Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Зөв мэндчилж сурцгаая” аяныг эхлүүлж байна. Тус аян маргаашнаас эхлэн сарын хугацаанд зохион байгуулагдана. Аяны гол зорилго нь хүүхэд багачуудыг бага наснаас нь мэндлэх, хүндлэх ёсонд сургах, чин сэтгэлээсээ мэндчилж хэвшүүлэх, нийгмийн эрүүл харилцааг төлөвшүүлэх, хотын соёлтой ирээдүйн иргэдийг бэлтгэх зорилготой юм байна. Монголчууд бид ахмад настан болон, эцэг эх, ахан дүүсээ эрхэмлэн хүндэлдэг өнө эртний уламжлалтай ард түмэн. Монголчуудын хүндлэх ёс өвөрмөц бөгөөд хүмүүжлийн бүхэл бүтэн цогц ухаан юм. Тийм ч учраас тус аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус аянаас эхлээд цэцэрлэгийн бяцхан багачууд, сургуулийн насны хүүхдүүд зөв мэндчилж сурах аж.
“Зөв мэндчилж сурцгаая” аяны талаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч О.Нарангэрэл хэлэхдээ “Засаг даргын мөрийн хөтөлбөр болон энэ жилийн үндсэн чиглэлүүдэд олон ажил тусгагдсан. Түүний нэг нь “Зөв мэндчилж сурцгаая” аян байгаа. Тус аянд дүүргийн хэмжээний сургууль, цэцэрлэг, төр, төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд сургуулийн хүүхдүүд найзуудтайгаа, ах, эгч нартайгаа мөн таньдаггүй хүмүүстэй ч гэсэн зөв мэндчилж сурна. Хүүхдүүд зөв мэндчилж чадахгүй хагас дутуу мэндчилдэг учраас энэ аяныг эхлүүлж байна. Тус аян нэг сарын хугацаанд үргэлжлүүлээд зогсохгүй цаашид ч үргэлжлээд явна. Монгол ёс заншил бол мэндлэх, хүндлэх ёсноос л эхэлнэ. Баянгол дүүргийн хүүхдүүд зөв мэндэлдэг, хүнийг инээмсэглэн угтдаг ийм сайхан дүүрэг болох болтгуай” хэмээн хэллээ. Мөн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа тус аяныг дэмжиж буйгаа илэрхийлээд “Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлаад “Зөв мэндчилж сурцгаая” гэсэн аян эхлүүлж байна. Хүнтэй зөв мэндчилж сурна гэдэг хүний харилцааны хамгийн том хаалга нээгдэг учраас ач холбогддог учраас ач холбогдол өгөх ёстой. Монголчууд нэг нэгэнтэйгээ сайхан мэндчилдэг ард түмэн шүү дээ. Гоё мэндчилээд эхлэх юм бол тухайн өдрийн турш уур амьсгал ч мөн гоё л байна” хэмээн хэллээ.