8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ариунболд: "Чалко"-ийн өрийг дөрөвдүгээр сард төлж дуусна

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-20 11:20:00

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Д.Ариунболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Хамгийн гол нь өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км тээвэрлээд ийм үнээр зарж байсан юм. Харин өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Нэг ёсондоо зах зээлийн үнэд ойртсон явдал болж байна. Бид энэ үнийг зах зээлийнхтэй харьцуулж үзлээ. Өнөөдөр Баяннуур аймагт угаах үйлдвэрт авдаг үйлдвэрийн үнэ 145 ам.доллар байна. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км-ийн тээврийн зардал, гаалийн татвар, АМНАТ, уурхайн өртөг зардлыг хасаад үзэхэд нэг тонн нүүрсний 72-73 ам.доллар болж байгаа. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна. Бизнес хийж байгаа компанид тодорхой хэмжээгээр ашиг гарах ёстой. Бид Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхийн ордоос “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа. Баруун цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөсөн. Эхний 300 мянгыг сая олборлолоо. Дараа дараагийн нүүрсээ олборлосон даруйд худалдаад явна" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?

-Үнийн өсөлттэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс үнэ 59.3 ам.доллар болж өссөн. Энэ бол үнийн индексээрээ автоматаар бодогддог. “Чалко” компанитай хийсэн хамгийн өндөр үнэ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл явна. “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Эхний гурван сард ийм өндөр үнэтэй үедээ нүүрсээ нийлүүлнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

-Нүүрсний үнийн борлуулалтад ямар бодлого барьж байна вэ?

-Компанийн бодлого цаашдаа нэмүү өртөг шингээсэн үнээр борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас ч энэ талын чиг үүрэг өгсөн. Компани цаашдаа нүүрсээ угаагаад нэмүү өртгөөр боловсруулах боломжийг хайж байгаа.  Та бүхэнд “Энержи ресурс” компанид “Та бүхэн зах зээлийн үнээр манай нүүрсийг авч болно. Та бүхэн манай үнэ ханшаар нүүрс аваад нэмүү өртөг шингээн угаагаад гаргаж болно” гэдгийг хэлсэн. Цаашдаа угаах, боловсруулах чиглэлд ажиллана.

-“Эрдэнэс Тавантолгой” компани хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байна вэ? 1072 ширхэг хувьцааг амилуулахын тулд энэ хэлэлцээрээр нүүрсээ яаж үнэ хүргэх вэ?

-Засгийн газраас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Асуудлаа боловсруулж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлээр нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах бодлого барьж байгаа. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх байх.

-“Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээрт ямар чиг шугамаар орж байна вэ?

-Хэлэлцээрт Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа.  Асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төвлөрч байгаа. “Тавантолгой” компанийн хувьд ажлын хэсэгт орж байгаа. Гэхдээ УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ.

-Сонгон шалгаруулалтаар ямар компани орсон бэ? Нүүрсний үнэ өсгөхөд энэ компани хэрхэн ажиллах бол?

-Нүүрсний үнэ зах зээлээс хамаарна. Нээлттэй дуудлага худалдаагаар зах зээлийн үнэд ойртуулж байна. Гэхдээ зах зээлийн үнэ яаж өсөж, буурахаар шалтгаалах юм. Сүүлийн үеийн мэдээгээр нүүрсний үнэ олон улсад 30-аад хувиар буурсан. Манайд ч гэсэн өчигдрийн ханшийн мэдээллээр 100 юаниар унасан байсан. Ер нь нүүрсний үнэ буух талдаа байна. Энэ нь Хятадын бодлогоос хамаарч байгаа. Хятадууд хаасан уурхайн ордуудаа буцаагаад нээсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” 2017 онд хичнээн тонн нүүрс олборлолт явуулах бол?

-ТУЗ-аас 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаварыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

-“Чалко”-ийн өгөх нүүрсний үнэ яагаад зах зээлийн ханшнаас бага байна вэ?

-Чалкод төлөх мөнгө индексээр явдаг. Нэг сарын нүүрсний үнийг өнгөрсөн оны 11, 12 сарын үнийн дунжаас тогтоодог. Энэ дундаж үнийг гаргадаг дөрвөн индекс байдаг. Үүнийг 2011 онд анхны хэлцэл хийхдээ тогтоосон. Энэ 4 индексийг 2 сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоодог. Түүнээс дундаж үнэ гарч байгаа юм. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшны нөлөөллийн улмаас 59.3 гарсан.

-71.5 ам.долларын үнийг ямар шалгуураар тогтоосон бэ?

-Үнэнээс гадна олон зүйл хамаарна. Тээвэрлэлтээ хийж чадахгүй хэрнээ өндөр үнэ хэлэх магадлал бий. Тиймээс тухайн компани урьдчилгаа төлбөр төлөх чадвартай эсэх, тээвэрлэлтээ хийх чадамж зэргийг нь харна.

-Таван толгой дээр Чалко, Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс бүгд өөр үнэ тогтоодог. Үүнийг нэг үнийн бодлогоор зохицуулж болдоггүй юм уу?

-Ерөхий сайд “Нэг цонхн бодлого хэрэгжүүл” гэсэн үүргийн Тавантолгойн орд дпээр ажиллаж байгаа гурван компанид өгсөн. Тэр гурван компанийн үнэ өнөөдөр ч өөр байгаа. Энержи Ресурс нүүрсээ угаагаад гаргаж байгаа. Эрдэнэс таван толгой бол өнөөдрөөс эхлээд уурхайн аман дээрээсээ борлуулж байна. Ер нь нэг цонхны бодлогыг гурвуулаа баримтална. Гол нь угаасан нүүрсний үнэ зах зээлийн зарчмаар аль аль компанидаа ашигтай байх ёстой гэдэгт тохирсон.

-Чалкод өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

-Ер нь бол яахав эдийн засаг хямралтай үед олборлогч компанийнхаа өрийг бэлнээр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Нүүрсний үнийг бол дээр дурьдсан дөрвөн индексээр тооцож байгаа. Чалкогийн өрийг хэзээ дарж дуусна тэр үед харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол Чалкогийн өрийг дараад, тэрнийхээ дараа зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх юм. ТУЗ-аас 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаварыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nug
Ene nuhur J MUNKHBAT saidin buyand ih bayjij baigaa gesen nuursnii unig gartaa barij bn
2017/01/20 202.179.27.28