8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Алтантулга: Өмнө нь бүртгүүлээд хүүхдийн мөнгө авч байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-01-25 08:50:00

Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөний журмыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-ны Нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас дараах асуултад хариулт авсан юм. 

-Хүүхдийн мөнгө олгох журамд ямар өөрчлөлт оруулсан бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өмнө нь хүүхдийн мөнгөний санжүүжилт Хүний хөгжил сангаас санжүүждэг байсан. Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох хуулийг батлан гаргасан.  Уг хууль нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн мөнгийг улсын төсвөөс олгодог болж байгаа юм. Шинээр баталсан журамд “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд сар бүр мөнгийг бэлнээр олгоно. Үлдсэн 40 хувь буюу дундаж, түүнээс дээш амьжиргааны төвшинтэй өрхийн хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөн олгоно. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

-Энэ сарын хүүхдийн мөнгө ороогүй болохоор иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдчихлаа гэж ойлгоод байх шиг байна. Журам өөрчлөгдсөн болохоор иргэд дахин банкинд очиж материал бүрдүүлэх шаардлагатай юу? 

-Хүүхдийн мөнгө болох 20000 төгрөгийг тухайн хүүхдийн нэр дээрх данс руу арилжааны 13 банкаар дамжуулан сар бүр олгодог. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд дахин мэдээлэл болон материалаа бүрдүүлж банкинд өгөх шаардлагатай гэсэн буруу ойлголттой байна. Иргэд дахин материал бүрдүүлэх шаардлагагүй. Хэрвээ өмнө нь бүртгүүлээд хүүхдийн мөнгө авч л байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй. Санжүүжилтын асуудлаас үүдэн энэ сарын хүүхдийн мөнгө бага зэрэг хойшилж байна. Энэ сарын сүүлээр эсвэл ирэх хоёрдугаар сард орно. Хоёрдугаар сараас эхлэн сар бүрийн 20-нд олгож эхэлнэ.

 -Зорилтот өрхийн хэчнээн хүүхдүүдэд мөнгөө авч байгаа вэ. 2019 онд хүүхдийн мөнгөө авах өрх дахин материал бүрдүүлэх үү?

-Судалгаанд хамрагдаж буй өрхүүдийн амьжиргааны төвшинг 0-1000 хүртэлх оноогоор эрэмбэлсэн. Хүүхдийн мөнгийг 502-оос бага оноотой өрхийн 660 мянган хүүхдэд сар бүр бэлнээр олгохоор болсон. Мөн одоо олгож байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот өрхийн хүүхдүүдийг мөнгөөр таслахгүй байя гэсэн зорилгын хүрээнд ийм зохицуулалт хийсэн. Амьдралын төвшин гайгүй буюу 502-оо дээш оноо авсан өрхийн хүүхдүүд мөнгийг ирэх 2019 олгоно. Манай яамны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас сар бүр хүүхдийн мөнгийг бэлнээр авах 660 мянган хүүхдийн нэр, 2019 онд авах 400 мянган хүүхдийн нэрс гэж гаргаж Монголбанк руу явуулдаг. Мөнгөө авахгүй байгаа хүүхдүүдийг нэрс мэдээллийн санд хадгалагдаж явж байгаа. Тиймээс дахин банкинд дугаарлаж материал бүрдүүлэх шаардлагагүй.

-Зорилтод бүлэгт орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Иргэд зорилтод бүлэг орсон эсэхээ мэдэхийн тулд харьяа дүүрэг, хорооны нийгмийн ажилтан дээр очоод өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтээ байгаа эсэхээ шалгуулж болно. Мөн http://hudulmur-halamj.gov.mn/ сайт руу ороод хүүхдийнхээ регистрийн дугаар хийгээд мэдээллээ харах боломжтой.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene hugatsaand nasand hursen esbel nas barsan bh tohioldold yah yum bol
2017/01/25 112.72.11.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7