстэй холбогдох хэргүүд ундарч гарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Энэ хэргийг ил болгосон бичлэг цахим орчинд тархаж 1,8 сая хүн үзжээ.

“South Morning Post” хэвлэл нэгдүгээр сарын 10-ны өдөр тус бичлэгийг өөрийн хуудаснаа түгээж, ил болгосонтой холбоотойгоор Ян эмээгийн биеийгэмнэлгийн баг, хамт олны тусламжтай үзлэг хийж оношилсон байна. 

2014 онд тус хэрэгтэй ижил тохиолдол гарч байсан бөгөөд 90 настай эмээ таалал төгссөн хэрэг гарч байсан тул Хятадууд дахин давтагдахвий гэхээс ихээхэн сэрэмжилж байна. Эдгээр хэргүүдийг шийдэж, таслан зогсоохыг иргэд шаардаж байгаа талаар хэвлэлээр бичжээ. Ян эмээгийн хүү Ву “Манай ээж өөрөө сайн дураараа хашаанд орохыг хүссэн. Бид хийгээгүй” хэмээн мэдээлсэн байна

Төрийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн 50 хөгжилтэй мөч

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/13 103.212.119.86