Еbarimt.mn-д өнгөрсөн нэг жил 620 мянган иргэн бүртгүүлжээ. Гэвч тэдний 140 мянга нь хувийн мэдээллээ өнөөг хүртэл баталгаажуулаагүй байна. Ингэснээр эдгээр иргэд ирэх сараас олгож эхлэх, төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авах үйл ажиллагаа ихээхэн сунжрах төлөвтэй байна.
Та дээрх цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистрийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистрийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн аж.
Иргэд өөрсдөө хувийн мэдээллээ оруулсны дараа Татварын ерөнхий газар арилжааны банкуудаас мөн мэдээлэл авч тулгах юм. Үүний дараа Төрийн сангаас иргэн тус бүр рүү таны төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг НЭГ УДАА буцаан олгоно. Иргэдийн хийсэн худалдан авалтын дүн харилцан адилгүй тул буцаан авах мөнгө ч өөр өөр байна.
Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг “Бид Цагаан сараас өмнө НӨАТ-ын буцаан олголтыг дуусгах зорилготой ажиллаж байна. Уг нь баяраас өмнө мөнгөө авчихвал иргэдэд хэрэгтэй. Гэтэл 140 мянган иргэн мэдээллээ баталгаажуулаагүй. Мөн ХХБ, Хаан, Голомт банкууд данс эзэмшигчдийнхээ мэдээллийг өгөлгүй, ажил сунжруулж байна. Юуг нь нуудаг юм бүү мэд. Төрийн сан нэг өдөрт 50 мянган гүйлгээ хийх хүчин чадалтай. 620 мянган иргэний данс тус бүр рүү төлсөн НӨАТ-ынх нь 20 хүртэл хувийг шилжүүлнэ. Тэгэхээр энэ ажил гуравдугаар сар хүргэх нь. Бид ирэх сараас эхний иргэдэд мөнгийг нь шилжүүлнэ” гэв.