8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач залуу амиа алдахаас өмнө хадлагад өртөж байжээ

2015-11-17 10:10:00

27 настай залуу  “Машинаа гараашдаа тавиад ирье” гэж гараад зургаа хоногийн дараа Хөвсгөл нуурт живсэн байсныг олсон харамсалтай хэрэг гарсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч тэр даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, улмаар Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон Хөвсгөл нуурын гүнээс 27 настай  Т.Лхагвасүмбэрэлийн цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Хэргийг  Хөвсгөл аймгийн цагдаагийн газар болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран шалгаж байгаа аж.


Т.Лхагвасүмбэрэл гэж хэн бэ?


Талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь 1988 онд төрсөн, 27-хон настай. Тэрбээр  Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн оржээ. 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд ажилд орсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.

Ар гэрийнхэн нь бусдын дарамтад орсон гэж үзэж байна


Талийгаачийн ар гэрийхэн дарамтад орсны улмаас амь насаа алдсан гэж үзэж байгаа аж. 27-хон настай ид хийж бүтээх насанд олон ажил төлөвлөж байсан залуу  амь хорлохгүй хэмээн үзэж  байгаа аж. Түүнчлэн амь хорлоогүйг батлах баримтыг  ч цагдаагийн байгууллагад өгчээ.   Учир нь тэдэнд ингэж таамаглах хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ.  Талийгаач хэд хэдэн удаа бусдын дарамтад орж бэртэж байсан аж. Тодруулбал энэ явдлаас өмнө гурван удаа барьцаалагдаж, халдлагад өртсөн. Хоёр удаад нь хээр хутгалуулсан гэнэ.


Эхний удаа 2014 оны 5 сард МУИС- аас гараад  шөнийн 11-12 цагт  гэртээ харж явтал замд нь  хуучин 4-р дэлгүүрийн  зүүн байрнуудын дундаас үл таних 4 залуу талийгаач залууг  барьж аваад  гарын шуу хавьдаа хутгалуулсан байна. Улмаар ухаан алдаж  алдаж унаад өглөөний 4-5 орчимд ухаан орж  гэртээ ирээд гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан.

2015 оны эхээр Улаанбаатар хотод ирж ажиллаж байхдаа 2015 оны нэгдүгээр сарын 5- ны орой 7 цагийн орчимд  ажлаасаа гараад  гэр лүүгээ харьж явах замдаа 5-р сургуулийн баруун урд орчимд   хар машинтай  үл таних  хүмүүс бууж ирээд “Хөөе сайн уу”  гээд харах завдалгүй шууд  хүчээр барин  машинд суулгаж оруулахад жолоочийн араар хар хаалт хаагддаг тоноглогдсон машин  байсан гэдэг. Ингээд  30 орчим км зайтай үл мэдэгдэх газар аваачиж дарамталсан байдаг. Тэдгээр хүмүүс “Чи хөдөө байхдаа их ол юм ярьдаг  бацаан гэл үү, Хөдөө ч, Улаанбаатарт чи тэгж чадахгүй шүү. Хуулийнхан бидний талд” гэх мэтээр хэл үгээр дарамт, сүрдүүлэг үзүүлж заналхийлж байжээ.

 Харин гурав дахь удаагаа 2015 оны 4 сарын 30-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажилтай  мотоцикльтой ажлаар явж байхад нүүрэндээ маск халхавч өмссөн үл таних хоёр хүн замын хажуу хадны араас гэнэт гарч ирээд шууд нэг нь цохиж, нөгөө нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалан  хүнд гэмтэл учируулан амь насанд нь ноцтойгоор  аюул занал учруулсан.  Хутгалуулаад 3 цаг орчим 30  км яваад байдаг отог дээрээ очиж  хүн  эмнэлэг, Өмнөговийн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн аж. Улмаар хот руу яаралтай онгоцоор очиж, Цэргийн госпитальд дотуур цус алдалттай очиж хагалгаанд орж, бие нь арайхийж сайжирчээ.


Юуны улмаас талийгаач дарамтад орсон бэ?


Талийгаач залуу Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын  нурууг тусгай хамгаалтад авах талаар судалж байгаа гол ажлыг хийдэг байжээ. Тэнд нийт арав гаруй лицензийг уул уурхайн компаниуд эзэмшдэг байна.  Тиймээс ч уг газар лицензийн эрх эзэмшдэг уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж нутгийн иргэдтэй хамтран тэмцдэг байсан аж.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нь палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг бөгөөд ялангуяа гүрвэлийн олдвор нэлээд олддог байна.  Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумын оршин суугчдаас Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч 1059 тооны өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлсэн байна.

 

Б.Пагма

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хөөрхий дөө ийм л эх оронч сэтгэлтэй шантаршгүй сайхан залуучууд л энэ төрд үгүйлэгдээ байгаа юм даа тэр алсан нөхөд нь уул уурхай гэсэн шуналтай новшнууд лбайгаа даа бодоод байх юу байхав
2015/12/23 103.17.108.42