Монгол Улсад ислам шашин 1990 оны ардчилсан хувьсгалын үеэс сэргэж эхэлсэн бөгөөд тухайн үед төрийн буянаар арабын ертөнцөд тодорхой танилын хүрээтэй болсон К.Сайран Монголын мусульман нийгэмлэг гэгчийг байгуулж туслахаараа /гүйцэтгэх захирал/ Х.Батырбекыг ажиллуулж өнөөг хүртэл тэргүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ислам шашинтай иргэдийн шашин номын хэрэгцээнд Араб, Турк, Ислам шашинт орнуудын шашны байгууллагуудаас хөрөнгө мөнгөөр харамгүй туслалцаа дэмжлэг үзүүлж байсан боловч, өнөөг хүртэл тус холбоонд тодорхой хөгжил дэвшил гаралгүйгээр 27 жилийн нүүр үзээд байна. Энэ нь тус холбоог тэргүүлж буй дээрх эрхэмүүд шашны мэдлэг боловсролгүй, шашин номондоо үнэнч бус, ислам шашныг хувьдаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ирсэнтэй холбоотой.
Тухайлбал К.Сайран УИД-ын зүүн талд байрлах Алтай худалдааны төв, Улаанбаатар хотын Зайсанд 1 хаус, зуслангийн газарт 2 хаусыг тус тус хувьдаа бариулсан нь энэ их хөрөнгийг хаанаас олсон бэ гэсэн хардлагыг эрх биш төрүүлж байгаа юм. Түүнчлэн БГД-т Исламын соёлын төв гэгчийг Саудын Арабын дэмжлэгээр анх бариулж эхэлсэн боловч тухайн хөрөнгийг үндсэн зориулалтаар нь ашиглаагүйн улмаас барилгын ажил талдаа ч хүрэлгүй зогссон нь одоо та бидний өмнө балгас байдалтай байна.
Дээрхи Исламын соёлын төв гэх дутуу барилгаа гадны орнуудаас мөнгө босгох хэрэгсэл болгон ашиглаж Кувейтуудээс 500 мянган ам доллар салган авч чадсан талаар яригдаж байсан. 2010 онд Хан-Уул дүүрэгт Кувейтуудын хөрөнгөөр “Шейх Сабах”-ын нэрэмжит дунд сургуулийн байр бариулж, хөрөнгө оруулагч тал болон Монгол дахь Кувейтийн ЭСЯ-ны ажилтнууд барилгын ажилтай танилцахаар очиход уурлаж уцаарлан оруулалгүй хөөн явуулсан тохиолдол гарсан байдаг. Үүний улмаас Кувейтийн талаас уг барилгын санхүүжилтийг зогсоож, оруулсан хөрөнгөө К.Сайранд алдсандаа харамсаж байдаг бололтой.
Гэвч К.Сайран гаршсан аргаараа шашны нэр барьж дутуу баригдсан барилгаа гүйцээж барих нэрийдлээр Туркуудыг ятгаж яваа сурагтай. Тэрээр 2016 онд Туркийн Станбул хотын амбан захирагч Кадир Топбашин Улаанбаатар хотод ирэх үеэр дутуу баригдсан барилгаа үзүүлэн үлдсэн хөрөнгийг шийдүүлэхээр болсон байна. Үүний үр дүнд 2017 оны 01 дүгээр сар 16-нд Туркийн холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Манай улсад ирсэн гэх Туркийн албаны хүмүүс нь К.Сайраны уран арганд өртөж, хулхидуулж магадгүй юм. Өөрөөр хэлбэл дээр дурьдсанчлан Туркийн хүмүүс Кувейтууд шиг К.Сайранд залилуулахыг өөрсдөө мэдэхгүй л яваа байх даа.