Сурагчдын өвлийн амралт энэ сарын 18-наар дуусгавар болж, ирэх пүрэв гаригт хичээл эхлэх байлаа. Гэвч ханиад томууны тархалт, ид хүйтэрэлт, утаа их байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүнН.Учрал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БСШУС-ны сайд Ж.Батсуурьт сурагчдын амралтыг сунгахыг судалж үзэхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч Ж.Батсуурь сайд сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэдэг хариултыг өгөөд байсан юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас Н.Учрал гишүүний гаргасан хүсэлтийн дагуу нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр сурагчдын амралтыг сунгах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний үр дүнд холбогдох газрынхан өнөөдөр уулзаж сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, БСШУС-ны сайд Ж.Батсуурь холбогдох байгууллагын удирдлагуудтай зөвшилцөж, эцсийн шийдвэрээ гаргасан нь энэ. Ингэснээр сурагчид энэ сарын 30-ныг хүртэл амрахаар боллоо.
Т.Хулан