8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүрээ хувиргасан шинэчлэлийг АН-ынхан дэмжих үү

2017-01-24 12:04:00

Дөрөв хоногийн дараа Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа өндөрлөж тус нам шинэ даргатай болно. Ардчилсан намынхан намаа шинэчлэх цаг болсон гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн нь арав гаруй жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадсанаас нь харагдаж байгаа. Гэхдээ дарга сонголоо гээд шинэчлэгдэж чадах уу гэдэг бас л сонин. Ардчилсан намын шинэчлэл бол ганц тус намын өөрчлөлт, шинэчлэл бус Монголын улс төрийн намуудын шинэчлэлийн эхлэл, тус намыг дэмжигчдийн итгэлийг хадгалж үлдэх боломж юм. Ардчилсан нам шинэчлэгдэж чадвал өөрсдөд нь л хэрэгтэй. Харин энэ шинэчлэлийг юунаас яаж эхлүүлэх, хэдий хэрийн хугацааг зарцуулахаа тэд өөрсдийнхөө сонголтоор шийднэ. Өнөөдрийн нөхцөл байдлыг ажиглавал шинэчлэл их л удаан явагдах бололтой.

Гэхдээ шинэчлэлийг чадварлаг лидер зөв зохион байгуулалтаар л хийж чадна. Тиймээс намаа атгасан гар шиг базаж чадах,шинэчлэлийг зоригтой эхлүүлж чадах чадварлаг нэгнийг даргаараа сонгох нь тус намын гишүүд, дэмжигчдийн үүрэг хариуцлага.  Ардчилсан нам үлдэх нь, маш хүчирхэг байх нь Монголд хэрэгтэй. Тэгэхээр чангахан шиг базчих хүн л хэрэгтэй байгаа. ТЭР ХЭН БЭ? Мэдээж Ардчилсан намын гишүүн бүрт энэ асуултад хариулах дотоод итгэл үнэмшил бий.

Гэхдээ сунгаанд оролцогч таван нэр дэвшигчээс намын даргаар өрсөлдөгчгүйгээр хамгийн олон жил ажилласан Н.Алтанхуяг, болох бүтэхгүйгээрээ дуудуулж ирсэн С.Эрдэнэ нарыг ШИНЭЧЛЭЛ гэж харахгүй байгаа олон хүн байна. Харин бусдынх нь хувьд хор хов, өс хонзон, элдэв муу юманд хутгалдсанаараа энэ хоёрынгоо гүйцэхгүй, бараг л хажууд нь нэр цэвэр юм уудаа.

Н.Алтанхуягийн хувьд  2008 онд намын дарга болсноосоо хойш энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцын хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Түүний хамаатан садан, найз нөхдөө татаж оруулсан өрөө нь өөртэй нь хамт нурж баларч яваа. Энэ хүн дарга болвол АН мөн  л энэ зураг шиг харагдана. 

Ер нь Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар эрх мэдэлд хүрэхээрээ намын залуусаа биш ах, дүү хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ өөд нь татдаг гэдгээ өнгөрсөн жилүүдэд тов тод харуулсан. Тойрон хүрээлэл дундаа зохицуулах чадвар өндөртэй, өөртэй нь олон жил хамт ажилласан хүнээ гомдоодоггүй гэх үгээр тэд өөрсдийн үйлдлийг халхалдаг ч төрийн хүний ёс зүйд байж боломгүй зүйл энэ мөн. Тэдний хамаатан, садан, тойрон хүрээлэгчдээ хоолонд хүргэдэг энэ зан эцэстээ Монголыг хорлоно. Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд эрх мэдэл, албан тушаал, өндөр дүнтэй тендер, төслийг ураг төрлийнхөндөө хувиарлаж, эгч, дүү, хүргэн бэрээ ажилтай болгосон нь үнэн гэвэл үнэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Н.Алтанхуягийн нэг зүйлийг гайхаад байдаг юм. Хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилоод байхдаа яахав дээ. Өөрөө Ерөнхий сайд нь байж” гэж ярьж байсан удаатай. Үнэхээр л гайхмаар шүү.  

С.Эрдэнийн хувьд ч мөн ялгаагүй. Бүхэл бүтэн дүүргийг вант улсаа болгосон хүн Монголд түүнээс өөр байхгүй биз. Нийгмийн даатгалын салбарыг ураг төрлийн мод болгож, өч, төчнөөн мөнгө, төгрөг идэж уусан гэх асуудалд хүртэл унаад буй түүний балаг өнөөдөр Ардчилсан намын бүлгийн толгойг залгихад хүргээд байгаа гэх. Төрийн хүнд байж болохгүй тэдний энэ зан амжилтад хүрэхгүй, аливаа шинэчлэлийг хийж чадахгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай харуулсан.

Харин намыг хэр сайн удирдаж чадах удирдагч вэ гэдгийг тодорхойлолтыг намын гишүүд нь гадарлана. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар хамтарч Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны үйл явцуудыг хаасан гэж үзэх хүмүүс бий. Үндсэндээ Ардчилсан намын шинэчлэл Алтангадас, Шонхор фракцийн эрх мэдэлд орсноос хойш зогссон гэж үзэж болно.Тэдний үед намын Их хурал нэг ч удаа болоогүй ба аливаа шийдвэрийг өөрсдийн түвшинд гаргаж жирийн гишүүд дэмжигчдийнхээ саналыг шалан дээр хөсөр хаях жишгийн суурь тавигдсан. Ардчилсан намын эрх мэдэл Н.Алтанхуягаас З.Энхболдод шилжсэн нь тус намыг долоо дордох эхлэлийг тавьж дотоод ардчилалгүй, дарангуйлал тогтсон нам болгосон. Үр дагаварт нь сонгуульд ялагдаж, үүнийг ухамсарласан жирийн гишүүд нь одоо л намаа шинэчлэхгүй бол болохоо байлаа гэдгийг ил хэлж байгаа юм. Үндсэндээ бол С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, З.Энхболд нараас намаа салгаж авах зорилготойгоор Ардчилсан намын шинэчлэлийг эхлүүлсэн. Гэтэл нөгөөдүүл нь дүрээ хувиргаж орж ирчихээд өнөөх шинэчлэлийг нь хийнэ гээд давхиж байх нь хэр зөв зүйл вэ?

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг хар залуугаасаа зууралдсаных нь төлөө Ардчилсан нам тэдэнд өгдгөө өгсөн. Тэдний хүрээгүй эрх мэдэл, албан тушаал гэж үгүй. Одоо тэдэнд намын гишүүддээ гомдоллох хэн нэгэнд өс санах эрх байхгүй. Унасан, ялагдсан гэвэл тэд л өөрсдөө унах нүхээ ухсан шүү дээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DDD
ALTANHUYG ERDENE 2 BOL LUIVARCHIN
2017/01/24 103.9.90.53
DDDD
UNEN SHDEE
2017/01/24 103.9.90.53
өөө
Та нар ийм зкахиалгатай юм битчиж байдгаа болиоч
2017/01/24 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment