8o
Улаанбаатар хот
mobile menu

​Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017-01-25 09:34:03

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Н.Номтойбаяр нар үг хэлсэн.

УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний нэмэлт зардал гарах талаар лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авч явдаг бөгөөд бэлтгэл чөлөөнд гарах үед нь авч байсан цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл орсон цалингийн нийт хэмжээний 80 хувиар тооцохоор цолны нэмэгдэл тэтгэврийн хэмжээнд багтаж яваа аж.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой гэлээ.

Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм.

Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгон спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн биеийн тамир, спортод төрийн оролцоо давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчлөн спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болгон чадварлаг мэргэшсэн хүний нөөцтэй болох, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, спорт дахь ялгаварлан гадуурхалт, шудрага бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэлээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Цогцолмаа, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Ганболд, С.Жавхлан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment