8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав

2017-01-14 11:20:00

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн үндэслэх хэсгийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэс хэсгийг үндэслэн” гэснийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсгийг үндэслэн” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй бөгөөд Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хавсралтын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг санаачлагч “Н.Энхболд, Д.Хаянхярваа” гэснийг “Хууль санаачлагч” гэж өөрчлөх, түүнчлэн одоогоор Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хавсралтаас хасахаар болов. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл