Манайхан л болсон хойно сонгууль болгоны хойно нэхэл хатуутай томилгоог төрийн байгууллагын бүх шатанд сунжруулан авч хэрэгжүүлдэг нэгэн шинэ уламжлалтай болоод удаж байна. Нэгэнтээ намаар дамжуулж л төрийн эрх мэдлийг авч, бодлогоо хэрэгжүүлэх дэлхийн жишиг байгаа учир төрийн байгууллагын салаа мөчир бүрт л сонгуулийн дараа нэхэл хатуутай томилгоонууд тасардаггүй бохь шиг сунаж сунжран залхуутайгаар явагддаг. Энэ нь эцэстээ хэдхэн хүний танил тал, ах дүү, найз нөхдийн үгсэн хуйвалдах асуудал болдог нь харамсалтай. Тиймээс аль ч улс төрийн хүчин ялалт байгууллаа гэсэн их бага, том жижиг томилгоо хийхдээ “хэнийг”, “хаана” гэдгээ нарийн шүүлтүүрээр шүүж тодруулах нь эргээд тухайн ялагч намдаа гавъяа, гай хоёрын нэгийг дагуулна. Ялангуяа айл өрх бүрт, хүн бүрт, нийт олонд өдөр тутам ямар нэг хэлбэр, хэмжээгээр хүрч байдаг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарууд байна. Үүн дотроо сургууль, боловсрол гэхэд л өдөр бүр аав ээж, эмээ өвөө, ах эгч нарынх нь нүд чих, оюун ухаан, бодол дүгнэлтэд шууд хүрч байдаг салбар. Иймэрхүү нөхцөл байдал өөр салбаруудад ч нөлөөлсөн нь мэдээж... Тэгэхээр аль ч шатны томилгоо чухал. Цэцэрлэгийн багш байсан хүн институтын захирал, хэлтсийн даргаар, барилгын цэргийн улс төрийн ажилтан, шашин, сүм хийдийн санваартан, гэлэнмаанууд, тэднийг ивээн тэтгэгч, зохион байгуулагч нар газар, албадын даргаар томилогдож байв. Энэ бүхэн шинэ цагийн боловсролын гашуун түүх...
Саяхан нийслэлийн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, боловсролын газрын арга зүйч, мэргэжилтнүүд салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож. Тэдний хэлж буйгаар, хийж бүтээсэн гавьтай зүйлгүй нэгэн орчуулагч-даргатай болж түүнийхээ хэлэх ярих үг, хийж буй үйл ажиллагааг багагүй хугацаанд ажигласны эцэст “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт хийжээ. Ажлын эхлэл, явц, одоогийн нөхцөл байдлын талаар дараах зүйлийг нийслэлийн захирал, эрхлэгчид тодотгон авч үзэж байх юм.
Үүнд:
- Тэнцэхгүй хүн маань багшилж үзээгүй, хичээл сургалт гэж юу байдгийг огт мэдэхгүй, дор хаяж менежер, удирдах түвшний ажлын төсөөлөлгүй учир олон мянган багш, удирдлагыг манлайлан чиглүүлж чадахгүй гэдэг нь өнгөрсөн 6 сард тодорхой болов.
- Хариуцсан ажлаа сайн мэдэхгүй, салбарынхаа талаар төсөөлөл төдий хүн мэдээж хэрэг өөрийн таньж мэдэх, өрөөлийн хэлж зөвлөх дохио зангаагаар явахаас хэтрэхгүй. Өнгөрсөн хугацаанд өөрийн удирдлагын бүтцийг 4 хэлтэс, 2 орлогч, 1 дарга байхаар дүрэм боловсруулж батлуулан ажиллаж байна. Салбарын гол онцлогийг өөрт агуулсан “Сургалт арга зүйн хэлтэс”-ийг “Бодлого зохицуулалтын хэлтэс” болгон өөрчилсөн нь мэргэжил арга зүйн удирдлагыг сарниулж саармагжуулан, эзэнгүйдэх байдалд оруулжээ. Энэ мэт жишээ олныг дурдаж болно.
- Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөнөөс хойш 96 жилийн турш уламжлал болон тогтмол зохион байгуулагддаг багш нарын “Бага хурал, семинар” өнгөрсөн 8-р сард болоогүй нь анхны тохиолдол байлаа. Өмнөх хичээлийн жилийн ололт, амжилт, алдаа дутагдлыг мэргэжлийн үүднээс дүгнэж цэгнэж, ирэх хичээлийн жилийн бодлого, зорилтыг тодорхойлдог чухал үйл явдлын нэг нь энэхүү бага хурал, зөвлөгөөн байсан юм. Үүгээр ч зогсохгүй “тэнцэхгүй” хүн, түүний аппарат томилогдсоноосоо хойш сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагын ажил төрлийн уулзалт, цугларалтыг огт хийхгүй явсаар саяхан 12-р сард л өөрсдийгөө танилцуулах төдийгөөр аргацааж өнгөрөөж байх юм. Сургууль, цэцэрлэгээ мэргэжлийн удирлагаар хангах, тэдний ажилд үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гээд олон ажлууд үгүйлэгдсээр...
- Хотын боловсролын дарга гэж хэн гэдэг хүн, юу хийж байгааг мэдэхгүй багш нар олон. Сургууль, цэцэрлэгийн 500 удирдлагыг цуглуулаад ажил төрлөө ярьдаггүй юмаа гэхэд ядаж багш нартай уулзаад санал бодлыг нь сонсож ажилдаа тусган хэрэгжүүлэх асар их боломж, цаг хугацааг дэмий шахам өнгөрөөж байна. Өөрөөр хэлбэр бухын доодохын үлгэр л гэсэн үг. Энэ байдлыг илчлэн хэлэх, үлгэрлэн дагуулах чадвартай салбарын хүмүүсээс дөлж зугтаад байгаа нь цаашид нөхцөл байдлыг засч сайжруулах боломжийг олгохгүй нь ойлгомжтой.
- Мөнгө санхүүгийн хувьд ч түүний ойрын хүрээллийн, гарын дор нөхөд нь хоорондоо зөрчилтэй, бие биенийгээ сэжиглэсэн уур амьсгалтай байх атлаа бололцоо гарвал тохиролцон хуваалцах сонирхолтой. Энэ бүхнээ, хэн нэгэн дарга, эсвэл нам нь “мөнгө босго” гээд шаарддаг хэмээн тайлбарладаг ажээ.
- Төрийн албаны зөвлөлөөс удирдах ажилтны сонгон шалгаруулалтын талаар зарласан зарын 5 дахь хэсэгт “...Нийслэлийн Боловсролын даргын ажил мэргэжлийн шаардлагад дараах зүйлүүдийг тодотгосон байна. Тухайлбал:
- Нийгмийн ухааны багш мэргэжилтэй байх
- 10-аас доошгүй жил төрийн албанд ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жилд төрийн захиргааны албанд ажилласан байх
- Аль нэг гадаад хэлний дээд түвшний мэдлэгтэй байх
- Англи хэлний мэдлэгийн түвшингээ TOEIC төвд тогтоолгож гэрчилгээ авсан байх зэргээр зөвхөн тухайн нэг хүний нөхцөл боломжид суурилсан, хэт явцуу утга чанартай, тамир муу, ядруу хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн асуудал болжээ. Одоогийн дарга өөрөө солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй учир үүндээ тааруулж байгаа бололтой.
Энэ мэтээр боловсролын салбар, түүний дотор хамгийн том хэсэг нь болсон (хүн амын 50 хувь оршин суудаг) нийслэлд л гэхэд хөл толгойгоо алдсан, зүг чиг, хэм хэмжээгээ зөрчсөн, хувийн эрх ашиг нь хэтийдсэн харалган бодлого шийдвэр гарч байгаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар бодитой дүгнэлт хийж засаж залруулбал зохилтой. Эс бөгөөс хожмын өдөр хариуцлага хүлээх нь нийслэлийн удирдлага (Ц.Сандуй, С.Батболд), түүнийг нэр дэвшүүлэн томилсон МАН-ын нэр хүнд, үйл ажиллагаа байх болно.
Боловсролын ахмад ажилтан Г.Бадамгүр