8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг батлах боломжгүй

2017-01-19 11:44:00

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байна.

2016 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль явуулж дууссаны дараа сонгуулийг зохион байгуулдаг сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн талаасаа ч, зохион байгуулалт талаасаа ч олон хүндрэлийг дагуулж байна гэсэн хууль зүйн тайлбар, үндэслэл бүхий хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Үүний дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд, үүн дотроо УИХ дахь МАН, АН-ын нэр бүхий гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн тухай хуулиас салгаж, өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн олон зарчмын зөрүүтэй саналууд гарч, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн зүгээс, улс төрийн намуудаас ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаж хэлэлцэж байгаа асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас бид хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг өчигдөр бүлэг дээр хэлэлцсэн юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-д заасныг үндэслэн, гурван  үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, өнөөдөр хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, өмнөх парламентын үед УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгч гэсэн өөр өөр субъектийг сонгодог байсан хуулийг нэг хууль болгож, Сонгуулийн тухай хууль гаргасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулиас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаж хэлэлцсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдан гарах үед өмнөх хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох явдал процедурын хувьд хүндрэлтэй болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гарснаар өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн 189 заалт хүчингүй болох шаардлага гарсан юм. Энэ нь хуулийн техник, хуулийн процедур талаасаа нэлээн хүндрэл дагуулах нь.

Хоёрдугаарт, МАН улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой асуудал дээр үндэсний зөвшилцлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин. Ялангуяа парламентын түвшинд асуудал шийдэхдээ 65 суудалтай гэж суудлын тоонд дулдуйдахаасаа илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг цаашид хадгалах сонирхолтой байгаа. Хэвлэл мэдээлэл, иргэд сонгогчдоос нэлээд санал ирсэн. Парламентын гишүүдээс хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан.  Үүнийг парламентын түвшинд энэ хуулиар нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэж бид ойлгож байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг цаашид явуулах боломжгүй байна.

Гуравдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөдөр нэгдүгээр сарын 20. УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд заасан хуулийн хугацаа хэтэрсэн. Сонгууль товлон зарлах, сонгуультай холбоотой хуулийн хугацаа байдаг. Энэ хуулийн хугацаа хэтэрч эхэлж байна. Тийм учраас ажлын хэсэг дээр хуулийн хугацааг өөрчлөх шаардлага гарсан. Энэ үед улс төрийн зарим нам завсарлага авч, хэлэлцүүлгийн явц сунжирлаа. Эдгээр асуудлаас шалтгаалан өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах боломжтой юм гэж үзэж байна.

Дээрх гурван үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг  буцаах шийдвэр гаргасныг уламжилж байна хэмээн мэдэгдлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/20 103.57.94.75
it24.mn
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
2017/01/20 103.9.88.56
СОНГОГЧ
Бид олуулаа гэж дайрвал дайрах л байсан ман асуудлыг зөв шийджээ
2017/01/19 202.55.191.76