Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан билээ. Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулсан. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн эх 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц гэгч аж. Тэрбээр өөрийн төрүүлсэн 1 кг 800 г жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр бүх бие рүү нь, тухайлбал цээжин тус газарт нь олон удаа шивсний улмаас хүнд гэмтэл учруулсан тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хүнд гэмтэлтэй нярай Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авчээ.
Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс Эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Болсон хэрэг явдлын талаар хүүгийн эх Ц нь “Амьд үлдэхгүй байх гэж бодоод ийм хэрэг үйлдсэн. 10 гаруй зүү шивсэн” хэмээн цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна.