Уншигч таныг шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амьдралын зорилго, шинэ тэмүүллээр дүүрэн энэхүү өдрийг эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тас хийсэн өвлийг час хийтэл мэдрүүлсэн нэгэн өдөр өнгөрлөө. Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэн байх учраас уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү. Мөн нийслэл хотын зам талбай халтиргаатай байгаа тул аюулгүй байдалаа хангаж, явахыг ч мөн сануулж байна. Нийслэл Улаанбаатарт өнөөдөр үйл явдал өрнүүн өнгөрлөө. Тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.Нэгдүгээрт нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Хоёрдугаарт нь, ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцсан гэнэ.
Үүнээс хамгийн сонирхол татаж байгаа асуудал бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын томилгоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа бөгөөд түүний оронд хэнийг томилох нь МАН-ынханы дунд томоохон асуудлыг дэгдээгээд байгаа юм. Хэрвээ Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь сайд болон дэд сайдгүй болно. Тэгэхээр энэ яамыг даруйхан эзэнтэй болгох шаардлагатай учраас уг асуудлыг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцсэн нь энэ аж. Ц.Дашдоржийг эрүүл, мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэх мэдээлэл байгаа ч эрүүл мэнд бус арай өөр шалтгаантай гэнэ. Тодруулбал, Ц.Дашдорж намынхандаа "гологдож" улмаар нам доторх зодоон үүссэнтэй холбоотой байх магадлал өндөр гэх мэдээлэл байгаа юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Тиймээс түүний орны хүнийг мөн томилох шаардлага гараад буй.
Тэгвэл Х.Бадамсүрэнгийн оронд МАН-ын гурван гишүүн өрсөлдсөнөөс МАН-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Загджав ялалт байгуулах магадлал өндөр байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Д.Загджавын нэр дэд сайд бус сайд болохоор яригдаж байгаа аж. Эхэндээ УИХ-ын гишүүд Д.Загджавыг дэд сайдад, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүг сайдаар томилох тухай асуудлыг оруулсан боловч Н.Төмөрхүүг нөлөө багатай, тиймээс тохиромжгүй гэж үзсэн бололтой. Ямартай ч Д.Загджавыг дэмжих хандлага түлхүү гарч байгаа гэнэ. Тэгэхээр МАН-ынхан Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад зүтгүүлж магадгүй байна. Харин дэд сайдад хэний нэр яригдаж байгаа нь одоогоор тодорхой бус байна.
Ямартай ч МАН-ынхан уг асуудлыг нилээн нууцалж буй аж. Гэхдээ Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ удахгүй олон нийтэд мэдээлэх биз. Тэндээс чухам хэн нь сайд, дэд сайд болсон эсэх мэдээлэл ил болно. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалын томилгоо удахгүй Засгийн газарт хийгдэх нь. Тодруулбал, яамны хоёр ч сайдыг зэрэг томилох магадлал өндөр байна.
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр таван иргэн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар дараах эх сурвалжуудаас тодрууллаа.
Л.Эрдэнэчимэг: Бараа бүтээгдэхүүний хаяг шошгын зөрчил гарч байсан
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас дараах зүйлийг тодрууллаа.
-Талийгаачдыг “Мөнхжин-Од” компаний “Найрсаг” архинд хордсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Хордож нас барсан иргэдийг урьдчилсан байдлаар шингэн зүйлд хордсон гэсэн дүгнэлт гарсан. Чухам юунаас хордсон удахгүй тодорхой болно.
-Өмнө нь “Мөнхжин-Од” компани хэд хэдэн удаагийн шалгалтад унаж, иргэдээс гомдол ирж байсан. Иргэдээс ямар гомдол ирж байсан вэ?
-Бараа бүтээгдэхүүний хаяг шошгын зөрчил гарч байсан. Мөн иргэдээс 2015 оны хоёрдугаар сард, 2016 оны дөрөвдүгээр сард “Найрсаг” архинаас хордлого авлаа гэсэн гомдол хэд хэдэн удаа ирсэн. Харин мэргэжлийн хяналтын шалгалтад бараа бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэл нь эерэг гарч байсан.
-Хэрэв эдгээр иргэд “Найрсаг” архинаас хордсон гэсэн эцсийн хариу гарсан тохиолдолд "Мөнхжин-Од" компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Өнөөдрийн байдлаар эцсийн хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар эдгээр таван иргэн шингэн зүйл ууж хордсон гэсэн дүгнэлт гарлаа. Одоо Шүүхийн шинжилгээний үндэсний төв эсийн нарийн шинжилгээ хийж байна. Эцсийн хариу гарч байж бүх зүйл тодорхой болно. Тиймээс одоогоор тус компанид хариуцлага тооцох тухай ярих болоогүй. Энэ нь тухайн байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал. Хэрвээ талийгаачид "Найрсаг" архинаас хордсон нь тогтоогдвол "Мөнхжин-Од" компанид хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
-Хордсон иргэд олон зүйл хольж хэрэглэсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр талаар бид мэдэхгүй. Хэргийн газарт ажиллаж, үзлэг хийсэн цагдаагийн байгууллага мэдээлэл өгөх байх.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн архины үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 45 архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Өнөөдрийн байдлаар 20 үйлдвэр архи үйлдвэрлэж, үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үлдсэн 25 үйлдвэр тусгай зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаагаа явуулаагүй байна.
-Нийслэлд спиртны хэдэн үйлдвэр байдаг вэ?
-7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ нийслэлийн хэмжээнд архины 20, спиртны 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Ингээд “Мөнхжин-Од” компанитай холбогдож болсон хэрэг явдлын харуул н.Батхүүгээс тодруулсан юм.
-Хордож нас барсан таван иргэн танай компаний үйлдвэрлэсэн “Найрсаг” архийг ууж хордсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай архинаас хордсон зүйл байхгүй. Хэрэг гарсан өдөр манай үйлдвэр дээр Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын хүмүүс ирээд архи, спиртнээс дээж аваад явсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Танайх спиртээ хаанаас авдаг вэ?
- “Би Цэ трейд” компаниас авдаг.
-Өмнө нь танай байгууллагын нэр дээр иргэдээс нэлээд олон гомдол ирж байсан гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Манай үйлдвэрийн архийг хураамчаар хийдэг бүлэг этгээд байдаг. Тэд манай архийг хуурамчаар архи хийж байгаад баригдсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж шалгуулж байсан. Тэгэхэд эдгээр хүмүүс хуурамч архиа орон нутаг руу нийлүүлдэг болох нь тогтоогдож байсан. Улаанбаатар хотод ч хуурамч архиа худалдаж борлуулж байсан. Үүнээс үүдэлтэй санал гомдол ирж байсан.
Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс хэргийн газар ямар нөхцөл байдалтай байсан талаар тодрууллаа.
-Таван иргэн архинд хордож нас барсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэж таван хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээллэл ирсэн. Дуудлагын дагуу очиход Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд таван ирсэн нас барсан байдалтай байсан. Таван хүний дөрөв нь нэг газраас нэг нь өөр газраас олдсон. Эдгээр иргэдийг урьдчилсан байдлаар архинаас хордсон гэсэн таамаглал байна. Одоогоор нарийн шинжилгээ хийж байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
-Хэргийн газраас “Найрсаг” гэдэг архины шил олдсон гэсэн. Энэ үнэн үү?
-“Найрсаг” архины шил хэргийн газраас олдсон. Тиймээс тэр архинаас хордсон байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрч нарийн шинжилгээг хийж байна. Хэргийн газарт байсан эд мөрийн баримтуудыг хураан авч битүүмжилсэн.
-Эдгээр иргэдийг архи болон шил угаагч шингэн хольж уусан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн хэргийн газарт шил угаагч шингэний сав байсан уу?
-Хэргийн газраас "Гайхмаараа" шил угаагч шингэний сав олдсон. Энэ талаар шинжилгээний эцсийн хариу гарсны дараа холбогдох байгууллага нь мэдээлэл өгнө.
Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд өнгөрсөн сарын сүүлчээр хонины цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч энэ сарын 10-наас ихэнхийг нь цуцлаад буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд цэцэг өвчний тархалт их байгаа талаар орон нутгийн иргэд мэдээллээ. Тодруулбал, тус сумынТарвагатай багийн малчин Б-гийн суурьт 442 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 2-нд мэдээлснээс хойш нийт 2000 гаруй хонийг устгалд оруулаад байгаа гэнэ.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар Хүдэр сум 14000 гаруй хоньтой бөгөөд үүнийхээ 10 гаруй хувийг хагас сарын хугацаанд “тавиад туучихжээ”. Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тус суманд ирэх сарын 1 хүртэл хорио тогтоосон байна. Одоогоор хяналтын таван цэгт 30-аад албан хаагч ажиллаж байгаа гэнэ.
Цэцэг өвчний тархалтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч буй, цаашид хэрхэх талаар тус сумын болон аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Сэлэнгэ аймгийн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Ариунтөгс “Орос руу зөвхөн Сэлэнгээр дамжуулан мах экспортолдог учраас энэ асуудалд болгоомжтой хандаж, мэдээлэл өгөхгүй байхыг холбогдох байгууллагынхан үүрэгдсэн” гэлээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.
Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад оруулжээ.
Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.
БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Харин 2018 оноос Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өглөө.
ДАВОС буюу Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхий дахинаа тулгарч буй эдийн засаг, бизнесийн асуудлыг хэлэлцдэг томоохон чуулга юм. Тус уулзалтанд нэр нөлөө бүхий бизнесийн төлөөлөл, улс төрийн удирдагч, олон нийтийн зүтгэлтнүүд оролцдог юм. БНХАУ-ын тэргүүн, Коммунист намын удирдагч Си Зиньпин Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын индрээс үг хэлсэн байна.
Дэлхийн хамгийн томоохон коммунист намын дарга ДЭЗ-ийн чуулга уулзалтанд оролцож, даяарчлал, чөлөөт худалдааны талаар санал сэтгэгдэлээ хуваалцжээ. Харин капиталист орны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп чөлөөт худалдааны зах зээлийн журмыг боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байна.
Си Зиньпин нь Давост БНХАУ-аас зочилсон хамгийн анхны ерөнхийлөгч юм. Тэрээр Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр дэлхийн чөлөөт худалдаа буурах нь улс орны эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Иймд даяарчлалын асуудлыг яаралтай хэрэгжүүлж, энэ талаар ажиллах нь илүү үр дүнтэй” гэв.
Си Зиньпиний айлчлалын багт интернет худалдааны томоохон төлөөлөгч “Алибаба”-г үндэслэгч Жак Ма болон тэргүүн баячуудын нэг Ван Жан Лиан нар багтжээ. Си Зиньпин чуулганы үеэр “Торгоны зам” дагуу буюу Ази, Дундад Азийн орноос Европын төв цэгүүдийг холбосон замыг байгуулах нь зүйтэй алхам бөгөөд Хятадын талаас ихэд дэмжин ажиллаж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятадын талаар нэг бус удаа дурьдаж байсан. Тэрээр Үндэсний худалдааны зөвлөлийн даргаар Хятадыг шүүмжлэгч Питер Наваррог томилсон билээ.
Наварро Трампын адил БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагаанаас болж АНУ дахь ажлын байрны тоо улам багассаар байгаа гэж үздэг юм. Трампын Эдийн засгийн зөвлөхөөр томилогдоод буй Энтони Скарамуччи мөн л Давосын чуулганаар үг хэлэх ба тэрээр эдийн засгийн даяарчлалын давуу талаас илүү сул талуудыг нь онцлон ярих төлөвтэй байна.
Өмнө нь Энтони Скарамуччи Билл Клинтон Ерөнхийлөгч байхдаа Олон улсын худалдааны байгууллагадХятадыг оруулсан явдал нь америкийн эдийн засагт маш муугаар нөлөөлсөн талаар ярьж байсан юм.
Олон улсын эдийн засгийн байдалд АНУ болон БНХАУ өөр өөр дүгнэлт өгч байгаа нь хоёр улсын хоорондын харьцаа хурцадмал байгааг илтгэж байна. Хоёр том гүрний энэ хүйтэн харилцаа нь дэлхийн эдийн засаг ирэх арван жилд ямар байхыг тодорхойлох болно.
Эх сурвалж: BBC
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй “Европын нэг урсгалт зах зээлээс гарсан нь Европын холбоог тэр чигт нь орхиж байгаа гэсэн үг биш” хэмээн хэлжээ. Тэрээр Европын холбооны зарим улс орнуудтай харилцаа тогтоож, худалдааны салбарт хамтран ажиллавал ашигтай хэмээн илэрхийлжээ. Гэхдээ Европын холбооны 26 гишүүн улс орнуудтай худалдааны салбарт харилцаа тогтоож, ажиллах явдлыг Парламентийн гишүүд хэлэлцээрт сүүлийн саналаа оруулан шийдэх юм.
Их Британийн ерөнхий сайд Тереза Мей Британи, Ирланд орны хооронд аялал жуулчлалын бүсийг байгуулж, Их Британи болон Европын холбооны хооронд үүссэн цагаач иргэдийн хяналтын асуудлыг шийдхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард Лисбоны хэлэлцээрт 50 гаруй асуудлыг өргөн бариж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайд Европын холбоо болон түүний гишүүн орнуудад хандан хэлэхдээ "Европын холбоо ямар ч зүйлийг хамтдаа хүчээр барин тогтоохыг хүсдэг” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Лисбоны хэлэлцээрийн үеэр Европын холбоо, Брексит хоорондын худалдаа харилцаа хэрхэн, цаашид явагдахыг шийдэх юм. Тэрээр Европын холбоо худалдаа, үйлчилгээний салбарт чөлөөтэй байж, хамтран ажиллах нь зөв. Иймд бүх асуудлыг нэг мөр болгон шийдэх шаардлага тулгараад байна” гэв.
Европын холбооны зүгээс Их Британид анхааруулга өгч эдийн засгийн чөлөөт бүсэд нэвтрэх боломжгүй. Харин тодорхой хугацаанд өөрийн гишүүн орны улсуудтай бараа, бүтээгдэхүүн, худалдааны салбарт хамтран ажиллаж, солилцох нөхцөлөөр бүрдүүлнэ гэжээ.
Тереза Мэй "Европын холбоонд нэгдсэн гишүүн 27 улс байдаг. Иймд бид өөрийн холбоотон, хөрш орнуудтайгаа харилцах нь зүйтэй" хэмээн хэллээ. Тэрээр “Бид та бүхний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, өөрсдийн бүтээгдэхүүнээ та нарт худалдах хүсэлтэй байна. Аюулгүй, хамтран ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн санал бодлыг илэрхийллээ.
Их Британи бараа, худалдааны салбарт хамтран ажиллаж чадвал Европын холбооноос “хагас хараат” болж, зөвхөн худалдаа үйлчилгээний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Хэрэв үүнийг Европын холбоо зөвшөөрөхгүй бол Их Британийг өөрийн мэдлээсээ тэр чигт нь алдах аж.
Судалгааны “Gallup” хүрээлэнгээс удахгүй ажлаа хүлээлгэн өгөх АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Б.Обамагийн нэр хүнд иргэдийн дунд хэдэн хувьтай байгааг судалжээ. Санал асуулгыг энэ сарын 4-8-ны хооронд авсан бөгөөд өсвөр насны 1032 иргэн хамрагдсан аж.
Эл судалгааны дүнг тус байгууллагын албан ёсны сайтад даваа гарагт нийтэлжээ. Социологчдын баталснаар сүүлийн саруудад Б.Обамагийн нэр хүнд өсөхөөсөө илүүтэй буурсан гэж үзэж байна.АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг саналд оролцогчдын 62 хувь нь дэмжиж байжээ.
Харин энэ удаад дээрх үзүүлэлт 58 хувь болж буурсан байна. Гэвч Ерөнхийлөгч Ж.Бушийн албан тушаалаа өгөх үеийн рейтингтэй харьцуулахад илүү бөгөөд Ж.Буш ажлаа өгөх үедээ нэр хүнд нь 40 хувьтай байсан юм. Б.Обама ард иргэдийнхээ дунд хамгийн нэр хүндтэй байсан үе нь 2009 онд 69 хувьтай байжээ.
АНУ-ын үе, үеийн Ерөнхийлөгч дотроос том Ж.Бушийг албаа өгөх үед түүний рейтинг 62 хувьтай байсан нь дээд амжилт аж
Чухал.мн