8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжжээ

2017-01-16 16:59:35

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар МАН-ын бүлгийн хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ. Тус бүлэг эдгээр төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын харьяанд дотоодын цэргийг байгуулахаар заасан юм.

Улс орны чухал обьектыг хамгаалах, мөн үймээн самуун гарахад цагдаагийн байгууллагын харьяан дахь дотоодын цэрэг хамгаалж, хэв журам сахиулж ирсэн. Энэ тогтолцоо 1922 оноос эхтэй бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, 1992 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд зохицуулагдаж иржээ.

Өмнөх УИХ-аар холбогдох хуулийг шинэчлэн баталснаар 2014 оноос цагдаагийн байгууллагын харьяанд байсан дотоодын цэрэг татан буугдсан аж. Чиг үүргийг нь цагдаа хариуцаж ирсэн.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн, мөн улсын онц чухал обьектыг дотоодын цэргээр хамгаалуулах нь эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй гэнэ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад дээрх хуулийн төслүүд ач холбогдол өгнө гэж үзсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл