Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 20-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ.
Түүнчлэн Идэр тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42 /хэм хүрнэ.
Харин өдөртөө -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр, говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.