8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Янжинсүрэн: Авлигын эсрэг стандартыг мөрдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаас өөр аргагүй

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-19 09:22:00

Монгол Улсад Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг энэ оны эхний улиралд багтаан үндэсний стандарт болгон нэвтрүүлэх гэж байна. ISO37001:2016 гэж чухам ямар стандарт болох, уг стандартыг Монголд нутагшуулахын ач холбогдол, үр дагаврын талаар Шадар сайдын стандарт хэмжил зүй, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө асуудал эрхэлсэн зөвлөх С.Янжинсүрэнтэй ярилцлаа.

ШАДАР САЙД ISO37001:2016 СТАНДАРТЫГ ОНЦГОЙ ИХ СОНИРХСОН 

- Саяхан Авлигын эсрэг үндэсний чуулган болж өнгөрлөө. Уг чуулганы хуралдааны үеэр Авлигын менежментийн ISO37001:2016 стандартыг Монголд удахгүй нэвтрүүлэх гэж буйг олон нийт мэдлээ. Ингэхдээ уг стандартыг Монголд хэрэгжүүлэх гэж буйг ихээхэн талархан хүлээн авч байх шиг санагдсан. Ер нь ISO37001:2016 гэж ямар стандарт юм бэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ сарын 11-ны өдөр Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ой тохиож, авлига, авлигалын эргэн тойрон дах асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаас авлигын эсрэг стандартын тухай мэдээллийг хүмүүс мэдэж авсан. Олон улсын стандартын байгууллагаас өнгөрсөн аравдугаар сарын дундуур ISO37001:2016 гэх авлигын эсрэг менежментийн тогтолцоо нэртэй стандартыг баталсан. Тийм учир энэ стандарт бол манай стандарт хэмжил зүйн салбарын хувьд хуучин зүйл. Харин Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр нийтэд энэ стандартын талаар анх мэдээлсэн юм. Олон улсын судалгааны байгууллагаас авлигын талаар олон төрлийн судалгааг хийсэн байдаг. Тухайлбал, Дэлхийн банкны гаргасан дүнгээр жил бүр 1 триллион америк долларыг авилга хээл хахуулд төлдөг гэсэн мэдээ байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар коррупцийн зардал Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг эзэлж, 2.6 триллион америк долларт хүрч буй тооцоог гаргажээ. Эдгээрээс гадна судалгаа хийдэг бусад мэргэжлийн байгууллагууд янз бүрийн дүн мэдээ гарсан байна. Манай улсын хувьд авлигын асуудлаар олон жил ярьж байна. Авлигын чиглэлээр тусгайлан үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрыг байгуулаад 10 жил болсон байна. Эндээс энэ асуудал манай улсын хувьд анхаарал татсан асуудал мөн гэдэг нь тодорхой. Олон улсын стандартын байгууллагаас баталсан авлигын эсрэг стандартыг авч хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?, ямар зорилготой вэ гэдгийг олон нийтэд таниулах нь манай стандарт хэмжил зүйн байгууллагын үүрэг. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газар нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Өнгөрсөн намар ISO37001:2016 стандартыг олон улсын байгууллагаас батлаж гаргалаа гэдгийг мэдмэгц Шадар сайд онцгой их сонирхсон. Улмаар энэ стандартыг Монголын үндэсний стандарт болгох боломжийг судлах, үүний тулд ажлын хэсэг байгуулж ажиллах, стандартын хамрах хүрээг тодорхойлох зэрэг үүргийг СХЗГ-т өгсөн. Уг үүргийн дагуу Стандарт хэмжил зүйн газарт ажлын хэсэг байгуулагдаад авлигын эсрэг чиглэсэн стандартыг Монголын үндэсний стандарт буюу MNS болгох ажлыг нэлээд явуулаад байна. Ер нь олон улсын стандартыг үндэсний стандарт болгох нь шат дараалсан мэргэжлийн үйл ажиллагаа байдаг. Англи хэл дээр боловсруулж баталсан олон улсын стандарт учраас монгол хэлнээ хөрвүүлэх, өөрийн хэл соёлд нийцүүлэх шаардлагатай. Энэ ажил тусгай техникийн хороогоор хэлэлцэгдэнэ. Үүний сацуу Монгол улсын хууль, эрх зүйн орчинд нийцсэн байх ёстой. Энэ мэтчилэн техник, үйл ажиллагааг жигдрүүлэх шат дараалсан ажлууд бий. Манай СХЗГ ISO37001:2016 стандартыг орчуулаад, нэр томъёог нь монголчлоод хууль эрх зүйн орчиндоо таацуулж зохих боловсруулалтыг хийсэн гэж үзээд 7,8 газраас санал авахаар хүргүүлээд байна

- Тухайлбал ямар байгууллагаас санал авахаар хүргүүлээд байна вэ?

- Үүнд, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Хууль зүйн яам, Сангийн яам, АТГ, авлигын эсрэг тууштай тэмцдэг ОУБ “Транспаренси интернационал” тэргүүтэй байгууллагууд байгаа. Энэ байгууллагуудаас ирүүлсэн албан ёсны саналын дагуу дахин стандартынхаа боловсруулалт дээр ажиллана, сайжруулна. Техникийн хороогоор удаа дараа хэлэлцэгдээд хэрвээ стандартын боловсруулалтын шаардлагыг хангасан байна гэж үзвэл энэ сарын сүүл ирэх сарын эхээр стандартын үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлнэ. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцээд шууд батлагдчихна гэсэн үг биш юм. Хэрвээ зарчмын санал гарвал дахин боловсруулалт хийнэ.Ингээд удаа дараа хэлэлцүүлсний үр дүнд энэ стандарт Монголын үндэсний стандарт болж хэрэгжих юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АВЛИГАЛД ӨРТӨМХИЙ ГЭХ ХАРДЛАГА БАЙДАГ. ҮҮНЭЭС САЛАХАД ЭНЭ СТАНДАРТ ХЭРЭГ БОЛНО

- ISO37001:2016 стандартыг Авлигатай тэмцэх салбарт хэрэгжүүлсэний ач холбогдлыг та юу гэж тодорхойлох вэ?

- Юуны өмнө авлигын эсрэг олон улсад мөрдөх зориулалттай энэ стандартыг MNS37001:2017 болгож батлуулна. 2017 онд батлагдаж байгаа учраас ард нь огноогоо тавьж байгаа юм. Энэ стандартыг хэрэгжүүлэх гол зорилго нь юуны өмнө авлигаас урьдчилан сэргийлэх, улмаар авлига байгаа газарт бол хэмжээг нь бууруулах, таслан зогсоох зорилготой бөгөөд ингэснээр тухайн байгууллагын удирдлага болон баг хамт олонд нь ёс зүйн сайн хэм хэмжээг хэвших, тэдэнд ард иргэд болон үйлчлүүлэгчдийнх нь хандах хандлага өөрчлөгдөж итгэл нь нэмэгдэх, нэр хүнд нь өсөх зэрэг олон ач холбогдолтойг дурдаж болно. Ер нь авлига нь ядуурлыг дэмждэг гэж үздэг. Мөн авлигаас үүдэн горимын бус замаар асуудлыг шийддэг буруу тогтолцоо байгууллагад бий болдог гэж үздэг. Товчхондоо эдгээрээс зайлсхийх зорилготой. Ер нь 37001 стандартыг манайд мөрдсөнөөр нийгэмд болон байгууллагад олон ач холбогдолтойгоос гадна Монгол улсын авлигалын индекс, үзүүлэлт сайжирна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад  итгэх итгэл ч нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Хэрвээ бид авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлж, мөрдөж эхэлбэл гадны хөрөнгө оруулалтыг авлигын эрсдэлд оруулахгүйгээр бүтээн байгуулалтад нь шууд зарцуулах, түүнд хяналт тавих боломж бүрдэнэ. Тиймээс энэхүү стандартыг нэвтрүүлье гэж байгаа юм.

- Энэхүү стандартыг ямар байгууллагууд дагаж мөрдөх вэ?

- Энэ стандартыг ямарч байгуулга, тухайлбал төрийн болон төрийн бус байгууллага, бизнес хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд бүгд хэрэглэж болно. Манай төрийн албан хаагчдыг авлигалд илүү өртөмхий гэх хардлага байдаг. Үүнээс салахад энэ стандарт хэрэг болно гэж үзэж байна. Төр, төрийн алба, төрийн албан хаагчдад ард иргэдийн итгэх итгэл багасч байгааг авлига гэдэг ойлголттой холбож ойлгох болсоор удаж байгааг бид мэднэ. Олон улсын байгууллагууд авлигын эсрэг маш их ярьдаг, төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болоод удаж байна. Тэдгээрийн нэг нь энэ стандарт. Тийм учраас Шадар сайд эхний ээлжинд төрийн байгууллагууд мөрдөх уриалгыг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Төрийн байгууллагууд энэхүү стандартыг мөрдөөд үйл ажиллагаандаа хэвшүүлээд эхэлбэл дараагийн шатанд хувийн хэвшилд санал болгоно гэх зэргээр энэ стандартыг нийгэмд нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийх зорилт тавиад байна.

- Энэхүү стандартыг өөрийн улсад нэвтрүүлсэн улс байгаа юу ? Миний сонссоноор манай улс энэхүү стандартыг нэвтрүүлж буй анхны орон болж байгаа гэсэн?

- Энэхүү стандартыг үндэсний болгож өөрийн улсад нэвтрүүлсэн улс одоогоор бидэнд мэдэгдсэн юм байхгүй байна. Шадар сайдын тавьж буй гол зорилго бол Монгол улс үүнд түүчээлэх ёстой гэж үзэж байгаа. Монгол улс ISO байгууллагын гишүүн улсынхаа хувьд энэхүү стандартыг зарим талаараа нэвтрүүлэх үүрэгтэй ч гэж үзэж болно.

- Монголчуудын стандартын талаарх ойлголт их маруухан. Тэгэхээр тус стандартыг хэрэгжүүлэх шатанд уг ажил саарчих вий дээ гэсэн болгоомжлол бас байна. Тэгэхээр мөрдүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?

- Манай нийгэмд стандартын талаарх ойлголт, мэдлэг харьцангуй сул. Өнөөдөр бид стандартыг мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй учраас төрөл бүрийн эрсдэлд орж байдаг. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, эм тан хэрэглээд хордлого,  харшил авдаг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь үйл ажиллагаандаа, технологидоо стандарт бариагүй бас хэрэглэгч өөрөө ч ариун цэврийн, хэрэглээний, хадгалалтын гэх мэт стандарт бариагүйгээс  болж дээрх эрсдлүүд үүсдэг. Стандарт нь албаны нэр томъёо юм шиг боловч хүний амьдралын алхам тутамд хэрэглэгддэг горим, үйлдлийн дараалал байдаг. Тэр горимыг хэрэгжүүлбэл бид бүх төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх бололцоотой. Стандарт бол эрсдлээс хамгаалах хамгийн анхан шатны ерөндөг гэдгийг нийгэм бүхэлдээ ойлговол ач холбогдолтой. Үүнийг ойлгуулахын тул бид танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Ялангуяа авлигын стандартыг танин мэдүүлэх ажлыг Стандарт хэмжил зүйн газраас хийнэ. Энэхүү стандартаас гарах эерэг үр дагаврыг ойлгуулж чадвал иргэд, байгууллагууд айхтар их шаардуулахгүйгээр хэрэгжүүлэлт тал дээр дуу хоолойгоо нэгтгэх байх.

АТГ УГ СТАНДАРТЫГ ТАЛАРХАН, ДЭМЖИЖ ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА

- Хэрэгжүүлэх ажил дээр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлага гарах юм байна. Тийм үү?

- Хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаас өөр аргагүй. Манай хуулинд ч төрийн зарим үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд гүйцэтгэж болохоор заасан байдаг. Авлигын эсрэг энэ стандартыг үндэсний болгоод баталчихвал Стандарт хэмжил зүйн газраас сургалт, сурталчилгааны ажил болон баталгаажуулалт явуулна. Гэхдээ энэ байгууллага ганцаараа хийгээд дийлэхгүй. Тэгэхээр стандартын болон баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагатай нягт хамтарч ажиллана. Энэ тал дээр Шадар сайд, түүний ажлын алба, харьяа агентлагууд түүн дотор Стандарт хэмжил зүйн газар нээлттэй бодлого баримтална. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх байгууллага нь ёс зүйн дүрэмдээ тус стандартын шаардлагыг тусгахаас л энэ стандартын хэрэгжилт эхэлнэ гэж бид ойлгох ёстой.

- Авлигатай тэмцэх газар энэхүү стандартыг хэрэгжүүлэхийг хэр дэмжиж байгаа вэ?

- Авлигатай тэмцэх газар нь энэхүү стандартыг талархан дэмжин хүлээж авч байгаа. Авлигын эсрэг үндэсний чуулганы эрдэм шинжилгээний хурлын уур амьсгал, илтгэл тавьж буй хүмүүсийн хандлагаас харвал дэмжиж байгаа нь илт байсан. Энэ стандартыг үндэсний болгох ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас санал авахаар хүргүүлсэн. Тэгэхээр тус байгууллагаас бидэнд ажил хэрэгч саналыг хариулт болгон өгөх байх. АТГ тус стандартыг нийгэмд хэрэгжүүлж ажиллахад нягт хамтарна, манай стандартын агуулга, боловсруулалтыг сайжруулахад үнэтэй санал өгнө гэдэгт итгэлтэй байна. Уг стандарт батлагдвал төрийн бүх байгууллага мөрдөж ажиллаасай гэж хүсч байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цэцэг
авлигачдын хашраах сатндарт байна ёстой хэрэгтэй вм бөайэа
2017/01/19 43.242.242.52
аааа
мундаг эмэгтэй шүү яаж ийм мундаг болж байнааа
2017/01/19 43.242.242.52
Guest
Yostoi mundag busgui shu. Bi heden jiliin omno lektsiign sonsood jinhene mongol emegteichuudiin mine ulger jishee bolson mundag emegtei bna gej harj baisan. Tsaashdin ajild chin amjilt husye!
2017/01/19 103.212.116.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment