Энэ сарын сарын 19-ны шөнө Булган аймгийн Рашаант сумын нутагт орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн жүжигчид автын осолд орж, гурван жүжигчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тэд зургуулаа явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэднийг өчигдөр Булган аймгийн Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д авч ирсэн байна. Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэрбат нар байжээ.
Тэд орон нутагт хувийн ажлаар явж байх үедээ авто осолд орсон тухай Үндэсний циркээс мэдээллээ.Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.