Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд, Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулжээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм байна. 1 дүгээр зүйлд Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулахаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засаж, зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, Цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн татгалзан гарах үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаарх хориглолтыг бий болгохоор тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2015-12-22 17:49:00