8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхайн дэд сайд хэн бэ?

2017-01-17 09:00:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсон учир түүний орны хүнийг томилох шаардлага МАН-ынханд гараад буй. Бүтэн нэг сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан тус албан тушаалд очих нэгнийг ойрын хугацаанд тодруулах яриа улс төрийн хүрээнд дуулдаж эхлээд байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж уг асуудлыг хэлэлцэхээр байсан ч хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Гэхдээ Удирдах зөвлөл ойрын хугацанд хуралдаж уг албан тушаалд хэн нэгнийг томилох асуудлыг ярих аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэр сонсогдож байгаа юм. Монголын их баялагийг шууд ба шууд бусаар захиран зарцуулах их эрх мэдлийн асуудал яригдаж буй учир эзэн суух хэн нэгэн нь илүү олны сонирхлыг татах биз.

Д.Загджав Төрийн ордноор эргэлдэх болсон шалтгаан

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Загджав Төрийн ордноор эргэлдэх нь олон болсон. Ордны ажилтан шиг л өглөөнөөс үдэш хүртэл тэнд шогших болсон тэрбээр УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийн өрөөнөөс салахаа больсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнийг нь харсан хүмүүс  “Удахгүй аль нэгэн албан тушаалд” очих нь гэж хардан ярьцгааж байгаа. Тэгвэл тэр таамаг биелэлээ олж Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад томилогдох магадлал тун өндөр байна. Д.Загджавын хувьд 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Үүнээс өмнө Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Улс төр дэхь түүний нэр хүнд тийм ч сайн биш. Засаг даргаар ажиллаж байхдаа Хан-Уулын газраас хууль бусаар их хэмжээгээр зарж, борлуулсан гэх хэрэгт түүний нэр ёс юм шиг л холбогддог. Мөн мөрийтэй тоглоомтой удаа дараа нэр холбогдсон. Туйлбаргүй, хулхи гэж хэвлэлээр хочлуулдаг тэрбээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хамт МАХН-д элсэх гэж байгаад больсон гэх мэдээлэл ч бий. 2008 оны сонгуулиар дүүргийн албатуудыг сонгуулийн будлиан хийх ажилд оролцуулсан гэх мэт түүнтэй холбоотой болох, бүтэхгүй мэдээлэл маш их хөвөрдөг.


МАН-ыг сөрөг хүчин байхад нам, гүмхэн байсан тэрбээр одоо олонх болонгуут нэг албан тушаалын үзүүрээс атгачих санаатай байгаа бололтой. Ямартай ч янз бүрийн албан тушаалд нэр нь байнга яригддаг тэрбээр уламжлал ёсоор энэ удаа ч мөн Уул уурхайн дэд сайдад яригдах болов.

Н.Төмөрхүү буюу битүү морь

Тус албан тушаалд нэр нь яригдаж буй хоёр дахь хувилбар бол Зам тээврийн сайд Н.Төмөрхүү. Гэхдээ Н.Төмөрхүүг тус албан тушаалд очно гэдэгт тийм ч итгэлтэй бус хүмүүс олон байна. Учир нь Н.Төмөрхүү Д.Загджав шиг идэвхтэй бус байна. Цаагуураа л нууц яриа, тохироогоо хийчихээгүй бол Д.Загджав идэвх зүтгэлээрээ түүнийг хол хаяхаар байгаа юм. Зам тээврийн сайдаасаа бууснаасаа хойш нам гүм байх болсон тэрбээр “Өндөрбуянт холдинг” гэдэг барилгын компанийн захирал. Тусгаар тогтнолын ордон, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж компаниа хөл дээр нь босгож, өөрөө ч хөрөнгө бэлтэй нэгэн болсон гэдэг. Бас олны танил ч болсон. Тэрээр МАН-ын гишүүн, тэр дундаа НАМЗХ угшилтай. Тэр утгаараа Шийдлийн Засгийн газарт намаа тэргүүлэн багтсан У.Хүрэлсүхийг дагаж очсон нь хүн гайхахаар хөдөлгөөн биш л байсан. МАН-ыг өөрийн гэсэн том байртай болоход түүний ач, тус их орсон гэдэг. Тэр байтугай 14 тэрбумын Ц.Чимэдцэрэнтэй Солонгост казинодож явсан эрхмүүдийн нэг гэдэг. 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж Г.Батхүү, Д.Зоригт нартай өрсөлдсөн ч шүүхийн шийдвэрээр ялагдсан. Сүүлд ярих нээ, Н.Төмөрхүү л юм тарааж, тэр нь баригдаад С.Чинзоригоо чирээд “унагачихсан” гэх юм билээ. Яг л кинон дээр “Уг нь Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ...” гэдэг шиг.

Гэхдээ тэр УИХ-д сууж чадаагүй ч найман сарын настай Зам тээврийн сайдад сууж чадсан. Харин одоо Уул уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад санаархаж буй бололтой.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл