8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Орон нутагт “давхар дээл"-тнүүдийг бий болгох оролдлого хийж байна

2017-01-25 13:30:49

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэв.

УИХ-аар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Иймд тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдыг хамруулах нь зүйтэй хэмээн бүлэг үзсэн байна. Энэ хүрээнд үндсэн болон дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд бүлгийн дарга С.Эрдэнэ, "1990 оны цагаан морин жилийн хувьсгал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалтай дүйүцэхүйц үйл явдал байсан тул ардчиллын анхдагчдад төр анхаарлаа хандуулах цаг нь болсон. Шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавьяа зүтгэлийг үнэлэх ажлыг УИХ дахь АН-ын бүлэг ийнхүү эхлүүлж байна" хэмээв.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ тухайд С.Эрдэнэ, "Хуулийн төсөлд улстөрийн албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг давхар хашиж болдог болохоор тусгасан байна. Үүгээрээ орон нутагт “давхар дээл”-тэй албан тушаалтнуудыг бий болгох гэсэн оролдлого хийж байна. Хууль баталснаар төрийн албан хаагчдыг одоогийнхоос өргөн хүрээтэй хоморголон халах болно. 2016 оны байдлаар 168 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан бол МАН төрийн эрхийг авсан 6 сарын хугацаанд 187 мянга болж өссөн. Өөрөөр хэлбэл зургаан сарын хугацаанд төрийн албан хаагчийн тоо 20 мянгаар өсчээ. Хоёрдугаарт 29 мянган төрийн албан хаагч улстөрийн шалтгаанаар халагдсан. Ингэснээр МАН өнгөрсөн хугацаанд 50 мянган хүнийг төрийн албанд авсан нь улстөрийн хэлмэгдүүлэлт. Иймд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэхүү үйл явцыг таслан зогсоохын төлөө ажиллах болно" гэлээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг энгийн хувьцааг худалдан авсан тухайд хийсэн ажлын санал дүгнэлтийг авч хэлэлцээд дараагийн бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болжээ. Мөн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахтай холбоотой ажлын хэсгийг бүлгээс байгуулсан аж.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment